Андуурах хэрэггүй, долларын ханш “хөөрөхгүй”

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) Монгол Улсыг мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцооны “саарал жагсаалт”-д өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт багтаасан. Товчхондоо, тус байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхээр баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэсэн сануулгыг манайханд өгөв. Ингэхдээ “Монгол Улс хөнгөн ангилалд байгаа учраас эдийн засаг, санхүүгийн ямар нэг хориг арга хэмжээ авахгүй, хөндлөнгийн эрчимтэй хяналт хэрэгжүүлэхгүй” гэж зарлалаа.

Гэтэл монголчууд гадаадаас орох ам.долларын урсгалд олон улсын байгууллага хориг тавьж, валютын хомсдолд оруулах нь гээд ойлгочихож. Санхүү, эдийн засгийн салбарын зарим мэргэжилтэн ч ам.долларын ханш өсөх нь тодорхой боллоо гэж олон нийтийг буруу тийш нь хөтөллөө. Тухайлбал, эдийн засагч Д.Жаргалсайхан “Саарал жагсаалт”-д орчихвол гадаадын банкууд Монголын арилжааны банкуудын харилцах дансыг “царцааж”, бидний төлбөрийн карт гадаадад ажиллахгүй болно. Ингэхээр гадагшаа валют бэлнээр авч явахаас өөр сонголтгүй болно гэсэн үг. Бэлэн валютын хэрэгцээ огцом өссөнөөр төгрөгийн ханш унаж, доллар долоон мянга давна” гэж олон нийтийн сүлжээнд “жиргэжээ”. Гарах үр дүнг хэтэрхий эрт, муугаар төсөөлсөн ийм мэдэгдлүүд иргэдэд буруу ойлголт төрүүлэх нь тэр.

Монголыг “саарал жагсаалт”-д багтаах шийдвэр гаргасны дараа зарим нэг “их мэдэгч” ойр дотнынхон руугаа утас цохиж, бэлэн төгрөг байвал ам.доллар болгох хэрэгтэй гэж зөвлөжээ. Ингээд өнгөрсөн бямба, ням гарагт банканд хадгалсан мөнгөө АТМ-аас авсан хүмүүс “Найман шарга”-ыг зорьсон. Гэвч тэдэнд валютын ченжүүд ам.доллар зарахаас татгалзжээ. Үнэгүйдэж буй төгрөгөөс л салж байвал гэж сэтгэсэн хүмүүс юань, евро гэх мэт валют худалдан авч ханшийг хөөрөгдөв. Арилжааны банкууд төгрөгийг ам.доллар луу хөрвүүлэх үйл явц өрнөнө гэдгийг эртнээс таамагласан бололтой. Тиймээс ФАТФ-аас “саарал жагсаалт”-д оруулах, эсэх хариу гаргах өдөр буюу баасан гарагт ам.долларын арилжаандаа хязгаар тогтоосон юм. Тухайн өдөр банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэг сая төгрөгөөр л ам.доллар худалдаж авах боломж олгосон. Гэхдээ тэдэнд валют бэлнээр олгохгүй гэсэн болзол тавьж байлаа. Тэгэхээр банканд валютын данстай хувь хүн, хуулийн этгээдэд нэг сая төгрөгөөр ам.доллар худалдаж авах боломж олгосон гэсэн үг.

Төвбанкныхан “Банкуудыг ам.доллар бүү зар” гэсэн үүрэг өгчихлөө гэж иргэд хардав. Харин Монголбанкныхан “Бид ямар нэг хязгаар тавиагүй. Ийм нөхцөл үүсэж болзошгүй гэж тооцоод өнгөрсөн долоо хоногт зах зээлд 75 сая ам.доллар нийлүүлсэн” гэж тайлбарлаж байна. Гэвч өчигдрийн байдлаар ч зах зээлд ам.долларын арилжаа хязгаартай хэвээр л байлаа.

“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2695-2700 төгрөгөөр худалдаж авна гэж ханшийн самбартаа үнэ зоожээ. Түүнчлэн 2715-2720 төгрөгөөр худалдана гэсэн үнэ бичсэн байв. Гэхдээ тэд ам.доллар зарахгүй байв. Зарим ченж ханшийн самбартаа ямар ч үнэ тавиагүй байлаа. Учрыг нь лавлавал “Ханш хаашаа эргэх нь тодорхойгүй байхад валют арилжих шаардлагагүй гэж үзэж байна. Байнгын харилцагчдаа өндөр үнэтэй валют зарж гомдоохгүйн тулд ханш тодорхой болохыг хүлээж сууна. Өндөр үнээр зарлаа гэхэд ханш буурчихвал яах вэ” гэж тайлбарлав. Үүнээс ченжүүд өндөр ханш тавьсан ч арилжаа хийхгүй, байдлыг харзнаж байна гэж дүгнэж болох юм.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Төвбанкныхан арилжааны банкуудад ам.доллар зар гэсэн үүрэг өгчээ. Ингэснээр банкууд өчигдөр ам.долларын арилжаанд тавьсан хязгаараа өндөрсгөсөн байлаа. Тодруулбал, банкууд валютын данстай иргэн, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгөөр ам.доллар худалдан авахыг зөвшөөрчээ. Тэгэхээр валютын дансгүй иргэд “ногоон” худалдаж авах эрхгүй хэвээр байгаа гэсэн үг. ХААН банк ам.долларыг 2677-гоор авч, 2687 төгрөгөөр борлуулж байв. Хэдийгээр хязгаартай ч гэсэн банкууд л ам.долларын арилжаа хийж байгаа нь энэ. Тэгэхээр ченжүүдийн хоосон хөөрөгдсөнийг биш, банкуудынхыг валютын зах зээлийн бодит ханш гэж үзвэл зохилтой. Банкуудын өчигдрийн ханшийг энэ сарын 1-нд зах зээлд тогтсон дундажтай харьцуулбал, ам.доллар 20 төгрөгөөр чангарчээ. Харин хар захынхтай харьцуулбал 48 төгрөгөөр чангарсан байв. Гэхдээ хар захын ханш “но”-тойг сануулъя.

Америк мөнгөний ханш олон жилийн туршид чангарсаар өдий хүрсэн. Ханшийн муруйгаас хэрхэн дээшилснийг нь харж болно. Гэхдээ ам.долларын ханш огцом чангараад, зарим эдийн засагчийн таамаглаж буй шиг 7000 төгрөг давахгүй гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн суурь нөхцөл сайн байхад валютын ханш огцом өсдөггүй зүй тогтолтой учраас тэр. Манай улсын гадаад худалдаа ашигтай байгаа. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өндрөө хадгалж байгаа учраас манай улс руу орох ам.долларын урсгал татрахгүй. Орох урсгал нь татраагүй тохиолдолд ам.долларын ханш өсөх нөхцөлгүй юм.

Нөгөөтээгүүр, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрсэн. Зах зээлд нийлүүлэх валютын нөөц хангалттай гэсэн үг. Монголбанк их хэмжээний валют нийлүүлэхэд ам.долларын ханш “гулсах” нь дамжиггүй. Тэгэхээр өнөөгийн өндөр ханшаар ам.доллар худалдаж авбал ирээдүйд хохирч мэднэ. Эдийн засаг, зах зээлийн нөхцөл, нөөц боломж андуурах хэрэггүй, ам.долларын ханш “хөөрөхгүй” гэдгийг “хэлээд” байгаа нь энэ.

Банк, банк бус санхүүгийн байгууллага, ченжүүд Төвбанк өнөөдөр зах зээлд хэдэн сая ам.доллар нийлүүлэхийг чих тавин хүлээнэ. Тэд өчигдөр “Монголбанк маргааш хэдэн сая ам.доллар нийлүүлэхээс ханш тогтворжих, валютын зах хэвийн голдиролдоо орох, эсэх нь хамаарна” гэж ярьж байв. Зах зээлийн буруу хүлээлтийн чиглэлийг өөрчлөхийн тулд Монголбанк өнөөдрийн валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудын ам.доллар худалдаж авах саналыг бүрэн биелүүлнэ гэж таамаглая. Төвбанк интервенц хийсний дараа банкууд ам.долларын ханш савлана гэсэн болгоомжлолоо орхиж, арилжаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэж төсөөлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)