Амьдрах орчны судалгааг ухаалаг утасны аппликейшн ашиглан хийнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдрах орчны судалгааг эхлүүлжээ. Судалгаа хийх ажилтнуудыг нийт 4 түвшинд хувааж 4208 судлаач нийслэлийн гэр хорооллын 97 хорооны 230 мянган өрхөөс судалгааг авна. Эхний түвшинд салбарын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байх бол хоёрдугаар түвшинд тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн Хурлын төлөөлөгч хамрагдах аж. Гуравдугаар түвшинд хянагчаар оролцогч хорооны Засаг дарга, тухайн дүүргийн холбогдох мэргэжилтнүүд орох бол сүүлийн түвшинд судалгаа хийх ажилтнууд байх юм байна. Судалгаа энэ сарын 10-аас ирэх 6-р сарын 10-ны хооронд явагдана.

Судалгааг авахдаа судалгаа хийх ажилтнууд нь уламжлалт цаасан суурьт технологиор бус ухаалаг гар утасны аппликейшныг ашиглах юм. Уг апплликейшн нь “Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан”-д суурилсан байна. Судалгаагаар нийслэлийн гэр хорооллын иргэдийн орон сууцны төрөл, дулаан алдагдал, халаалтаа шийдсэн хэлбэр, цахилгааны хэрэглээ, цахилгааны аюулгүй байдал,  сайжруулсан зуух хэрэглэдэг эсэх, түлшний хэрэглээ, үнс болон хаягдлыг хэрхэн зайлуулдаг, жорлонгийн төрөл, тоо, хашаандаа бохирын цооногтой эсэх зэрэг амьдрах орчны мэдээ мэдээллийг цуглуулах юм.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)