“Амьдрал бол наран шарлагын газар”

- Хэрэв та Рио-де-Жанейрод үдэшлэгт уригдсан бол цагтаа очих хэрэггүй –

Бразилын Рио-де-Жанейро хотод нэг танилындаа болсон үдэшлэгт цагтаа очсоноо санах бүрт надад таагүй санагддаг хэмээн ВВС-гийн Люси Брайнсон дурсав. Тэгэхэд би Их Британийн Манчестер хотоос Риод очоод гурван сар л болж байсан юм. Хагас сайн өдрийг “churrasco” (барбекю)-д нэг танил маань урилаа. Албан ёсны болон энгийн янз бүрийн арга хэмжээнд таарч, бидний хооронд нэг ёсны анд нөхрийн харилцаа үүссэн юм.

Товлосон цагаас хоёрхон минут хоцорч очоод хаалга нээсэн найз бүсгүйнхээ гайхсан царайнаас би өдрөө андуурч ирж дээ гэж бодоход хүрч билээ. Шүршүүрээс дөнгөж гараад биеэ алчуураар ороосон тэрбээр надад янз бүрийн хоолтой сав, тарааж шидэлсэн хувцаснууд бүхий зочны өрөөгөө харуулаад, “Ainda nao estou pronta” буюу “Би арай л бэлэн болоогүй байна” гэж хошигносон аястай хэлсэн.

Найздаа туслах гэсэн ч цагаан хоолтой хүн барбекюг хэрхэн бэлтгэдгийг сайн мэдэхгүй учир жаахан харж зогслоо. Зурагт асааж өгөхөд нь сонирхолгүй нэг шоуг шимтэн үзэж буй дүр эсгэх хооронд найз маань үдэшлэгт өөрийгөө бэлтгэхийн сацуу хоол, ундаа зэхэв. 40 минут өнгөрөхөд хэн ч ирсэнгүй. Ер нь хүн ирэхгүй юм болов уу хэмээн түгшив. Гэрийн эзэгтэйг харахад огт санаа зовсон шинжгүй байтал хэлсэн цагаас бараг нэг цагийн дараа эхний зочид ирлээ. Гурван цагийн дараа гэр зочноор дүүрсэн.

Цагтаа ирсэн би маш таагүй байдал үүсгэсэн. Товлосон цагийг ягштал баримталдгаараа алдартай улсын Рио-де-Жанейро хотын оршин суугчид харин, эсрэгээ цаг огт баримталдаггүйг хэн хүнгүй мэддэг гэнэ. “Бразилд тэр дундаа Риод үдэшлэгт цагтаа очих нь ч зохисгүйд тооцогдог. Энэ нь үдэшлэгт урилгагүй очихтой бараг адил” гэж Бразилын Параньи технологийн их сургуулийн профессор Жакелини Бон Донада тайлбарлажээ.

Рио-де-Жанейро хотод хоцорсон гэдэг ойлголт байдаггүй. Үүнийг “Амьдрал бол наран шаралгын газар” гэсэн уриа бүхий тайван амьдрах, өдөр тутам хоцрох болон нийтийн тээвэр саатах гэсэн хүчин зүйлтэй холбодог. Кариокчүүд (Риод төрсөн хүмүүсийг ингэж нэрлэдэг) цаг баримтлахыг бусдаас шаарддаггүй, нийгэмд ч үүнд ач холбогдол өгдөггүй.

Риод хамгийн гайхалтай бөгөөд нарийн боловсруулсан төлөвлөгөөнүүд товлосон дагуу болдоггүй бөгөөд хоцрох нь бусдад, ялангуяа үдэшлэг зохион байгуулагчдад найрсаг хандсанд тооцогддог. “Зохион байгуулагч үдэшлэг эхлэх цагийн өмнө бус, дараа нь шүршүүрт орохоос бэлтгэлээ базаадаг нь бичигдээгүй дүрэм” хэмээн Их Британиас Рио-де-Жанейрод зургаан жилийн өмнө шилжиж очсон, португал хэлний орчуулагч Фиона Рой тодруулав.

Португал хэлний бразил хувилбарт энэ бүхнийг тусгай үгээр тайлбарладаг бөгөөд англи хэлэнд шууд орчуулга олдохгүй. “Atrasar” гэдэг үйл үгийг “хоцрох”, эсвэл “хоцрох шалтгаан болох” хэмээн орчуулж болох бол “demorar” гэдэг үг “цаг их авах” гэсэн утга илэрхийлдэг. “Muito enrolado/a” буюу нэлээд төөрөлдсөн хүн их “demorar”, эсвэл “atrasar” байдаг. Үүнийг шийдэхэд их хугацаа шаардах байх. Цагтаа ирдэг хүмүүст англиар ярьдаг АНУ, Их Британи зэрэг улсад л ач холбогдол өгдөг.

Риод өнгөрүүлсэн амьдралын эхний саруудад хийсэн бас нэг алдаа бол би бразилчуудыг хэтэрхий “сайн” мэдэж байсанд оршино. Хэд хэдэн удаа хүлээхийн зовлон амссаны дараа “estou chegando” (удахгүй ирнэ) гэдэг үгэнд хэзээ ч итгэх хэрэггүйг ойлгосон. Анхны уулзалтыг бааранд хоёр цаг гаруй хүлээж билээ.

“‘Estou chegando” гэдэг нь тэр хүн удахгүй ирнэ гэсэн үг биш. Харин таван минут, эсвэл хоёр цагийн дараа ирэх байх гэсэн утга илэрхийлнэ.

“Хоцрох хандлага бол үндэсний онцлог. Тэр дундаа Риод илүүтэй илэрнэ. Хэн нэгэн Риод “estou chegando” гэвэл бараг л хэн ч ойлгохгүй. Би өглөөдөө гэрээс ажил руу утасддаг даргатай байв. Тэрбээр “Замд түгжирлээ. Удахгүй очно” гэнэ. Тийн хэлэхэд нь шүршүүрийн ус гоожиж байгаа нь илт сонсогдоно. Их Британид ингэвэл хүмүүс хилэгнэнэ. Харин Риод байдаг л асуудалд тооцдог” гэж профессор Бон Донада тэмдэглэжээ.

Цаг баримтална гэдгийг бразилчууд ер нь мэддэггүй байж. 1933 онд бичсэн “Бразилын адал явдал: Амазоны шугуйгаар аялсан нь” номдоо Питер Флеминг “Үргэлж яарч явдаг хүн Бразилд аймшигтай байх болно” хэмээн товчхон тодорхойлсон байдаг. Риогийн тухай бүлэгт “Хоцрох нь Бразилын уур амьсгалын нэг хэсэг. Түүнд дасахаас өөр арга байхгүй. Хайхрахгүй байхын аргагүй тийм онцлог байдлаараа бразилчууд бахархах хэрэгтэй гэж бодож байна. Өөр нэг ч улс үүнийг үндэсний бахархлаа болгож чадаагүй” хэмээн Флеминг онцолсон байна.

Өдгөө Германд аж төрдөг кариок Симоне Фонсека Маррек цаг баримталж сурахын тулд маш их чармайлт гаргах хэрэгтэй болсон гэжээ. “Компанидаа ажиллаад удаагүй байхдаа танилцуулга эхлэхээс хоёр минутын өмнө очиход танхимд 20 орчим хүн хэдийн ирчихсэн намайг хүлээж байсан. Хоцроогүй ч олон хүн хүлээгээд сууж байсан болохоор хоцорсноос өөрцгүй сэтгэгдэл төрж билээ” хэмээн тэрбээр ярив.

Флеминг номдоо “Кариокчуудад “Хоцорлоо” гэж уурлаад дэмий. Ямар ч амжилт олохгүй. Таагүй байдал л үүснэ. Риогийн онцлог нь цаг чанд баримталдаггүйд бус, энэ хотын амьдралын хэмнэлд оршино” хэмээн тэмдэглэжээ.

“Өөдрөг учраас бид хоцордог. Бид их ажил амжуулж чадах бөгөөд уулзах цаг ч гарна. Хэрэв цаг гарахгүй бол санаа зовох зүйлгүй” гэж Фонсека Маррек ярив.

Гэхдээ кариокчууд хэдэн цагаар хоцордог ч юмыг хойшлуулахгүй байхыг илүүд үздэг. “Очихын хооронд хэн нэгэн шахахгүй, уян хатан байхад би дуртай. Нэг удаа төрсөн өдрөөр минь хэдэн найз нар баяр хүргэхээр бааранд үдэшлэг зохион байгуулсан юм. Бүтэн өдөржин, бас үдшийн талд бялуу хийсээр хаалгаа барихын өмнө л би бааранд очиж билээ. Ерөнхийдөө бүгдийг амжуулсан” хэмээн Фиона Рой бичжээ.

“Ажил хэргийн уулзалтад Риогийн оршин суугчид цагтаа ирэхийг хичээнэ гэж үгүй. Тиймээс найз нөхөд, танилын уулзалтад бүр ч ойлгомжтой. Бид хүссэн цагтаа буюу товлосноос хойш хагас цагаас нааш очихгүй нь тодорхой” хэмээн Фонсека Маррек ярьсан байна.

Рио-де-Жанейро хотод анх үдэшлэгт очоод авсан сургамжаа тэнд өнгөрүүлсэн есөн жилийн турш мартахгүй байхыг хичээсэн. Эцэст нь би хожигддог мастер болж, энэ тал дээр кариок найзуудаа ч давж, тэдэнд “virou brasileira” буюу “Чи жинхэнэ бразил болжээ” гэж хэлэгддэг болсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)