Амьсгалсны төлөөс нь амьгүй ураг

Зургаан удаа жирэмсэлсэн ч хүүхэдтэй болж чадаагүй эмэгтэй долоо дахиа “олчихоод” жигтэйхэн баярласан талаар эмч сэтгэл эмзэглэн ярив. Бүсгүй урьд нь нэг бол зулбан, эсвэл дутуу төрснөөс үрийн зулай үнэрлээгүй аж. Ийм шалтгаанаар хүүхдээ алдсан ээжүүдэд эмч нар гуравдугаар сараас хойш жирэмслэхийг зөвлөх болжээ. Учир нь өвөл ураг зулбах, хэвлийдээ бүтэх, гүйцэд тээсэн ч амьгүй төрөх тохиолдол олширдог болсон тул нэг ч гэсэн эрсдэлийг ингэж бууруулж буйгаа тэд хэлсэн.

“Улаанбаатар хотын хүн амын нас баралтын шалтгааны 13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой. Сүүлийн 15 жилд утааны уршгаар амьсгалын тогтолцооны өвчин 26.8, зүрх, судасных 18.1 хувиар нэмэгдсэн” гэсэн статистикийг эрүүл мэндийн байгууллагынхан өгсөн. Хотын утаа бидний эрүүл мэнд, аминд халдаад удсаны наад захын жишээ энэ. “Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, ургийн гажиг, зулбалт, дутуу төрөлтөд нөлөөлөхгүй” гэж саяхныг хүртэл мэлздэг байсан эрх баригчид ухамсартай бол ард түмнээсээ уучлалт гуйх байлаа.

Энэ намар дулаахан байна. Гэвч удахгүй утааны улирал ирнэ. Агаарын бохирдлыг бууруулна гэж сайд, дарга нар жилийн жилд олон янзын арга саам сэдэж, яндан, зуух тараасан ч тусыг эс олсон тул энэ жилийн гол арга хэмжээ болох шахмал түлшинд ч иргэд итгэхгүй байгаа. Уугих утааны хэмжээ буурч мэдэх ч хорт агууламж нь түүхий нүүрснийхээс ч аюултайг эрдэмтэд сануулсан учраас тэр. Бид ч яах вэ, тэр байтугай утааг “бараад”, даваад гардаг юм. Гэхдээ Монголын ирээдүй хэвлийдээ бүтэж, дутуу, эсвэл амьгүй төрсөөр байхад хэлээ хазаад, дуугүй өнгөрч болно гэж үү.

Улаанбаатар хотод хавар, зун, намарт ураг зулбах тохиолдол 1000 төрөлтөд 20-23 бүртгэгддэг бол утааны улиралд буюу арваас хоёрдугаар сард энэ үзүүлэлт 70-73-т хүрдэг юм байна. Өөрөөр хэлбэл, хэвлийдээ эндэх ургийн тоо өвөл 3-4 дахин нэмэгддэг гэсэн үг. Бодит байдал нь л ийм. Үүнд ямар нэгэн хачир, нэмэлт тайлбар шаардлагагүй. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Батхишигээс тодруулснаа хүргэе. Тэрбээр “Жирэмсний 12 хүртэлх долоо хоногт ураг амьгүй болохыг өсөлтгүй, 13-22 долоо хоногтойдоо эндэхийг зулбасан гэж үздэг. Харин жирэмсний 22 долоо хоногтойгоос дээш ураг “бүтэлгүйтвэл” амьгүй төрөлтөд бүртгэнэ. Ерөнхийдөө жирэмсний 23-37 долоо хоног хүртэлхийг дутуу төрөлт, түүнээс дээшихийг гүйцэд тээсэнд тооцно. Хэт эрт үедээ буюу 28 долоо хоногтойгоосоо өмнө төрвөл жин нь 1000 граммаас бага байдаг. Ийм хүүхэд амьдрах чадвар султай, цөөн хувь нь л хүн болдог. Олон улсад 500 грамм, түүнээс дээш жинтэй төрсөн хүүхдийг амьдруулдаг бол манайд энэ нь 800-1000 граммаас эхэлдэг.

Ер нь 28-32 долоо хоногтойдоо төрсөн ч амьдрах, эсэх нь эргэлзээтэй. Ураг зулбах, өсөлтгүй болох, дутуу болон амьгүй төрөхөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Манай улсын хувьд ураг зулбах тохиолдлын тоо улирлын чанартай, харилцан адилгүй байгаа нь судалгааны баримтуудаас харагдана. Түүн дотроо бас хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, оюутнуудын дунд ураг зулбах тохиолдол намрын эхний саруудад ихэсдэг. Миний таамаглаж буйгаар, оюутнууд хичээл амрах дөхөхөөр, эсвэл төгсөлтийн баярын үеэр замбараагүй болдог шиг санагддаг. Зарим нь жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар ураг нь энддэг бол нөгөө хэсэг нь бусдын ам дамжсан ярианд итгэж, янз бүрийн эм ууж, албаар зулбуулдаг. Ингэж эрүүл мэнд, амиа эрсдэлд оруулж, умайгаа авхуулах тохиолдол ч цөөнгүй гарч байна. Нөгөө нэг шалтгаан нь мэдээж агаарын бохирдол. Өвлийн саруудад ураг зулбах тохиолдол нэмэгддэг. Жирэмсний 12 долоо хоног хүртэлхийг эрт үеийнх, 13-22 долоо хоногтойдоо эндвэл ураг хожуу шатандаа зулбасан гэж үздэг. Манайд голдуу хожуу үедээ зулбасан эхчүүд ханддаг. Гэхдээ ураг зулбасан тохиолдол бүр утаатай шууд хамааралтай биш, өөр олон шалтгаантай” гэсэн юм.

Агаарын бохирдол урагт, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг нийтээрээ байнга шахам л ярьдаг боллоо. Гэтэл яг юу нь, яаж хордуулдгийг тэр бүр мэддэггүй. Улаанбаатар хот ургамал, мод муутай. Байгаа цөөхөн нь өвөл хөлдчихдөг болохоор үндсэндээ нийслэлийн агаарт хүчилтөрөгч үйлдвэрлэгдэхээ больдог гэсэн үг. Утаанд агуулагдах нүүрсхүчлийн хий өвлийн оргил хүйтэнд туйлдаа хүрч, агаар дахь багахан хүчилтөрөгч нь түүнийг “дарж” хүчирдэггүй гэнэ. Тиймээс жирэмсэн эхчүүд, дархлаа султай бага насныхан хамгийн түрүүнд угаартдаг байна. Нүүрсхүчлийн хий нь эхийн амьсгалын замаар дамжин урагт очдогийг Б.Батхишиг эрхлэгч хэлсэн. Ураг зулбах, амьгүй төрөх, өсөлтгүй болдог үйл явц нь үндсэндээ цусаар тээвэрлэгдэж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассантай шууд холбоотой аж. Өөрөөр хэлбэл, угаараас болж эхийн цусны эргэлт саатаж, хүчилтөрөгч тээвэрлэгч улаан эсийнх нь тоо буурснаар хүүхдэдээ агаар зөөвөрлөж чадахаа больдог гэнэ. Ураг хэвлийдээ угаартдаг шалтгаан нь ердөө энэ. Тиймээс л эмч нар жирэмсэн эхчүүдийг хүчилтөрөгчийн коктейль уу, цэвэр агаарт гар, нялх хүүхэдтэй бол гэртээ агаар цэвэршүүлэгч тавь гэж зөвлөдөг байх нь. Хавар болоход буюу утаа арилахад агаар дахь нүүрсхүчлийн хэмжээ багасан, хүчилтөрөгчийн хангамж сайжрах үед жирэмсэлбэл ураг эмзэг үеэ даван туулдаг байна.

Дээр дурьдсан инфографикт нярайн эндэгдлийн түвшнийг ч үзүүлсэн. Хорвоод мэндлээд долоо хонолгүй эндсэн хүүхдүүдийн олонх нь мөн л хүчилтөрөгчийн дутмагшил, бүтэлттэй төрснийг эмч нар хэлсэн. Хэвлийдээ, бас төрөөд, амьдрах хугацаанд хүртэл утаа бидний ирээдүйг хэрхэн боомилж байгааг батлах баримт үүгээр дуусахгүй. 2018 онд нэгтгэсэн “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд” судалгаанд ургийн эндэгдэл өвөл нь зунаасаа 3.5 дахин их, тав хүртэлх насныхны эндэгдлийн хоёрдугаар шалтгаан нь уушгины үрэвсэлт өвчин болохыг тодорхойлсон. Агаарын бохирдолтой орчинд амьдардаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөөний багачуудынхаас 40 хувиар бага байна. Бидний хэн нь ч энэ хотод амьдарч байгаагийнхаа, амьсгалсныхаа төлөөсийг ийм үнэтэй төлнө гэж бодоогүй биз ээ. Цаашлаад ураг удмаа боомилуулна чинээ санаагүй ч үгүй.

Эрүүл мэндийн байгууллагууд “Нялхас болон тав хүртэлх насныхны эндэгдэл тогтвортой буурч, Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн” гэж ярьдаг. Гэвч хүн ам цөөн байсан 1990 оны тоон үзүүлэлтийг одоогийнхтой жиших нь өрөөсгөл аж. ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас гаргадаг “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа IV”-ийг сөхвөл, 2013-2017 онд жилд дунджаар 470-560 хүүхэд амьгүй төрж, 900-1200 ураг зулбасан байна. Хэвлийдээ бүтсэн, амьгүй төрснийг нь оролцуулахгүйгээр тоолбол, 0-5 хүртэлх насандаа эндсэн нь 3000 орчим аж.

Түүнээс гадна агаар, хөрсний бохирдлоос улбаатай ургийн гажиг, хүүхдийн хавдар хурдацтай нэмэгдэх болсныг эмч, мэргэжилтнүүд анхааруулж буй. Сүүлийн дөрвөн жилд цусны эмгэг, нүд, чих, нүүр, амны согог, уруул, тагнайн сэтэрхий, зүрх, судас, хоол боловсруулах, амьсгалын эрхтэн тогтолцооны гажигтай 2561 хүүхэд мэндэлсний 574 нь эндсэн байна. Өнгөрсөн оны байдлаар гэхэд тав хүртэлх насны 3279 хүүхэд төрөлхийн гажигтай гэж бүртгэгджээ. Энэ нь ганцхан жилийн дотор 1339-өөр нэмэгдсэн үзүүлэлт.

Дэлхийн улсууд жил ирэх тусам ядуурлаасаа ангижирч, тэр хэрээр эрүүл мэндийн салбарынхаа тусламж, үйлчилгээг сайжруулан, ялангуяа хүүхдийн эндэгдэл нь хурдацтай буурч буй. 2000 оноос хүүхдийн амьдрах орчин, чадварыг дээшлүүлэхэд улс орнууд дорвитой анхаарсны хүчинд тав хүртэлх насны 50 сая хүүхдийн амийг аварсныг ДЭМБ мэдээлсэн. Харин манайхан хэдий болтол “Утаа буурсан, буураагүй” хэмээн талцаж хэрэлдэх юм бол доо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)