“АМЬД” тооны машин

Узбекистан улсад саяхан болсон цээж бодолтын олон улсын тэмцээнд түрүүлэхдээ шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан Д.Хүслэнг “Шинэ танил” онцоллоо. 10 настай тэрбээр тус тэмцээний дараахан болсон УАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртэхдээ бүгдэд нь улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Дүүрэнбаярын Хүслэн гэдэг. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 5д ангид сурдаг. Цээж бодолтын спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна. Хүүхдүүд хэдэн ч оронтой тоог цээжээрээ түүртэх юмгүй бодож буй нь миний сонирхлыг их татсан. Хуруугаараа бодох их гоё. Ер нь хэцүү юм байхгүй. Тэмцээний өмнө анхаарлаа сайтар төвлөрүүлэх нь л чухал.

-Анхаарал нь сарнисны улмаас амжилт гаргаагүй тохиолдол бий юү?

-Байгаа. Нэг удаа тэмцээнд оролцож байхад хажуугийн ширээнд сууж байсан хүүхэд балаа газарт унагаачихсан юм. “Бал нь уначихлаа даа” гэж бодтол анхаарал минь сарничихсан. Тухайн үед тэр талаар аль болох бодохгүйг хичээн, төвлөрөх гэж оролдсон ч чадаагүй.

-Энэ жил УАШТ-д оролцон бүх төрөлдөө түрүүлэх боломж хэр байв?

-Уг нь байсан. Цээж бодолт дотроо хүн хуанли, флаш анзан (дэлгэцэн дээр гарч буй 1-6 оронтой тоог бодох), найман оронтой хоёр тооны үржвэр, 10 оронтой 10 тооны нийлбэр гэсэн дөрвөн төрөлтэй. Хүн хуанли төрөлд өрсөлдөхийнхөө өмнө их сандарсан. Тэгээд сайн төвлөрч чадаагүй. Таван минутад аль болох олон хүний төрсөн он, сар, өдрийг тогтоон, алдалгүй санасан нь түрүүлдэг. Хэдийгээр УАШТ-д оролцсон бүх төрөлдөө алтан медаль хүртэж чадаагүй ч улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн болохоор гоё байна.

-Өмнөх жилүүдэд үүнээс олон төрөлд түрүүлж байсан уу?

-УАШТ-д гурав дахь удаагаа оролцлоо. Анхны жилээ флаш анзан төрөлд л түрүүлсэн. Өнгөрсөн жил өрсөлдөхдөө гурван алт, нэг хүрэл медаль авсан юм.

-Узбекистанд болсон олон улсын тэмцээнд оролцоход ямар байсан бэ?

-Гоё байсан. Олон улсын тэмцээнд анх удаа өрсөлдсөн минь энэ. УАШТ-д оролцож байгаа юм шиг тайван байгаарай гэж багш захисан. Гүнзгий амьсгаа авч, төвлөрч байгаад л оюунаа сорилоо.

-Аваргын хоёр цом авсан бил үү?

-Тэгсэн. 9-10 насны ангилалд түрүүлэхдээ аваргын цом, алтан медаль авсан. Шилдгийн шилдгээр шалгарахад түүнээс том цомоор намайг шагнасан юм. 360 тамирчин оролцсон тэмцээн дуусангуут гэртээ хурдан харьж, гэр бүлийнхэндээ хоёр цомоо үзүүлэх сэн гэж яарлаа. Аав, ээж хоёр онгоцны буудалд намайг тосоход гоё байсан шүү.

-Цээж бодолтын аль төрөлд нь илүү дуртай вэ?

-10 оронтой 10 тооны нийлбэр, хүн хуанли төрөлд илүү дуртай.

-Хичээл дээрээ тооны машин ашигладаг уу?

-Огт хэрэглэдэггүй. Цээжээрээ л бодчихдог. Секунд тутамд солигдож буй хэдэн ч оронтой, хэчнээн ч тоог шууд бодож чадна. Би шалгалтын цаг дуусаагүй байхад материалаа хураалгачихдаг. Ер нь 40 минутын шалгалтыг 20 минутад багтаан өгдөг. Би бас утсан дээрээ хүний дугаар хадгалдаггүй. Тэр хүний утасны дугаар хэд билээ гэж бодонгуутаа шууд санадаг. Цээж бодолтоор хичээллэснээр би сууж, аливаа бодлогыг хурдан бодож, богино хугацаанд сэтгэж сурсан. Ялангуяа тооны хичээлээ өмнөхөөсөө хурдан ойлгодог, мартдаггүй болсон шүү.

-Ангийнхан нь Д.Хүслэн шиг болох сон гэдэг үү?

-Тэгдэг. Манай ангийнхан “Ямар мундаг юм бэ. Тэр тооны хариуг өмнө нь мэдэж байсан юм уу. Ийм хурдан бодож амжихгүй” гэж гайхдаг. Тэгэхээр нь би “Цээж бодолтоор хичээллэвэл та нар ч бас хичээлдээ сайжирна шүү” гэж захидаг юм.

-Танаас үлгэрлэн, бэлтгэл хийж байгаа хүүхэд бий юү?

-Байхгүй. Бүгд л над шиг болъё гэдэг мөртлөө бэлтгэл хийдэггүй.

-Ой тогтоолтоор давхар хичээллэдэг үү?

-Хичээллэдэг, гэхдээ тэмцээнд оролцдоггүй. Бүр мундаг болж байгаад өрсөлдөнө. Би бэлтгэлээ долоо хоногт гурван удаа хийдэг. Чөлөөт цагаараа ном унших, шүлэг цээжлэх дуртай.

-Ямар шүлгэнд илүү дуртай вэ?

-Эх орон, ээжийн тухай шүлгэнд.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг бол?

-Багадаа эмч болох сон гэж боддог байсан ч одоо больчихсоон. Гадаадад сурахыг хүсдэг.

-Энэ жил ДАШТ-д оролцох уу?

-Өрсөлдөнө. Бүх төрөлд нь оролцох бодолтой байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)