АНУ-тай хамтарч авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх сургалт зохион байгуулж байна

“Авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх””  сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Холбооны мөрдөх товчоотой хамтран 2019 оны 08 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд “Авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Монгол Улсын цагдаагийн байгууллага алба хаагчдаа мэргэшүүлэх, ялангуяа мөнгө угаах, цахим гэмт хэрэг, терроризм зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудтай байнга хамтран ажилладаг билээ.

Бид хамтын ажиллагааны хүрээнд Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран тодорхой сургалтуудыг амжилттай зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалтыг Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагч, ажилтнуудыг хамруулан зохион байгуулж байгаагаар онцлогтой.

Энэхүү сургалтад БНХАУ-ын нийслэл Бээжин дэх Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны Бүс нутгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стивэн Айван, туслах ажилтан Мэйсон Дрью, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Тимоти Рийд, Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд аттаще Жефри Коллинс нар болон Холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгчид туршлага солилцон ажиллах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)