АНУ, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт болно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын Төрийн тэргүүн Мүн Жэ Ин нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 10-11-нд Вашингтонд болно. Энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар зөвшилцөлд хүрч чадаагүй Ханойн уулзалтаас хойш нэг сар хагасын дараа болж буйгаараа онцлог юм.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

“Удирдагчид олон улсын болон хоёр талын асуудлаар хэлэлцээ хийхдээ Вашингтон, Сөүл хоорондын эвслийг бэхжүүлэх, цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах замаар Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох байр сууриа зохицуулах асуудлыг авч үзнэ” гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө болох Хөх ордноос мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжиллаа. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерсын мэдэгдсэнээр хоёр удирдагч юуны түрүүнд БНАСАУ-ын пуужин болон цөмийн зэвсгийн хөтөлбөрийг тойрсон үйл явдал хэрхэн өрнөж буйг хэлэлцэх аж.

БНАСАУ ЯАГААД ГОЛ АСУУДАЛ БОЛОВ

Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хооронд Сингапурт 2017 оны зургадугаар сард болсон анхны уулзалтаас ялгаатай нь Ханойд тунхаг бичигт гарын үсэг зураагүй, Төрийн тэргүүн нар хамтарсан зоог барьснаар хэлэлцээ өндөрлөсөн. Дээд хэмжээний уулзалт анхных шигээ амжилттай болоогүй төдийгүй Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл хэрэг зогсонги байдалд орсон юм.

Ийм нөхцөлд Д.Трамп ч, БНСУ-ын удирдагч Мүн Жэ Ин ч үйл явцыг түргэтгэх сонирхолтой буйгаа илэрхийлжээ. Ирэх жил улиран сонгогдохоор төлөвлөж буй Ерөнхийлөгч Д.Трамп Пёньянтай харилцан ашигтай хэлэлцээр байгуулбал сонгогчдоос дэмжлэг авах боломжтой. Харин Солонгос хоорондын хамтын ажиллагааны хөгжил удааширсны улмаас нэр хүнд нь унасан Мүн Жэ Ин АНУ, БНАСАУ-ын харилцааг сайжруулахыг хүсэж байна.

АНУ, БНСУ-ын удирдагчид уулзах гэж буй тухай мэдээтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын KBS телевизийн уламжилснаар Пёньянд цөмийн хөтөлбөртэй нь холбоотой 104 объект байдгаас 40-ийг нь хаах ёстой байсан. Пуужингийн туршилтын Сохэ талбайгаа Пёньян сэргээж бараг дууссан тухай БНСУ-ын тагнуулчид мэдээлснийг тус телевиз тэмдэглэжээ.

ШИНЖЭЭЧДИЙН ХҮЛЭЭЛТ

Вашингтонд байрладаг, Шинэ Америкийн аюулгүй байдлын төвийн шинжээч Дуйон Кимийн үзэж буйгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Солонгос хоорондын эдийн засгийн төслүүд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхийн тулд БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах сонирхолтой байна. Тэгвэл АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан Минтаро Оба “NK news” цахим хуудсанд ярилцлага өгөхдөө удахгүй болох уулзалт нь “Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш гол зөвлөхүүдээсээ гадна хэн нэгний санаа бодлыг сонсох анхны бодитой боломж юм” гэжээ.

Үүний сацуу цөмийн зэвсгээсээ бүрэн ангижирсных нь дараа БНАСАУ-д авсан хориг арга хэмжээнүүдийг цуцална гэсэн Вашингтоны хатуу байр суурийн оронд шат дараатай хэрэгжүүлэх цогц шийдвэр гаргахыг БНСУ-ын тал шаардана гэж Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан Сөүлийн тусгай төлөөлөгч И До Хун хэлснийг “New York times” сонинд эш татсан байна.

Нөгөөтээгүүр, цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээнд түлхэц өгөхийн тулд БНАСАУ-д авсан нэмэлт хориг арга хэмжээнүүдийг цуцлах үүрэг өгснөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа бичжээ. Гэхдээ ямар хориг арга хэмжээг цуцлах болсноо тодруулаагүй аж. Тэрбээр Флорида муж улсдаа сэтгүүлчдийн өмнө үг хэлэхдээ Умард Солонгосын удирдагчтай маш сайн ойлголцолд хүрснээ мэдэгджээ. Тус улсын иргэд их зовж буй учир одоо нэмж хориг арга хэмжээ авах шаардлагагүй хэмээн тэрбээр үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)