Ангилсан хог хаягдал тээвэрлэх автомашин хүлээлгэн өглөө

Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын 10 автомашиныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагад өглөө. Энэ нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын нэг хэсэг аж. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар автомашинуудыг хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах нэг гол ажил бол техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх юм. Үүний хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компани олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. 2020 онд хог хаягдлыг тээвэрлэх зориулалттай, орчин үеийн төхөөрөмжөөр тоноглосон 35 автомашиныг дүүргүүдэд хүлээлгэж өгнө. Өнөөдөр (өчигдөр) эхний ээлжийн 10 автомашиныг есөн дүүргийнхээ хот тохижилтын байгууллагуудад гардууллаа” хэмээв.

“Иргэдийг хогоо ангилан ялгадаг дадал зуршилтай болгох нь их чухал. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс бид хотын хэмжээнд нийт 149 байршлын газарт хог ангилан ялгах цэгийг бий болгосон. Улаанбаатарт жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг. Үүний 85 хувийг дахин ашиглах боломжтой. Гэтэл бид дөнгөж 25 хувийг нь л дахин ашиглаж, ангилан ялгадаг. Цаашдаа энэ тоог бид нэмэгдүүлэхийн тулд дүүргүүдэд тусгай зориулалтын автомашинууд өгч байна” гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр онцолсон юм.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)