АНУ Орост дахин хориг тавилаа

Их Британийн Солсбери хотод Оросын тагнуулч асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар хордсон хэрэгтэй холбогдуулан Вашингтон ОХУ-д зэвсэг, давхар зориулалттай бараа болон технологи худалдахыг бүрэн хориглож, санхүүгийн хэд хэдэн хязгаарлалт хийжээ. Өнөөдрөөс хэрэгжиж буй уг хориг нэмж дарамт болохоос өөр зүйлгүй гэж ОХУ-ын ГХЯ-наас мэдэгдсэн байна. Мөн тус улсын эдийн засагт ч заналхийлэхгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Гэсэн ч Оросын Аж үйлдвэр, худалдааны яам хариу арга хэмжээ авахад бэлэн байна. Хими, биологийн зэвсэгт тавих хяналтын тухай 1991 оны хуулийн хүрээнд нэмэлт хоригийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх аж. Хориг арга хэмжээ нэмж авсны улмаас зах зээл тийм ч тогтвортой бус байгааг эдийн засагчид мэдээлжээ. “Nordea” банкны илтгэлээс үзвэл рублийн ханш өнгөрсөн өдрүүдэд буурах хандлагатай байжээ.

Эхний шатанд АНУ урьд авсны адил зэвсэг, давхар зориулалттай бараа болон технологид хориг тавьсан. Энэ хүрээнд цэргийн цахилгаан техник, тийрэлтэт хөдөлгүүр, нисгэгчгүй аппарат зэрэг 21 бүлэг барааны жагсаалт гаргажээ. Тэрчлэн уг хоригийн хүрээнд Орост санхүүгийн тусламж үзүүлэхийг хориглосон байна. АНУ-аас ОХУ-д өнгөрсөн онд 752 сая долларын цахилгаан хэрэгсэл болон төхөөрөмж нийлүүлсэн аж. Мөн батлан хамгаалахын хэрэгцээнд ашиглаж болох, 3.6 тэрбум долларын нууц кодны үйлчилгээ болон бараа худалджээ.

Харин 1991 оны хуулийн дагуу АНУ-ын эрх баригчид гурван сарын дараа ОХУ-д илүү чанга хориг тавьж магадгүй. Энэ хүрээнд тус хоёр улс харилцан экспортоо эрс хязгаарлах бололтой. Цаашид химийн зэвсэг үйлдвэрлэхгүй, ашиглахгүй гэсэн баталгааг ОХУ гаргаж өгөхгүй бол хориг арга хэмжээний хоёр дахь шатыг хэрэгжүүлж болзошгүй. Мөн үйлдвэрүүддээ олон улсын ажиглагчдыг нэвтрүүлэх нь бас нэг болзол байх аж.

Үүнийг зөвшөөрөхгүй бол АНУ арваннэгдүгээр сарын эцсээр дараагийн хоригоо тавина. Тодруулбал, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн биш бол Оросын Засгийн газарт зээл олгохыг Америкийн банкуудад хориглох, Харилцан худалдаа хийхийг бараг бүрэн хориглох, дипломат харилцааг хязгаарлах, эсвэл түр зогсоох, агаарын харилцааг хориглох арга хэмжээ авч болзошгүй юм.

Энэ оны эхний зургаан сард Орос, АНУ хоорондын бараа эргэлт 11.8, өнгөрсөн онд 23 тэрбум доллар байв. Оросоос Америкт нефть, нефтийн бүтээгдэхүүн голдуу нийлүүлжээ. АНУ-аас Орост хамгийн өндөр үнийн дүнтэй нийлүүлсэн нь нууц кодтой холбоотой бараа, үйлчилгээ гэнэ.

С.Скрипалийн хэргийн хүрээнд АНУ-ын тавьсан болзлууд биелэгдэх боломжгүйг ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков хэдийн мэдэгдсэн. “Хориг арга хэмжээний хариуд цахилгаан бараагаа АНУ-аас бус, Азиас авч болох юм” гэж Оросын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)