“Амны хаалтыг 450 төгрөгөөр нийлүүлэх боломжтой”

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол, зөв зүүх, гараа савандаж угаах, ариутгах, аль болох гадуур зорчихгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж буй. УИХ-аар хэлэлцэж буй Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуульд амны хаалт тогтмол зүүх, нэг дор олноор цуглахгүй байх заалт тусгаж, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох гэнэ. Нэг талаас халдвараас урьдчилан сэргийлэх, нөгөөтээгүүр, хуулиа дагаж мөрдөхийн тулд иргэд амны хаалт зүүж хэвших ёстой. Тэгвэл зах зээлд амны хаалт хангалттай байна уу. Мөн иргэд халдвараас хамгаалах уг хэрэгслийг зөв, тогтмол хэрэглэж чадаж буй, эсэхийг тодрууллаа.

Коронавирусийн халдвар урд хөршид анхлан тархсанаас үүдэж, тус улс амны хаалт экспортлохоо нэг үе зогсоон, манайд эрэлт үүсэж, үнэ нь өссөнийг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны төлөөлөл өнгөрсөн сард мэдээлсэн. Түүнчлэн түүхий эдийнх нь үнэ өссөн учир өртөг өндөр болсныг ч тайлбарлав. Харин өдгөө урд хөршөөс амны хаалт импортолж байна. Мөн дотооддоо “Мөнхийн тун” компани өдөрт 120-150 мянгыг үйлдвэрлэснээр нийлүүлэлт хангалттай болжээ. Энэ талаар тус компанийн хангамж хариуцсан менежер Э.Батцэцэг “Манайх өдөрт 20 мянган амны хаалт 700 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлж байна. Мөн улсын эмнэлгийн байгууллагууд, захиалга өгсөн аж ахуйн нэгжүүдэд өгдөг. Амны хаалтын эрэлт буурч, захиалга өгөх нь багассан” гэв. “Бөмбөгөр” худалдааны төв орчмын эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад нэг удаагийн болон даавуун амны хаалтыг 700-1000 төгрөгөөр борлуулж буй бөгөөд өдөртөө дуусахгүй байгааг эмийн санчид нь хэллээ.

Стандарт, хэмжил зүйн газрынхан даавуун амны хаалтын Монгол Улсын стандартыг өнгөрсөн сарын 13-нд баталсан. Оёдлын холбооны гишүүн 15 үйлдвэрийнхэн уг стандартын дагуу өдөрт 30 мянган ширхэг даавуун амны хаалт оёж худалдаж эхэлсэн юм. Гэтэл өдгөө үйлдвэрүүд амны хаалт оёхоо зогсоосон гэнэ. Тус холбооныхон “Даавуун амны хаалтыг хоёр цаг зүүж, угааж хэрэглэх боломжтой учир эдийн засагт хэмнэлттэй. Манайхан батлагдсан стандарт дахь техникийн шаардлагыг баримтлан, агшиж, сунахгүй, амьсгалах боломжтой, том хүний болон хүүхдийн амны хаалтыг тогтсон хэмжээгээр оёж, үйлдвэрийн нэр, хаяг, хэрэглэх заавар, багцын дугаарын хамт худалдаанд гаргадаг. Гэвч сүүлийн үед амны хаалт ихээр импортолж эхэлсэнтэй холбоотойгоор даавууныг бараг худалдаж авахаа больсон. Одоо 60 мянган даавуун амны хаалт бэлэн бий ч борлохгүй байгаа учир үйлдвэрүүд оёхоо түр зогсоосон” хэмээв.

Үүнээс гадна Монголд “Нахиа импекс” компани нэг удаагийн амны хаалт үйлдвэрлэхэд бэлэн болсон аж. Энэ талаар тус компанийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Г.Тайванбат “Манайх шаардлагатай тоног төхөөрөмж оруулж ирэн, үйлдвэрлэлээ эхлүүлэхэд бэлэн болсон. Зөвхөн тусгай зөвшөөрөл хүлээж сууна. Суурилагдсан хүчин чадлын хувьд өдөрт 150 мянган амны хаалт үйлдвэрлэх боломжтой. Нэг удаагийн амны хаалтыг 450 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлэхээр төлөвлөсөн” гэв. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээнээс үзвэл, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 24 хүртэл манай улс 16 762 амны хаалт импортолжээ. Нэг удаагийн амны хаалт нь халдвараас бүрэн сэргийлж чадахыг эмч, мэргэжилтнүүд хэлсэн. Мөн дээрх стандартын дагуу оёсон даавуун амны хаалт нь уг вирусээс бүрэн сэргийлэхгүй ч бусад төрлийн халдвараас хамгаалах аж. Эмийн сангуудад импортын даавуун амны хаалт цөөнгүй харагдсан бөгөөд эмийн санч нь халдвараас бүрэн хамгаалахгүйг хэлсэн юм.

Гудамж, талбайд даавуун болон нэг удаагийн амны хаалт ил хаясантай байнга таардаг. Амны хаалт аюултай хог хаягдлын жагсаалтад багтдаг учир ил задгай хаяхгүй байхыг МХЕГ-аас анхааруулж буй. Мөн хоёр цаг тутамд сольж, нэг удаагийнх бол гялгар уутанд хийн хаяж, даавуун бол угааж хэрэглэхийг зөвлөв. Ил хаяснаас халдвар тархан, олон төрлийн нян, вирус үржиж, улмаар элдэв өвчин үүсгэж болзошгүй аж. Харин эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудын хог хаягдлыг мэргэжлийн хяналтынхан хянаж байгааг хэлсэн. Ийнхүү аюултай хог хаягдлыг гудамжинд ил хаяж буйд тавих хяналт, зөвлөмжөө сайжруулах, иргэд ухамсраа дээшлүүлж, бусдад шаардлага тавьж сурах хэрэгтэйг эмийн санчид уламжлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)