“Амттан”

Аз жаргалын амт таныхаар ямар байдаг вэ. Энэ төрлийн амт нэг л янз байдаг болов уу. Эсвэл өөр үү. Тэр нь хаанаас, юунаас ирдэг юм бол.

Миний хувьд хэзээ ч, юунаас ч авч болох тэр амтыг надад бэлэглэдэг олон зүйл бий. Саяхны нэг өдөр автобусанд тэдгээрийн нэгтэй таарлаа. Автобусны бариул болгоноос нэгийг зүүчихсэн харагдав. Дараагийн автобусанд ороход дахиад баахан “амттан”. Амташсан өчнөөн хүн. Сул суудал байсан ч тэд тоосонгүй, нэг гараараа бариулаас лавхан бариад, нөгөө гараараа “амттан”-аас тас атгачихжээ. 

Зарим нэгний “амт”-нд шунасан нүдийг нь ээ. Зорьсон газартаа хүрсэн хэрнээ зарим хүн буулгүй үлдчих шиг санагдсан. Бариулаас өлгөөтэй “амттан”-д би бас дурлачихсан. Автобуснаас буугаад шууд номын дэлгүүр лүү гүйлээ, би. Нийтийн унаанд байсан, хамгийн амттай хэсгийг нь тоймлож хэвлэсэн номын танилцуулгууд хорхойг минь хүргэсэн учраас тийн жирийлгэсэн хэрэг.

Хүүдээ, охиндоо, ханьдаа гэсээр хэтэвчээ бүр “гөвж” орхив. Болдог бол дэлгүүрийн бүх номыг гэр лүүгээ нүүлгэх сэн. Номын дэлгүүрт ирсэн үйлчлүүлэгч бүрийн хүсэл минийхтэй ижил гэдэгт мөрийцсөн ч яах вэ.

Сүүлийн үед номын дэлгүүр олширсон. Бүх дэлгүүр борлуулж буй номынхоо товч танилцуулгыг автобусанд, кафе, зоогийн газарт, галт тэргэнд, онгоцонд, тараадаг бол гоё оо. “Амттан” олон, хүртээмжтэй байх тусам л монгол хүүхдүүд номд дурлана. Номын амтанд орсон хүүхэд ирээдүйд хэн болдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ биз ээ. 

С.Дулам, Т.Галсан, Д.Цоодол, Л.Өлзийтөгс гээд бидэнтэй нэг цаг үед амьдарч буй алдартнууд номын амтанд шунан дурлагчид байснаа нэг бус удаа дурдсаныг санаж байна. Би хувьдаа багаас минь номын сангаа “амттан”-аар дүүрэн байлгаж ирсэн аавдаа маш их баярладаг. Надад өдгөө хүүхдүүддээ номын сангаа дүүргэж өгөх том ажил бий. Эхнээс нь цуглуулж л явна, “амттан”-уудаа. Нэг л мэдэхэд номын сан минь дүүрэх биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)