Анита Цой

Хүн болгон зорилготой байдаг биз. Харин зорилгодоо хүрдэг нь цөөхөн. Замд тохиолдох саад бэрхшээлийг давах, сэтгэлийн хат, хөдөлмөрч шаргуу зан, зориг тэвчээр тэр болгонд заяадаггүй нь харамсалтай. Бид та бүхэнд өнөөдөр энэхүү эрхэм чанаруудыг шавилхан биедээ шингээсэн авьяаслаг дуучин Анита Цойн тухай өгүүлэх болно.

Оросын нэртэй оддыг оролцуулсан телевизийн хэд хэдэн төслүүдийг үзэж суухад бараг ихэнхэд нь дуучин Анита Цой оролцжээ. Түүнд чадахгүй зүйл гэж үгүй бололтой. Мөсөн дээр бүжиглэж, машинаар уралдаж, циркийн адар дор дүүлэн нисэхдээ дуучин бүсгүй мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй гүйцэтгэхийн зэрэгцээ айдас хэмээх мэдрэмж түүнд байдаггүй мэт санагдана. Хоорондоо эрс тэс ялгаатай дэлхийн агуу одууд болох Тина Тернер, Бионси, Шакира нарыг яг дууриаж дуулах нь Анитад юу ч биш аж.

Авьяасаас гадна чухам энэ л дайчин чанараараа солонгос бүсгүй Оросын эстрадын тайзнаа хорь шахам жил од болон гялалзаж яваа болов уу. Энэ нь ази гаралтай дуучид Европод нэрд гарч, од болох нь бараг үгүй нөхцөлд шүү. Энэ өндөрлөгт хүрэхэд тэрбээр бусдаас хэдэн арав дахин илүү хүч хөдөлмөр зарцуулсан амаргүй замыг туулсан нь ойлгомжтой.IFrame

Тэрбээр 1971 онд Москвад төрсөн. Түүний судсаар солонгос, үзбек цус гүйх ч хамаатнуудаа төдийлөн сайн мэддэггүй аж. Багаас нь өдий хүртэл хамгийн ойр байсан хүн нь түүний ээж Юн Элиоз Санхымовна байлаа. Анитаг хоёр настай байхад эцэг нь эхнэр хүүхдүүдээ хаян оджээ. Шалтгаан нь хүү биш охин төрсөнд байв. Хэдий эцэг нь Анитаг өсөж том болоход нь хуруу хөдөлгөөгүй ч дуучин бүсгүй эцгийгээ хэзээ нэгэн цагт өөр дээр нь ирнэ гэж найдсаар байжээ.

“Аавыгаа хайж олох хүсэл надад маш их байсан. Тэгээд олсон л доо. Аав маань намайг харж баярлаад “Охин минь би чамд хайртай. Чамайг ямар их хүлээв” гэж хэлэх байх хэмээн хүлээж байсан. Гэтэл үүний оронд “Чамайг ямар хүнтэй суухыг чинь мэдсэн бол би ээжээс чинь хэзээ ч салахгүй байсан юм. Нөхөр чинь намайг гайгүй ажилд оруулаад өгнө биз дээ” гэж л дуугарсан. Өөр юу ч хэлээгүй. Аавыгаа олон жил хүлээсэн сэтгэл рүү минь хүйтэн ус цацах шиг болсон доо. Бид дахиж уулзаагүй. Гэхдээ нэг л өдөр “охин минь чи надад хэрэгтэй шүү” гэсээр аав минь хүрээд ирнэ гэж би мөрөөдсөн хэвээр байгаа” гэж Анита сэтгэлээ нээн хэлсэн байдаг.

Эцэггүй өссөн нь түүний бага насны ганцхан зовлон биш байв. Эрдэм шинжилгээний ажил хийдэг ээжийнх нь өчүүхэн цалин гэр бүлээ тэжээж хүрэлцдэггүй байжээ. Хооллолтын асуудлаас болж Анитагийн бодисын солилцоонд өөрчлөлт орон, охин ямар ч шалтгаангүйгээр жин нэмэх болжээ. Энэ нь ямар нэгэн хэмжээгээр Анитагийн бага нас найз нөхөдгүй өнгөрсний томоохон шалтгаан болсон аж. Тарган, дээрээс нь ази царайтай түүнийг анги сургуульд нь үргэлж гоочилдог байв. Ганцаардсан хүүхэд юу хийх вэ. Ном уншина, зураг зурна бас . . .

Хөгжим бол бяцхан Анитагийн хамгийн дотны анд нь болжээ. Тэрбээр өдөржингөө дуу дуулж, лимбэ үлээж, төгөлдөр хуур, гитар тоглоно. Анхныхаа дууг Анита гуравдугаар ангидаа зохиосон гэдэг. Ингэхэд дуучин бүсгүй маань арван жилдээ дунд сурлагатай байсан гэнэ лээ шүү. Дунд сурлагатнуудын тухай тэрбээр “Би дунд сурлагатангуудад хичнээн хайртай гэж бодно. Чухам энэ л хүмүүс амьдралдаа их зүйлд хүрдэг гэдэгт би итгэлтэй байдаг. Дандаа биш байж болох ч 3 хүний 2 нь бол гарцаагүй. Яагаад хүүхдүүд дунд сурдаг вэ гэвэл ихэнх тохиолдолд тэдэнд сонирхолтой биш байдаг. Тэдний бодол санаа өөр зүйлээр дүүрсэн байдаг. Харин сонирхолтой зүйлээ олж чадвал тэр дундчуул чинь ёстой үзүүлж өгнө дөө...” гэжээ.

Ази царай зүс, тарган бие хаатай Анитаг үргэлж шоглож, тохуурхана. Зэрэгцээ ангид нь Алла Пугачевагийн охин Кристина Орбакайтегээс авахуулаад алдартай хүмүүсийн олон хүүхдүүд суралцдаг байлаа. Багш сурагчидгүй тэдэнд хандах хандлага, солонгос гаралтай тарган охинд хандах хоёр өдөр шөнө шиг ялгаатай байв. Гэхдээ Анита өөрийг нь шоглосон болгонд хатуухан хариу барьж чаддаг байжээ. Яс үндсээр ялгаварлан гадуурхах явдалтай байнга тулгарах Анита сургуулиа төгсөөд хуульч болохоор хатуу шийджээ. Москвагийн Их сургуулийн элсэлтийн шалтагалтыг амжилттай өгөөд нэр хүндтэй эл сургуулийн хуулийн ангид орж суралцсан аж. Энд Анита ирээдүйн хань Сергей Цойтой танилцсан байдаг.

Тэгэхэд Сергей нэртэй улс төрч, бизнесмэн болоогүй байв. Анита шиг солонгос гаралтай жирийн л оюутан залуу байлаа. Сергейд Анита анхнаасаа л таалагджээ. Харин бүсгүй Цойг төдийлэн тоосонгүй. Тэрбээр шаргал үстэй, цэнхэр нүдтэй, нуруулаг залууг мөрөөдөж байсан юм чинь аргагүй шүү дээ. Харин Анитагийн ээж Сергейг маш ихээр таалсан байна. Тэрбээр охиноо хатуу чанга, солонгос заншлаар хүмүүжүүлсэн тул ирээдүйн ханийг нь хүртэл сонгож өгсөн аж. Анита тийм ч хүлцэнгүй охин байсангүй. Хэд хэдэн удаа цүнхтэй хувцсаа аван гэрийнхээ хаалгыг савж одсон ч очих газаргүй тэрбээр хэд хоногийн дараа эргээд ирдэг аж.

Амиа хорлоно ч гэж ээжийгээ айлгаж үзэж. Эцсийн эцэст ёс ёмбогор, төр төмбөгөр гэгчээр заншлаа дагах болжээ. Хосууд хурим хийтлээ бие биенээ та гэж гуайлж, гэрлээд хоёр долоо хоног эхнэр нөхөр хоёр тус тусдаа унтах нь солонгосын ёс. Анита энэ ёсыг ч дагасан байна. Одоо ч гэсэн тэрбээр хаяа нөхрөөсөө тусдаа унтах дуртай аж. Учир нь тэр нөхрийнхөө хурхирахыг, нөхөр нь түүний дуу зохион гитар балбахыг сонсдоггүй аж. Их л ухаалаг шийдвэр юм.

Анита Москвагийн Их сургуульд хоёр жил суралцаад сургуулиасаа гарчээ. Учир нь тэрбээр бие давхар болсон байв. Бие давхар солонгос эмэгтэй ээж болохдоо сайтар бэлдэх ёстой. Хүү төрсөн явдал одоо ч гэсэн Анитагийн хувьд амьдралынх нь хамгийн аз жаргалтай мөч ажээ. Харин төрсний дараа түүний жин бараг 100 кг хүрсэн нь том асуудлын нэг болжээ. Анита нөхрийнхөө харцнаас өөрийг нь гэсэн хүсэл сонирхол унтарч байгааг мэдэрч байв.

Үүнээс болж хэрүүл ч тасраахаа больж. “Миний гэрлэсэн тэр турьхан охин хаашаа алга болчихсон юм бэ” гэсэн нөхрийнх нь энэ хэдэн үг Анитаг цохиод авчих шиг болжээ.Турахын тулд Анитад хэрэглэж үзээгүй зүйл бараг үлдээгүй гэдэг. Эм тариа, бариа иллэг, зүү тавиур, өлсгөлөн гээд бүх аргыг оролджээ. Эцэст нь өөрийн гэсэн аргачлалтай болсноор илүүдэл жингээсээ салж чадсан байна. “Хамгийн гол нь маш хүчтэй учир шалтгаан байх хэрэгтэй. Энэ чамд ямар хэрэгтэй юм бэ гэдгийг чи сайн тодорхойлсон байх ёстой. Миний үр дүнг хараад нөхөр маань цочролд орсон гэж болно. Хайр дурлалынхаа төлөө хүн ямар нэгэн зүйлээ золиослох хэрэгтэй юм гэдгийг би тэгэхэд ойлгосон. Чамайг хайрладаг хүмүүсийг гайхашруулж чадаж байх хэрэгтэй. Үгүй бол чи удахгүй хэнд ч сонирхолгүй болно” гэж дуучин бүсгүй ярьсан байна.

1990 оноос эхлээд Анита Солонгосын пресвитарианы сүмийн найрал дуунд дуулдаг байжээ. Энэ л үед тэрбээр амьдралаа хөгжмийн урлагтай холбохоор шийдсэн аж. Мэргэжлийн дуучин болохын тулд Анита Театрын Их сургуулийн дуулаачийн ангид элсэлт өгсөн байна. Бас анхныхаа цомгийг гаргах мөнгийг бага багаар цуглуулж эхэлжээ. Эхлээд Анита нөхрөөсөө мөнгө гуйсан боловч нөхөр нь татгалзсан аж.

Сергейд эхнэрийнх нь зорилго таалагдаагүй байна. Гэвч Анита бууж өгсөнгүй. Өмнөд Солонгост амьдардаг холын хамаатнууд дээрээ очих нэрийдлээр нөхрөөсөө ямар ч байсан 3 мянган доллар салгаж чаджээ. Тэр мөнгөөрөө Анита Солонгосоос бараа авчирч зардаг болов. Гурван жил “гахай үүрэн” ганзагын наймаа хийсний эцэст 3 мянган доллар 40 мянга болон өссөн байна. Энэ бүх мөнгийг Анита “Полет” \”Нислэг”\ нэртэй анхны цомгийн бичлэгтээ зориулжээ.

Энэ цомог хөгжмийн дэлгүүрүүдээр 1997 онд зарагдаж эхэлсэн байна. Эл цомог 12 дуутай бөгөөд бүх дууныхаа үг аяыг Анита өөрөө зохиосон бөгөөд ихэнх дуунуудаа нөхөртөө зориулсан байлаа. Тэр жилдээ Анита Оросын хөгжмийн “Овация” шагналыг “Жилийн шилдэг шинэ нээлт” төрлөөр авчээ. Анита жинхэнэ уран бүтээлч болох замдаа оров. Аялан тоглолт, шинэ клип, шинэ уран бүтээл, шүтэн бишрэгчид гээд амьдрал нь огцом өөрчлөгдөж эхэлжээ.

Харин нөхөр нь Анитаг дэмжихгүй хэвээр байлаа. Тэд ярилцсаны эцэст “Чи уран бүтээлээ хийж болно. Гагцхүү гэрийн эзэгтэй байхгүй гэдэг нь мэдэгдэх ёсгүй” гэсэн болзол тавьжээ. Энэ бол хүнд болзол байлаа. Солонгос хүний ойлголтоор гэрийн эзэгтэй гэдэг нь амаргүй үүрэг. Гэсэн ч Анита зөвшөөрчээ.IFrame

1998 онд дуучин бүсгүй өөрийнхөө “Хар хун” нэртэй хоёр дахь цомгоо гаргахын зэрэгцээ “Хар хун ба хайр дурлалын сүм” гэсэн бие даасан тоглолтоо хийжээ. Дорнын өвөрмөц донж төрх, өрнийн рок хэмнэл гайхалтайгаар хоршсон энэ шоу тоглолт үзэгч олныг гэрэл техник, тайзны тавилт, чимэглэл, төрөл бүрийн үзүүлбэрээр алмайруулснаар Оросын шоу тоглолтыг нэг шат дээшлүүлсэн гэж мэргэжилтнүүд үзжээ. Эл тоглолт Анитад хоёр дахь “Овация”-г авчирсан билээ.

Хоёр удаагийн “Овация”-ийн шагнал, “Золотой Грамофон”-ын хоёр баримал, Оросын гавьяат жүжигчин гээд Анитагийн цуглуулганд маш олон шагнал бий. Бас мянга мянган шүтэн бишрэгч, дэмжигчид бий. Гэхдээ Анита хамгийн хайртай хүнийхээ дэмжлэгийг битүүхэндээ арван жил хүлээжээ.

2007 онд Анита “Дорно зүг рүү” нэртэй дөрөв дэхь цомгоо гаргав. Арван нэгэн дуутай эл цомгийн есөн дуу Оросын хөгжмийн сувгуудын чартад дээгүүр давхисан байдаг. Энэ цомгийнхоо уран бүтээл дээр Анита дөрвөн жил ажиллажээ. Гэрийн ажлаа амжуулж, нөхөр хүүхдээ халамжилж, дасгал хөдөлгөөнөө таслалгүй, дуу бичлэгээ хийлгэн, хажуугаар нь буяны үйл ажиллагаа явуулан өдөрт 5 цаг унтаж байсан гэдэг.

Цомгийн тоглолтонд ирсэн Анитагийн нөхөр эхнэрээ тайзан дээр гарч ирэхэд таниагүй гэдэг. Гайхалтай шоу тоглолт, сайхан дуунууд, үзэсгэлэнт эхнэрээ хараад Сергей тоглоом ч үгүй сэтгэлийн цочролд оржээ. Тэрбээр тоглолт тараад “Би чинь ямар гээч мундаг эмэгтэйтэй амьдардаг юм бэ” гэж дуу алджээ. Энэ бол ялалт байлаа. Анитагийн ялалт. Тэрбээр хүн болгоноос гарахааргүй хөлс хөдөлмөр, зориг тэвчээрийн үр дүнд бусдад, нөхөртөө, нийгэмд өөрийгөө нотолж чаджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)