АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний ээлжит уулзалтад Ким Жөн Ун бэлэн

Трамп Ким Жөн Ун

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилалт дууссаны дараа Америк, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт хийхэд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун бэлэн гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүн Дональд Трамп мэдэгдлээ. “Ким Жөн Ун илгээсэн захидалдаа ийн мэдэгдлээ. Урт захидлын дийлэнх хэсэгт утгагүй бөгөөд зардал ихтэй сургуулилалтад гомдоллосон байв” гэж Америкийн удирдагч твиттер хуудсандаа бичжээ. Тэрчлэн ойрын тусгалтай пуужин туршиж байгаадаа Ким Жөн Ун хүлцэл өчсөнийг Д.Трамп онцлон тэмдэглэсэн байна. Сургуулилалт дуусахаар пуужин турших ажиллагаагаа зогсоох гэнэ. “Ким Жөн Унтай тун удахгүй хийх уулзалтаа тэсэн ядан хүлээж байна” гэж Америкийн удирдагч тэмдэглээд, Пёньян цөмийн зэвсгээс татгалзвал БНАСАУ дэлхийд хамгийн их амжилт олсон улсуудын нэг болохыг онцолжээ.

Америк, Умард Солонгосын түүхэн дээд хэмжээний анхны уулзалт 2018 оны зургадугаар сард Сингапурт болж, хамтарсан баримт бичиг баталсан билээ. Тэр үед Пёньян Вашингтоныг аюулгүй байдлын баталгаа гаргавал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар үүрэг хүлээхээ мэдэгдсэн юм. Дээд хэмжээний хоёр дахь уулзалт өнгөрсөн хоёрдугаар сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханойд болж, Д.Трамп, Ким Жөн Ун нар нүүр тулан хэд хэдэн уулзалт хийсэн ч тохиролцоонд хүрч, хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй. Өнгөрсөн зургадугаар сарын 30-нд дээд хэмжээний гурав дахь уулзалт БНАСАУ, БНСУ-ын хил дээрх цэрэггүй бүсэд болсон. Эл уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэхдээ талууд ажил хэргийн түвшний хэлэлцээгээ удахгүй сэргээнэ хэмээн найдаж буйгаа мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч БНАСАУ өнгөрсөн бямба гарагт удирдагч Ким Жөн Уны удирдлага доор шинэ зэвсэг туршсан тухай Төв цахилгаан мэдээний агентлаг нь мэдээллээ. Тус улсын газар нутгийн онцлогт нийцүүлэн бүтээсэн шинэ зэвсэг нь хуучнаас тактикийн ашигтай үзүүлэлтүүдээрээ давуу гэнэ. Туршилтын үр дүнд Ким Жөн Ун сэтгэл хангалуун байжээ. Шинэ зэвсэг буюу пуужин нь ойрын тусгалтай бөгөөд 400 км зам туулж, 48 км өндөрт гарах чадалтай аж.

Сүүлийн хоёр долоо хоногт умард солонгосчуудын хийсэн тав дахь туршилт нь энэ. Тактикийн залуурт пуужингууд Япон тэнгис дэх байг амжилттай устгасан тухай БНАСАУ-аас мэдээлж байна. Эдгээр туршилт нь Өмнөд Солонгос болон АНУ цэргийн хамтарсан сургуулилалт хийж буйтай холбоотой анхааруулга болохыг пуужин харвах бүрт ажиглаж байгаа Ким Жөн Ун мэдэгдсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)