Ам.долларын ханш өсөж, бусдынх нь “уруудав”

Манай улсын гадаад худалдааны голлох валютын нэг юанийн ханш энэ сарын эхэнд 400 төгрөгөөс давсан. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр юань 392 төгрөгтэй дүйв. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд юанийг 390 төгрөгөөр авч, 392-оор зарж байлаа. Тэд ам.долларыг 2770-аар авч, 2775 төгрөгөөр борлуулж байсан юм. Төвбанкнаас зарласан дундаж ханшаар ам.доллар энэ сард найман төгрөгөөр чангарч, 2770-д хүрээд байна.

Ам.долларын ханш зөвхөн төгрөгийн эсрэг чангарсангүй. Дэлхийн зах зээлд голлох бусад валютын эсрэг ч чангарчээ. Манай зах зээлд зөвхөн юанийнх ч биш, бусад валютын төгрөгтэй харьцах ханш суларлаа. Тухайлбал, энэ сарын эхний 10 хоногт еврогийн ханш дунджаар 3159, фунт 3637, иен 27, рубль 42 төгрөгт хүрсэн. Тэгвэл өчигдөр евро 2996, фунт 3273, иен 25, рубль 35 төгрөгийн үнэтэй байлаа.

Дэлхий нийтэд коронавирус тархсанаар олон улсын эдийн засгийн идэвх суларсан. Энэ үед дийлэнх таваар болон үнэт цаасны ханш дэлхийн зах зээлд огцом хямдарч буй. Эдийн засгийн нөхцөл эгзэгтэй болсон ийм үед хөрөнгө оруулагчид мөнгөөрөө үнэ цэнээ найдвартай хадгалах зүйл худалдаж авахыг эрмэлздэг. Олон улсын санхүүгийн шинжээчид “Хөрөнгө оруулагчид эдийн засгийн хүндрэлтэй үед ам.доллар худалдаж авах нь ихэслээ. Тиймээс ам.долларын ханш чангарч, бусдынх нь хямдарсан” гэж тайлбарлаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)