Амьдрал уртасгах тийз

Эрхтэн шилжүүлэн суулгах нь анагаах ухааны гайхамшиг ч хүний наймааг дэлгэрүүлэх аюултай. Гэхдээ Турк улс үүнийг хуулиараа сайтар зохицуулсан

Цахлай эргэлдэж, манан татах нь гуниг төрүүлэм хэдий ч өндөр барилга сүндэрлэн, “өнгө өнгийн” хүмүүс сүлэлдэх тэр л хотод тав хоног саатав. БНТУ-ын Истанбул хотод “Эрхтэн шилжүүлэн суулгах ба донор” сэдэвт олон улсын V хурал саяхан болж өндөрлөсөн юм.

Уг хурлыг Турк улсын “Эрхтэн шилжүүлэх сан”-гийнхан санаачилж, тус улсын таван их сургууль болон мөн тооны төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулав. Хөгжиж буй орнуудад эрхтэн хандивлах, шилжүүлэх тогтолцоог бий болгох, техникийн дэмжлэг үзүүлэх мөн Туркийн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, эрхтэн шилжүүлэх үйлчилгээг дэлхий нийтэд танилцуулах томоохон арга хэмжээнд дэлхийн 71 орны хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцож, “International Transplant Network” буюу “Олон улсын эрхтэн шилжүүлэх сүлжээ” төсөлтэй танилцсан юм.

Нэгдүгээр сарын 25. Зугаа цэнгэлийн төв гэдгээрээ алдартай Таксимын талбайд байрлах “Мармара” зочид буудлын хүлээлгийн танхимд бид 10.00 цагт цугларав. Бид гэдэгт Монтенегро, Марокко, Молдав, Иран, Израиль, Румын, Конго зэрэг 10 гаруй орны сэтгүүлч багтаж буй. Хурлыг зохион байгуулж буй “Эрхтэн шилжүүлэх сан”-гийнхан болзсон цагаасаа хоцролгүй биднийг ирж авсан юм.

Истанбул хотын гайхалтай сайхныг автобусны цонхоор бишрэн харахад чамин хийц загвартай өндөр барилгууд энд тэндгүй “хөглөрөх”. Хэдхэн метр яваад л Туркийн далбаа намирч харагдах нь эх оронч улс болохыг илтгэнэ. Манай Улаанбаатар хотод уул өгссөн гэр хороолол ярайж харагддаг бол энд ёотон мэт байшингууд шат мэт өгсөж үзэгдэнэ. Гудамж, талбайн ихэнхийг ногоон байгууламж болгон тохижуулсан нь нэн таатай. Цаг хэртэй явсны эцэст “Ажибадем” эмнэлэгт очив.

Өвөрмөц хийц бүхий шил толь болсон энэхүү эмнэлэг нь элэг, бөөр болон бусад эрхтэн шилжүүлэн суулгадаг. Тус эмнэлэг 1-2 дугаар давхраа тэр чигт нь гадаадын иргэдэд зориулан бэлджээ. Таван одтой тансаг зочид буудал мэт энэхүү эмнэлэг хувийнх хэдий ч иргэддээ эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг. Тэр ч бүү хэл гэрээ байгуулсан гадаад улсын иргэнд тухайн улсынх нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлсэн үнээр эмчилдэг байна.

Манай улстай тийм гэрээ байгуулаагүй учраас монголчууд Туркт эмчилгээ хийлгэвэл бүх л зардлаа өөрийн халааснаас 100 хувь гаргах юм байна. Харин манай Нийгмийн даатгалын газартай хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээр хийхээр ярьж буй гэсэн. Тодруулбал, Туркт 10 жил ажилласан монгол хүн, Монголд хөдөлмөр эрхэлж буй Туркийн иргэн аль аль нь ажилласан жилээ тооцуулж болохоор тохиролцож байгаа аж.

Туркт эрүүл мэндийн салбар тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал илүү хөгжсөнөөрөө алдартай. Тиймээс ч эрүүл мэндийн аялал жуучлалын бүс хэмээн нэрлэдэг. Жуулчдыг татах гол түлхүүр нь эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, ая тухтай орчин, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, найрсаг харилцаа, шуурхай байдал. Тус улсад 2015 онд 140 орны 750 мянга гаруй хүн эмчлүүлжээ.

1800 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулдгаас 39 нь элэг шилжүүлэн суулгах, 75 нь бөөр шилжүүлэн суулгах эрхтэй ажиллаж байна. Үүнээс гадна зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс, арьс шилжүүлэн суулгадаг гэнэ. 2012 оноос хойш энэ оны хоёрдугаар сар хүртэл нийт 37.825 хүнд эд, эрхтэн шилжүүлэн суулгаснаас хамгийн олон нь 15.708 хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна. Нас барсан эмэгтэйн савыг өөр хүнд шилжүүлэн суулгах хагалгааг Турк улс дэлхийд анх удаа амжилттай хийсэн гэдэг.

Үүнийгээ тэд “Бид тархинаас бусдыг нь шилжүүлэн суулгаж байна” гэж ярьдаг аж. Мөн яс, чөмөг, нүдний торлог бүрхэвч, зүрхний хавхлага гэх мэт эд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж буй. 2012 оноос хүний нүүр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн энэ амжилтаараа дэлхийд Францын дараа ордог гэнэ. Одоогийн байдлаар есөн хүнийг шинэ нүүртэй болгосон төдийгүй гар, хөл ч шилжүүлэн суулгадаг юм байна.

Хоёр гар нь тохойгоороо мухар нэгэн залуу шинэ гартай болсноор амьдралаа хэрхэн өөрчилсөн тухай тус эмнэлгийнхэн бидэнд ярьсан. Одоо тэрбээр хоол цайгаа өөрөө идэхээс эхлээд бусдад төвөг болохгүй амьдарч буй аж. Хором бүрт шинэчлэгддэг анагаах ухааны ололт амжилтыг туркчүүд хугацаа алдалгүй шүүрч, үр дүнг нь үзсээр байгаагийн бодит жишээ энэ.

“Ажибадем” эмнэлгийн эмч “Эрхтэн шилжүүлэн суулгах нь XX зууны анагаах ухааны гайхамшиг хэдий ч нөгөө талаас хүний наймааг дэлгэрүүлэх аюултай. Эрхтэн шилжүүлэн суулгаснаар дэлхий даяар мянга мянган хүний амьдралыг уртасгаж байна. Манай улсын Эрхтэн хандивлах тухай хуульд зааснаар хувь хүн эрүүл саруул байхдаа эрхтэний донор болох хүсэлтээ ЭМЯ-нд бичгээр гаргана, эсвэл золгүй байдлаар амиа алдсан иргэний ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр түүний эрүүл эрхтэнийг донор болгон ашиглаж болдог” гэж ярив.

Ядуу орны иргэдийн эд эрхтэнийг худалдан авах, хүний наймааны золиос болгох явдал ихэссэн учраас энэ асуудлыг анхааралдаа авах тухай дэлхийн 150 гаруй орны төлөөлөгч Истанбулд цуглан уулзаж ярилцжээ. Дэлхий даяар эд эрхтэний донор цөөн буй нь тэдний анхаарал татсан гол асуудал болж буй. Гэлээ гээд Туркт гадаад улсын иргэн эрхтэн шилжүүлэн суулгах болбол заавал амьд донор олох ёстой. Энэ нь хүний наймаанаас сэргийлсэн арга юм.

Нэгдүгээр сарын 26 буюу Истанбулд өнжсөн хоёр дахь өдөр “Мармара” зочид буудлын хурлын танхимд сургалт эхэллээ. Эрхтэн шилжүүлэн суулгах ба хандивлах тухай анагаах ухааны их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар илтгэл тавьж, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн төлөөлөл тэнд цугларсан. Эрүүл мэндийн үйлчилгээг аялал жуулчлал болгон хөгжүүлсэн нь энэ орны нэг онцлог болохыг тэд хэлэв.

Рашаан сувилал, өндөр настан, хөгжлийн бэршээлтэй иргэдийн эмчилгээний гэх зэргээр эрүүл мэндийн аялал жуулчлалыг дөрвөн төрөлд ангилжээ. Өвчтөнийг эрүүлжүүлэх эмчилгээ, оношилгоог бүхэлд нь аялал жуулчлал гэж нэрлэж буй. Үүнд өвчтөнийг эмчлэхэд шаардлагатай шинжилгээ, үзлэг оношилгоо, шүд, зүрхний мэс ажилбар, хиймэл эрхтэн суулгах, хавдар, эрхтэн шилжүүлэх болон бусад төрлийн эмчилгээг хамруулдаг байна.

Тухайлбал, рашаан сувиллын аялал жуулчлал гэхэд цэвэр агаарт амрах, халуун рашаан, эрүүл хооллолт (жимс, ногооны эмчилгээ) гэсэн төрөлтэй. Хөгжилтэй орнуудын өндөр настнууд эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ байгалийн сайхан, эртний түүх дурсгалтай газруудтай танилцах боломжтой учир Турк улсыг хэдэн зуугаараа зорьдог байна.

Нэгдүгээр сарын 27. Хурлын сүүлийн өдөр Туркийн Измир хотын “Кэнт” эмнэлэгт зочилсон юм. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаар төрөлжсөн уг эмнэлэг нь 2004 онд байгуулагджээ. Олон улсын JCI байгууллагын стандарт шаардлага хангасан уг эмнэлэгт орон орны чадварлаг эмч нар ажилладаг юм байна. Жилд 150 мянган хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, 8000 хүнд мэс засал хийх бололцоотой аж. 2009 оноос элэг шилжүүлэн суулгах хөтөлбөр боловсруулж, 2016 оны долдугаар сар гэхэд 891 хүнд элэг шилжүүлэн суулгажээ.

Тэдгээр мэс заслын 92 хувь нь амжилттай болсон гэнэ. Эрхтэн шилжүүлэн суулгахад өвчтөн, донороо бэлтгэх, мэс засал хийх, эмчилгээ гэсэн гурван чухал үе шатыг дамждаг байна. Гадаадын олон зуун хүн тус эмнэлгийг зорьж ирдэг учраас багцын үйлчилгээг тэд санал болгодог аж. Ганц эднийх ч биш Туркийн бүхий л эмнэлэг өвчтөнүүдээ онгоцны буудлаас тосож авахаас эхлээд сахиурын хамт байрлах, орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг бүх л боломжийг нь олгодог аж. Мөн өвчтөн эмчээ өөрөө чөлөөтэй сонгох, итгэдэг шашныхаа төлөөллөөс сэтгэл зүйн дэмжлэг авах бүрэн боломжтой байдаг гэнэ.

Монголдоо ирсний дараа энд үйл ажиллагаа явуулж буй Туркийн “Хоспиталити” эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллагын Монгол дахь төлөөлөгч М.Цогтсайхантай уулзахад, “Манай төв байгуулагдаад хоёр жил болж байгаа ч 30 гаруй хүнийг Туркт эмчилгээнд явуулсан. Олонх нь зүрхний өөрчлөлт болон хорт хавдартай байсан. БНСУ-тай харьцуулахад үнэ хямд учраас хүмүүс Туркийг зорих нь нэмэгдэж байгаа.

Манай улс бөөр, элэг, үе шилжүүлэн суулгаж буй ч донорын хүрэлцээ, орчин үеийн тоног төхөөрөмж дутагдалтай байгаа юм. Донорын тухай хуулиар амьд болон амьгүй донороос эд, эрхтэн авч болохыг зөвшөөрсөн ч монголчуудын сүсэг бишрэлээс шалтгаалан эрхтэн шилжүүлэн суулгах үйлчилгээ төдийлөн хөгжиж чадахгүй байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)