АНУ-аас авдаг зарим бараагаа Хятад улс нэмэлт татвараас чөлөөлнө

АНУ-аас импортолдог зарим бараагаа энэ сарын 19-нөөс нэмэлт татвараас чөлөөлнө гэж БНХАУ-ын Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, изотоп, газрын ховор металл зэрэг 79 барааг ийм татвараас чөлөөлөх аж.

Хятад улстай байгуулсан худалдааны гэрээгээ эргэн авч үзэхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэн юм. Вашингтон болон Бээжин энэ оны нэгдүгээр сард зарим тохиролцоонд хүрсэн билээ. БНХАУ худалдааны гэрээний тухай хэлэлцээгээ сэргээхийг хүсэж буй тухай мэдээллийн талаар тайлбар өгөхийг сэтгүүлчид түүнээс хүсэхэд “Хэдийн байгуулсан баримт бичгийн дагуу тэд ажиллаж чадах, эсэхийг харъя” хэмээн хариулсныг “France-presse” агентлаг уламжилжээ.

Гэрээнд АНУ-ын зүгээс БНХАУ-тай 2017 оны эцсээр байгуулсан худалдааны гаалийн тарифт шилжиж, Хятад улс ч Америкийн экспортоос авдаг татвараа бууруулахыг санал болгосон аж.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэ, худалдааны хэлэлцээнд оролцдог АНУ-ын төлөөлөгч Роберт Лайтхайзер нар утсаар ярьж, энэ оны нэгдүгээр сард байгуулсан худалдааны гэрээгээ хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхээр тохиролцсон. Утсаар ярихад АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мөн оролцжээ. Тэд дэлхий даяар цар тахал тархсан энэ үед макро эдийн засаг, эрүүл мэндийн асуудлаар хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхээр тохиролцсон аж.

АНУ болон Хятад хоорондын худалдааны хэлэлцээний эхний үеийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Вашингтонд болсон. Үүнд Хятад улс эхний жилд АНУ-аас худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг 76.7, хоёр дахь жилд уг үзүүлэлтийг 123.3 тэрбум доллароор нэмэхээр тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)