Англиар бичсэнийг германаар ойлгов

УИХ-ын зарим гишүүн 2-3 гадаад хэлтэй бол зарим нь төрөлх монгол хэлээрээ ч зөв, сайхан ярихдаа маруухан. Хятад, герман хэлээр ярьдаг Д.Тэрбишдагва гишүүн Эдийн засгийн байнгын хороог даргалдаг. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэлэлцэж байх үед гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хураасан юм.

Ингэхдээ гишүүн Г.Занданшатарын гаргасан саналыг унших гэж жаахан зүдрэв. Өнөөх нь өнгөрсөн хэдэн жил Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажилласан, англиар “инээдэг” болсон хүн юм биз. Тиймээс санал бичихдээ баахан англи үг, товчлол ашиглачихаж л дээ. Байнгын хорооны дарга өнөөхийг нь унших гэж оролдоод барсангүй. Тэгээд “Та энэ саналаа монголоор бичих хэрэгтэй. Ямар англиар санал хураалгалтай биш дээ” гэв.

Нөгөөх нь “Та харин миний бичсэнийг германаар уншаад байгаа юм биш үү” хэмээн хошигноод хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадвар, бизнесийн орчны индекс гэдэг үгсийг товчилж бичсэнээ тайлбарлаж өгчээ. Гишүүд гадаад хэлтэй байж болох ч Монгол Улсын Их хурал дээр чихний чимэг болсон аялгуут сайхан хэлээрээ бичиж, тайлбарлаж байвал илүү гоё харагдана л даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)