АНКАРАД БУУЛГАСАН СИРИЙН ОНГОЦНЫ АЧААГ ХУРААЖЭЭ

Туркийн агаарын цэргийн хүчний саатуулсан Сирийн зорчигч тээврийн онгоц Анкарагаас Дамаск руу энэ сарын 11-нд шилжих шөнө ниссэн болохыг “Интерфакс” мэдээлэв. Туркийн нийслэлийн нисэх онгоцны буудалд есөн цаг саатсан Сирийн агаарын тээврийн “Syrian Air” компанийн “А-320” аэробус орон нутгийнхаар 02.30 цагт эх орон руугаа хөөрчээ. Москвагаас Дамаск орохоор явсан онгоцыг Туркийн агаарын цэргийн хүчний ”F-16” загварын хоёр сөнөөгч “баривчлан”, лхагва гаригт 17.15 цагт Анкарагийн нисэх онгоцны буудалд буулгажээ. Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутолугийн мэдээлснээр, Сирийн онгоцонд тээвэрлэж явсан ачааг шалгахын тулд ийм арга хэмжээ авсан аж.

Иргэний агаарын тээврийн шаардлагад үл нийцэх зүйл буюу зэвсэг уг нислэгээр авч яваа байж болзошгүй гэсэн мэдээлэл Туркийн эрх баригчдын сонорт хүрсэн юм байна. 180 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аэробусанд ердөө 35 хүн явсны 17 нь Оросын харьяат болохыг ОХУ-ын Гадаад хэргийн яамны нэрийг нь дурдаагүй эх сурвалж хэлжээ. “А-320”-ийг Анкарад саатуулсны дараа Туркт суугаа Оросын ЭСЯ-ны ажилтнууд онгоцны буудалд ирсэн ч зорчигчидтойгоо уулзаж амжаагүй гэнэ. Учир нь, онгоц хөөрөхөд бараг бэлэн болчихсон байжээ. Аэробусанд авч явсан ачааг Туркийн тал Анкарагийн буудлын ачаа тээшний хэсэгт шалгаж үзээд хурааж авсан байна.

Туркийн NTV телевизийн мэдээлснээр бол, энэ нь пуужин угсрахад хэрэглэгдэх сэлбэг байсан байж болзошгүй нь. Харин “Интерфакс” Туркийн “Cumhuriyet” сониноос иш татахдаа “харилцаа холбооны тоног төхөөрөмж, радио хүлээн авагч” байсан гэжээ. Цэргийн зориулалтаар хэрэглэдэг радиостанцын сэлбэг хэрэгсэл тээвэрлэж явсан байж болзошгүй хэмээн Туркийн зарим хэвлэлд мэдээлжээ. Сирийн цэргийн хүнд их бууны галлалтад өртөж өнгөрсөн долоо хоногт Туркийн таван иргэн амь үрэгдсэний дараа тус хоёр орны хооронд харилцаа хурцдаад байгаа юм. Энэ явдал 19 сарын өмнө Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг бослого эхэлснээс хойш анх удаа Туркийн армийг Сири рүү гал нээхэд хүргэсэн.


 Х.ЭНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)