Амны хаалтыг зөв сонгож, хэрэглэхийг заалаа

Европын Холбооноос санхүүжүүлж буй “Амьсгалах эрх” төслийн хүрээнд нийслэлийн 35 дугаар сургуулийн 100 орчим хүүхдийг амны хаалт зүүж, хэвших сургалтад хамрууллаа. Сургалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Трайан Лауренти Христеа, UNICEF-ийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар оролцож, хүүхдийн эрх, агаарын бохирдлын асуудлаар ярилцав. Элчин сайд Трайан Лауренти Христеа “Дэлхийн хүүх үүд аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их өртдөг тул өөрсдийгөө хамгаалж сурах шаардлагатай. Утааны эрсдэлээс сэргийлэх гол арга хэмжээ бол амны хаалт зүүх” хэмээн онцоллоо.

Үүнээс гадна шар, улбар шар, ногоон, улаан, ягаан, хүрэн гэх өнгөний дарааллаар агаарын бохирдлын түвшнийг хэрхэн илэрхийлдгийг тайлбарлалаа. Тухайлбал, тус сургуулийн дотоод орчинд агаарын чанар ямар байгааг тусгай төхөөрөмжөөр хэмжиж, улаан буюу их, дунд зэргийн бохирдолтойг хүүхдүүдэд харуулав. Ийм бохирдолтой үед агаар цэвэршүүлэгч ажиллуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, гадаах агаар цэнгэг бол цонхоо онгойлгохыг зөвлөв. Сургалтын багш Б.Нарантуяа “Амны хаалтын зөвхөн шүүлтүүр хэсгээр бус, захаар нь бохир агаар ордог. Тиймээс амны хаалтыг нүүрний хэлбэрт тохируулан сонгож, хамар, эрүү орчмын хэсгийг сайтар дарж зүүх хэрэгтэй. Мөн үнэтэй амны хаалт бохир агаарыг сайн шүүдэг гэж ойлгож болохгүй. Агаарын бохирдлын хамгийн нарийн буюу PM2.5 тоосонцрыг нэвтрүүлдэггүй амны хаалтыг эмийн санчийн зөвлөгөөгөөр сонгож хэрэглээрэй” хэмээлээ. “Амьсгалах эрх” төсөл хэрэгжүүлэгч “People in need” ТББ амны хаалт зүүж, хэвших сургалтад нийслэлийн 20 сургуулийн 40 багшийг хамруулжээ. Цаашид ч ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад амны хаалт зөв хэрэглэх хичээл заах аж.

Бэлтгэсэн: Б.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)