Амьдралаас алд дэлэм зөрсөн шүүхийн үнэлгээ

Та шүүхэд итгэдэг үү. Энэ асуултыг замд таарсан эхний 5-6 хүнээс асуухад “Итгэдэг” гэж нэг нь ч хариулсангүй. Зарим нь “Шүүх яаж завхарсныг өөрсдөө мэдэж байж. Юу асуугаад байгаа юм бэ” гэж унтууцав. Өнөө, маргаашийн талхаа яая гэж яваа ядарсан иргэдэд шүүх шударга, үр нөлөөтэй ажиллаж буй, эсэх нь тийм ч хамаатай биш бололтой. Шүүх хэдий хэр шударга, үр нөлөөтэй ажиллана эдийн засагт төдий чинээ эерэг нөлөө үзүүлдэг гэдэг. Энэ оны Эдийн засгийн эрх чөлөөний индексийн олон улсын тайланд дурдсанаар, Монгол Улсад шүүхийн үр ашиг 23 хувьтай гэж дүгнэжээ. Ийм байхад “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаанд оролцсон иргэдийн 60-аас доошгүй хувь нь “Шүүхэд итгэдэг” гэж хариулсан байх юм. Шүүх үр ашигтай ажилладаг учраас л иргэд итгэж байна гэж ойлгож болохоор. Гэвч бодит байдал өөр. “Та шүүхэд итгэдэг үү” гэсэн судалгааны ерөнхий асуулт нь учир дутагдалтай учраас л Монголын шүүх “гоё” харагдаж байна гэхэд хилсдэхгүй. Ядаж “Та шүүх шударга, үр нөлөөтэй ажилладагт итгэдэг үү” гэж асуувал илүү бодит хариулт гарах биз.

Шүүгчийн дээр хөх тэнгэр, хууль хоёр л баймаар. Гэтэл шүүх засаглал улс төрийн нөлөөнд автах болсныг хэн хэнгүй хэлдэг. Шүүх ямар ч байсан шударга шийдвэр гаргана гэж иргэд итгэдэг. Тодруулбал, өвчтөн эмчийн оношинд итгэдэг шиг хохирсон иргэд шүүх шударга шийдвэр гаргана, ямар нэгэн асуудал үүсвэл хууль ёсных нь дагуу шийдвэрлүүлнэ гэсэн итгэл найдвар тээдэг. Харин шүүх үр ашигтай ажиллаж байна уу, шударга, үнэнийг тогтоож чаддаг уу

Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс шүүхээр үйлчлүүлсэн болон үйлчлүүлж байгаагүй иргэдээс 2017 оноос хойш жилд хоёр удаа “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” хэмээх судалгаа авдаг болсон аж. Шүүхийнхэн судалгаагаа өөрсдөө авч, боловсруулан, үр дүнг нь танилцуулдаг гэсэн үг. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 2017 онд гаргасан “Шүүхэд итгэх иргэдийн итгэл санал, асуулгын тайлан”-д дурдсанаар шүүхэд итгэх иргэдийн итгэл өндөр гарчээ.

Тодруулбал, “Шүүхээр үйлчлүүлсэн иргэдээс шүүх, хэрэг, маргааныг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт хэр итгэж байна вэ” гэж асуухад 63.1 хувь нь “Шүүхдээ итгэнэ” гэж хариулжээ. “Шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө буюу 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 хувиас бага байсан бол энэ удаагийн судалгаагаар 63.1 хувьд хүрсэн нь иргэд шүүхэд итгэдэг болсныг харууллаа. Энэ нь шүүхийн шинэтгэлийн үр дүнг хэмжих гол үзүүлэлт мөн” хэмээн тус тайланд онцолжээ. Цаашид иргэдийн итгэлийг тасралтгүй нэмэх, үзүүлэлтийг бууруулахгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй гэжээ. Харин “Шүүхэд итгэдэггүй” гэж хариулсан иргэн маш цөөн буюу ердөө 3.5 хувьтай байна. Түүнчлэн багагүй хувь нь “Эргэлзээтэй байна”, “Хэлж мэдэхгүй байна” гэсэн хариултыг сонгосныг дурдах хэрэгтэй. Эл судалгааны үр дүнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр дарга, албан тушаалтнууд бахархалтай нь аргагүй олон нийтэд мэдээлж, “Шүүхийн шинэтгэлд иргэд итгэж байна” хэмээн өөрсдийгөө магтаад амжсан. 

Шүүхийнхэн өөрсдөө авч, боловсруулан, үр дүнг нь танилцуулдаг “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” хэмээх судалгааны асуулт

Харин 2017 оны Эдийн засгийн эрх чөлөөний индексийн олон улсын тайланд “Монгол Улсад шүүх хараат бус хэдий ч, үр ашиггүй, улс төрийн нөлөөнд орсон” гэж дурдсан юм. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын шүүхийн үр өгөөж 2017 онд 28.4, 2018 онд 30.9, 2019 онд 23.8, 2020 онд 23 хувьтай байна” гэж дүгнэжээ. Олон улсаас буюу хөндлөнгийн байгууллагаас манай улсын шүүх засаглалын үр өгөөжийг ингэж дүгнэсэн. Гэтэл манай шүүхийнхэн өөрсдийн боловсруулсан санал асуулгын хуудуутай хуудсаар авсан дүнгээ танилцуулж, “Иргэд шүүхдээ итгэдэг болжээ” гэж хөөрцөглөх. Итгэх гэдэг нэг өөр. Итгэлийг нь алдахгүй шударга ажиллаж, үр өгөөжийг нь иргэддээ амсуулна гэдэг тэс ондоо. Түүнчлэн Эрх зүйт ёсны индексийн 2017-2018 оны тайланд эрүүгийн хэргийн шүүх дэх гаднын нөлөөлөл иргэний хэргийнхээс илүү байгааг харуулжээ. Энэ нь Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаанд төрийн бусад институтийн хөндлөнгийн нөлөөлөл их буйг илтгэсэн баримт юм.

Монголын хуульчдын холбоо, Азийн сан хамтран өнгөрсөн онд “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдал” гэсэн судалгаа хийсэн байна. Хуульч, албан хаагчид нийт хэрэг, маргааны хэд орчим хувийг шударгаар, хууль ёсны дагуу шийдвэрлэдгийг тодруулахад судалгаанд оролцогчдын олонх нь “50 орчим хувь” гэж хариулжээ. Энэ нь иргэд хуульчдад төдийлөн итгэдэггүйг харууллаа. Судалгаанд оролцсон хуульч, иргэдийн цөөнгүй нь хэрэг, маргааныг шийдвэрлэх явцад ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс хуульч, албан хаагчдад хөндлөнгийн нөлөөлөл ирдэг гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, хэргээ нааштайгаар шийдвэрлүүлэхийн тулд мөнгө, эд зүйлс өгөх, эсвэл танил талаа ашигласан гэж оролцогчдын 60 хувь хариулсан бөгөөд тэд хүссэнээрээ буюу тохиролцсоноороо асуудлаа шийдвэрлүүлсэн гэжээ. Эрх бүхий албан тушаалтанд мөнгө, эд зүйлс өгсөн 25 тохиолдол бүртгэгдсэний 14 нь иргэн. Тэд 3.3-40.7 сая хүртэлх төгрөгийг хахуульд өгсөн бөгөөд үүний дөрөв нь эрүүгийн хэрэгт холбоотой байна.

Шүүгчийн дээр хөх тэнгэр, хууль хоёр л баймаар. Гэтэл шүүх засаглал улс төрийн нөлөөнд автах болсныг хэн хэнгүй хэлдэг. Шүүх ямар ч байсан шударга шийдвэр гаргана гэж иргэд итгэдэг. Тодруулбал, өвчтөн эмчийн оношинд итгэдэг шиг хохирсон иргэд шүүх шударга шийдвэр гаргана, ямар нэгэн асуудал үүсвэл хууль ёсных нь дагуу шийдвэрлүүлнэ гэсэн итгэл найдвар тээдэг. Харин шүүх үр ашигтай ажиллаж байна уу, шударга, үнэнийг тогтоож чаддаг уу гэдгийг үнэлэх иргэдийн итгэл хамгийн чухал билээ. Гэвч энэхүү судалгаа нь шүүхийн шударга байдал, үр өгөөжийг тодорхой гаргаж чадахгүй байна. “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааг энэ онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шинэчилжээ. Гэвч асуултуудыг өмнөхөөс нь онцын өөрчлөөгүй, харин ч “Шүүх хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ” гэх асуултыг “Шүүхэд итгэдэг үү” хэмээн илүү ерөнхий болгожээ.

Өнгөрсөн онд хийсэн “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгаар иргэдийн 64.8 хувь нь “Шүүхэд итгэдэг” гэжээ. Сүүлийн жилүүдэд шүүхэд итгэх иргэдийн итгэл энэ мэт өссөөр, харин олон улсын судалгааны тайланд эсрэгээрээ буурсан нь хачирхалтай. Өөрсдийгөө дөвийлгөсөн энэ үнэлгээ нь амьдралаас алд дэлэм зөрж байна. Шүүгчид нь өөрсдөө авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, саяхан ял сонслоо.

“Салхитын мөнгөний ордын” гэх тодотголтой хэрэгт зургаан шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн ажилтан холбогдсон. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шаштны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар тус бүр нь 10-150 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Одоогийн байдлаар тэднээс гурван шүүгчид нь 2-5 хүртэлх жил хорих ял оноосон. Харин Д.Цолмон, Г.Цагаандорж нарыг цагаатгасан бол Ц.Амарсайхан БНСУ руу эмчилгээнд явсан учир хэргийг түдгэлзүүлжээ. Энэ нь үнэндээ албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан эрх мэдэлтнүүдийн толгойг илсэн хэрэг. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө ч нэр бүхий улстөрчдийг цагдан хорьж, ял ногдуулах ажиллагааг “бөөндсөн” нь шүүгчид улс төрөөс хараат ажилладгийг баталсан явдал гэж үзэх хүн цөөнгүй. Энэ мэтээр манай шүүх, засаглалынхан сонгууль, баяр наадам

зэрэг онцлог өдрүүдэд “онцгой сайн” ажилладаг. Шүүгчдийн цалин эдүгээ дунджаар 3.3 сая төгрөг болсон. Шударга үнэний элч гэгддэг шүүгчдийн цалинг нэмснээр авлигаас ангид байна хэмээсэн нь амьдралд эсрэгээрээ боллоо. Хүний шунал барагдахгүй бөгөөд авлигаас ангид байх нь тухайн шүүгч, хууль, хүчний байгууллагынхны өргөсөн тангарагтаа үнэнч, эсэх, шударга, ёс зүйтэй байдлаас л хамаарах болов уу. Өнгөрсөн онд гэхэд Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Шүүгчид өөрсдөө “но”-той байхад шийдвэр нь шударга гарна гэхэд итгэхэд бэрх. “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” төслийн танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болно. Энэ үеэр шүүгчийн сахилга, хариуцлагын тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас танилцуулах юм билээ. Шүүх байгууллагынхны өөрсдийгөө “онц” хэмээсэн үнэлгээ амьдралд хэр бодитойг нягтлах цаг болжээ.

БАЙР СУУРЬ

“ХАЛААСНЫ” ХЭДХЭН ШҮҮГЧ НОЁДОД ҮЙЛЧИЛДЭГ

Э.ЦОЛМОНБАЯР (Баянзүрх дүүргийн I хорооны иргэн):

-Иргэнийнхээ хувьд Монголын төр, засаг цаашлаад шүүх байгууллагад итгэл алдарсан. Би таван жилийн өмнө эрүүгийн хэргийн хохирогч болсноор шүүхийн жинхэнэ дүр төрхтэй нүүр тулсан юм. Түүнээс хойш дөрвөн жил болсны эцэст хэргийг хүчний байгууллагын талд шийдвэрлэсэн. Бид шүүх засаглалын эрх мэдлийг хэн нэгэн албан тушаалтанд алджээ. Энэ нь ирээдүйгээ алдсанаас ялгаагүй. Бусад оронд шүүх нь бие даасан, иргэдийнхээ төлөө ажилладаг учир шударга ёс дийлж, шүүх засаглал хүчтэй гэдгээ харуулдаг. Харин манайд “халаасны” хэдхэн шүүгч ноёдод үйлчилж байгаа нь нууц биш. Өөрсдөдөө зориулж хууль баталдаг манайх шиг улсад яаж шударга шүүх байх билээ. Гар утас хулгайлсан хүүхдэд найман жилийн ял оноодог хэрнээ хэдэн тэрбум төгрөг завшсан албан тушаалтнууд шийтгэлгүй үлдэж, эсвэл хөнгөн ял авдаг.

ИРГЭДИЙН ХУУЛИЙН МЭДЛЭГ МАШ НИМГЭН БАЙНА

С.ЭНХТАЙВАН (Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн):

-Шүүхэд итгэдэггүй. Шүүх засаглал шударга байж ард түмэн оршин тогтоно. Шүүхийг замхруулаад байхаар иргэд итгэлгүй болох нь аргагүй. Эрх мэдэл, мөнгөтэй хүн, жирийн иргэдэд шүүх өөр өөр үйлчилж байна. Жишээлбэл, хэн нэгний танил биш, эрх мэдэлгүй хүн, олны танил эрхэм хоёр ижилхэн хэрэг үйлдлээ гэхэд тэнгэр, газар шиг ялгаатай ял ногдуулдаг. Албан тушаал, эрх мэдэлтэй хүний хэргийг шийдэхгүй, удаашруулж, цаг хожиж, эцэстээ хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгадаг. Алдахгүй хүн байхгүй. Тиймээс шүүх шударга ажиллахгүй бол бүх хүн гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй. Манай иргэдийн хуулийн мэдлэг маш нимгэн. Өмгөөлөгч авах, эсэхээ ч мэддэггүй. Хууль, эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулж, албан тушаалтнууд айлган сүрдүүлж, мөнгө нэхдэг. Гэтэл манай улсад шүүгчид маш өндөр цалинтай шүү дээ.

ШҮҮХ АРД ТҮМЭНДЭЭ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ

А.АЛТАНЗАВЬЯА (Баянгол дүүргийн II хорооны иргэн):

-Өлсөхийн эрхэнд талх хулгайлсан хүүхэд, өндөр албан тушаалаа ашиглан авлига авсан этгээдээс илүү хүнд ял сонсож байхад иргэд яаж шүүхэд итгэх юм бэ. Саяхан хэдэн шүүгчид 2-3 жилийн ял оноолоо. Энэ бол толгойг нь илсэн хэрэг. Шүүх засаглал ард түмэнд үйлчлэх ёстой болохоос албан тушаалтанд үйлчлэх ёсгүй. Би ломбарданд тавьсан үнэт эдлэлээ алдчихаад цагдаад хандахад шийдвэрлэж, хохирлыг минь барагдуулаагүй. Эцэст нь хохирсон хүн л нэмж хохирдог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)