А.Мөнхбат: “Гутал” бүрт хэлэх үг бий

Монголын Залуучуудын холбооноос “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг улс даяар өрнүүлээд буй. Үүнд олон мянган оюутан залуус нэгдэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх болжээ. Тус хөдөлгөөнөөс 1992 оноос хойшхи үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бүс нутаг, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэв. Ийнхүү “100 хар үйл явдал”-ыг албан ёсоор зарлахын зэрэгцээ Чингисийн талбайд “Гутлын жагсаал”-ыг зохион байгуулж байна.

Энэ бүхний эцсийн зорилго нь өнөөгийн нийгмийн салбарт бүрт нүүрлэсэн шударга бус байдлыг үгүй хийж, төрд дархлагдсан “хулгайч”, луйварчдаас ангижирч хариуцлагатай Монголыг бий болгоход чиглэгдэж байгаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ “Бид бүтэн жилийн хугацаанд албан ёсоор сонгож болохгүй улс төрчдийн хар жагсаалт, сонгож болох, хариуцлагын гэрээ байгуулсан улс төрчдийн цагаан жагсаалт гаргах ажлыг журмын дагуу хийж гүйцэтгэлээ. 1992 оноос хойшхи бүх хар үйлд явдлуудаас 100-г шалгаруулж, өнөөдөр албан ёсоор зарлаж байна.

Эдгээр 100 үйл явдлыг санаачилж, шийдвэр гаргахад оролцсон, хэрэгжүүлсэн гэх мэт төрд шургалсан хулгайч, луйварчдыг 2016 оны сонгууль болон орон нутгийн сонгуулиар дахин сонгохгүй гэдгийг олон түмэнд мэдэгдэж байгаа юм.

Маш олон иргэн бидэнтэй санал нэг байгаа хэдий ч айдастай байгаа учраас ил гарч ирж чадахгүй байна. Өглөөнөөс эхлээд 2-3-хан цагийн дотор 3000 гутал цугларсан. Гутал бүр өөрийн эрхтэй, гутал бүрт хэлэх үг бий. Үүний ард эзэд нь байгаа. Өнөөдөр Монголын нийгэм айдаст автаж, төр нь иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг боогдуулж байгаа учир энд ирж чадахгүй байгаа хэрэг” гэсэн юм.

Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч н.Ганбаатар: Би өөрийнхөө хамгийн хайртай гутлыг өнөөдөр жагсаалд оролцуулж байна. Гурван жилийн өмнө “Авера” компанийн охин компани болох “КожеГовь”  ХХК-ийн хууль бус уран олборлолтын ууршуулан байршууланх нуур буюу цацраг идэвхт бодисын хог хаягдлын цэг рүү өмсөж орж байсан гутал юм. Тэрнээс хойш одоог хүртэл огт өмсөөгүй, тэр үеийн шавартай байгаа. Ураны аюул өнөөдөр монголд тулгараад байгаа шүү гэдгийг сэрэмжлүүлэхийг хүссэн юм.

Иргэн Б: Бид өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийн өөрсдийн төлөөлөл болгон сонгож ажиллуулсан. Тэгвэл ард түмэн тэднийг сонгож ажиллуулж чадсан юм чинь эргээд ажлаас нь халах эрх мэдэл байдаг юм шүү гэдгийг ойлгуулах гэсэн үүднээс энэхүү жагсаалд нэгдэж байна. Заавал олон хүн цуглуулж, үймээн самуун тарих албагүй, иргэдийнхээ үзэл бодлыг тайван замаар илэрхийлж байгаа нь хамгийн чухал зүйл юм.

Иргэн Г: Бид өмнө нь мөнгө амалж гарч ирсэн хүмүүсийг сонгодог байсан бол өнөөдөр эх орон, ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар ажиллаж чадах хүмүүсийг сонгох цаг нь болжээ. Иймээс ч би өнөөдөр энэхүү жагсаалд оролцож байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)