Амрах дургүй, ахмад оюутан дипломоо гардлаа

Өдгөөгөөс гурван сарын өмнө манай сонинд “65 настай, амрах дургүй оюутан” нэртэй нийтлэл хэвлэгдэж, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Намнангийн Нямжавын тухай уншигчдадаа хүргэж байсан билээ. Тэрбээр 40 жил дипломат албанд хүчин зүтгэж хоёр орны харилцаа, консул, төрийн дипломат ёслол гэсэн гурван чиглэлээр ажиллаж байсан бөгөөд тэтгэвэртээ гарсныхаа дараа Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцах болсон юм. Дипломатын академид суралцахаасаа өмнө тэрбээр МУИС-д барилгын инженерийн ангид сурж байсан учраас энэ мэргэжлээ бүрэн дүүрэн эзэмшихээр шийдэж гурван жилийн өмнө ШУТИС-д элссэн юм билээ. Харин өчигдөр тэрбээр бакалаврын дипломоо гардаж авлаа. Тэрбээр Булган аймгийн Тэшиг сумын ариутгах татуургын системийг боловсруулж дипломын ажлаа хамгаалжээ. Сургуулийнхаа хамгийн ахмад хийгээд идэвхтэй оюутанд диплом гардуулахаар эрдмийн зөвлөлийнхөн цуглаж, түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Ж.СОЛОНГО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)