АНУ-аас их хэмжээний марихуан хүлээн авсан залууг саатууллаа

АНУ-ын Вашингтоноос манай улс руу их хэмжээний марихуан илгээснийг тагнуулын ажилтнууд гаалийнхантай хамтран илрүүлж, хүлээн авагчийг нь саатуулан шалгаж эхэллээ. Энэ сарын 17-нд Төв шуудангийн Олон улсын шуудан илгээмжийн газарт ирсэн гоо сайхны бүтээгдэхүүн дунд шампунийн савтай марихуаны тос байсныг гаалийнхан нягтлаад мансууруулах бодис байгааг тогтоон тагнуулынханд мэдэгдсэн аж.

Илгээгч нь АНУ-ын иргэн байсан бол хүлээн авагч нь манай улсын иргэн 25 настай залуу байжээ. Тагнуулынхан түүнийг саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд өмнө нь ийм аргаар мансууруулах бодис хилээр оруулж ирсэн, эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хоёр хөршөөсөө болон уг хоёр улсаар дамжуулан Малайз, Сингапур, АНУ зэрэг орноос нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдол өмнө нь гарч байсан. Тодруулбал, шуудангийн марканд уусгасан бодис илгээмжээр оруулж ирсэн тохиолдол гарч байсан билээ.

Мансууруулах бодис борлуулдаг бүлэглэлүүд интернэт, буухиа шуудан ашиглах нь нэмэгдэж буйг анхааралдаа авсан тагнуулынхан Монгол руу марихуан илгээх гэж буй мэдээлэл нэлээд эртнээс авсан байсан бололтой.


Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)