Амь эрсэдсэн цагдаад Улсын баатар цол олгоё

Гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улс нэгэн сайхан идэр залуугаа өнөөдөр сүүлчийн замд нь гунигтайяа үдэж байна.

Арван мянга орчим алба хаагчтай Монголын цагдаагийн гэр бүл нэгэн эрхэм нөхөртэйгөө энэ өдөр нулимстай салах ёс хийж байна.

Төрийн цагдаа өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж яваад харамсалтайгаар амиа алдсанд түмэн олон эмгэнэн гашуудаж байна. Төөрөг нийлүүлсэн хань нь энэ өдрөөс хойш дөрвөн бүлтгэр үртэйгээ бөртийгөөд хоцорч байна.

Тангараг өргөсөн төрийн албан хаагч болгон түүн шиг ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй, чин зоригтойгоор ханддаг бил үү. Төр улсын үйл хэрэг гэдэг төрсөн ганц биеийн, цаашлаад нэг гэр бүлийн эрх ашгаас ч дээгүүр эрэмбэлэгдэх учиртайг алтан амиараа дэнчин тавьж үлгэрлэсэн талийгаачийн гавьяаг энэ өдрөөс хойш бүдгэрүүлсээр умартах вий гэхээс эмээнэм. Хэрэв тэрбээр дөрвөн хүүхдээ, гэр бүлээ бодсон бол залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг саатуулахын тулд машинаас нь тэгтлээ зүүгдэн тэмцэхгүй, төв рүүгээ станцаар мэдэгдээд орхиж болох л байв.

Гэвч тэр тэгсэнгүй. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, ард олныхоо аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваад харамсалтайгаар эрсэдсэн цагдаагийн үйл хэрэг хийгээд алтан амь нь үнэ цэнтэй байх ёстой. Эс тэгвээс энэ төр улсын төлөө үнэн голоосоо, чин сэтгэлээсээ зүтгэх хүн улам л ховор болно.

Юуны төлөө цагдаагийн алба хаагч халуун амиа зольсныг өнөөгийн залууст мэдрүүлж, эх оронч үзэл, итгэл үнэмшлийг нь бадраахын тулд түүнд Улсын баатар цол нэхэн олгоосой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаас хүсье.

Төр түмэн нүдтэй гэдэг. Үнэндээ төрийн түмэн нүд олж харах ёстой зүйлээ заримдаа оноож чаддаггүй. 2012 онд Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн түймрийг унтрааж явсан онцгой байдлын хашир аврагч гал гэнэт өөрсөд рүү нь чиглээд ирэх үед цэл залуухан нэгнээ хамгаалан биеэрээ дарж хэвтээд, өөрөө амь эрсэдсэн түүхтэй. Тухайн үед түүний байгуулсан баатарлаг гавьяаг үнэлж, Улсын баатар цолоор нэхэн шагнах тухай олон нийт хэсэг шуугьсан ч тэгсхийгээд мартсан.

Өнгөрсөн жил Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид гранат дэлбэрэхэд мөн л тэндхийн офицер байдал бишидсэнийг мэдмэгцээ бөмбөгийг өөрийн биеэр дарж хэвтэн, бусдынхаа амийг аварсан билээ. Хэрэв тэр офицер өөрийгөө золиослон, дэлбэрэлтийн хүчийг сааруулаагүй бол хоёр байтугай хэдэн хүний амь эрсдэх байсныг таашгүй.

Шаардлагатай цагт бусдын төлөө эрүүл мэнд, амь насаа золих зориг зүрхтэй ийм баатарлаг хөвгүүдээ төр, засаг нь үнэлэхгүй юм бол туурга тусгаар улс байхын хэрэг юу сан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)