Амлалт нэхсэн 60 хоног

Шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад хоёр сар болж байна. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар энэ оны долдугаар сарын 8-нд Ж.Эрдэнэбатыг томилсон. Түүний танхим 16 сайд, 13 яамтай.

Эдгээрээс 11 сайдыг долдугаар сарын 23-нд, үлдсэн дөрвийг нь 30-ны өдөр томилсноор Засгийн газрын бүрэлдэхүүн 100 хувь болсон юм. Үүнээс хойших хугацаанд Засгийн газар ямар ажил хийснийг цэгнээд үзье. УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, 65 суудал авсанд тэдний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр чухал нөлөөтэй.

Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салган, төрийн дампуурлыг засна хэмээн тэд амласан билээ. Өөр олон сайхан амлалт өгсөн. Эхнээсээ л амласныхаа дагуу ажиллах нь тэдний үүрэг. Харин Засгийн газар энэ үүргээ биелүүлж чадаж байна уу.

“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙГ ТАЙЛЖ, МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БҮРДҮҮЛНЭ

МАН ингэж амласан. Тиймээс Ерөнхий сайд шинэ танхимдаа мэргэжлийн, бас “давхар дээл”-гүй хүмүүс багтаах учиртай байв. Гэвч эхнээсээ л шүүмжлэл дагуулах нь тэр. Ж.Эрдэнэбат сайдын нэр дэвшүүлсэн 16 хүн дотор Д.Өнөрболор, Ч.Анандбазар тэргүүтэй ашиг сонирхлын зөрчилтэй эрхэм байгааг АТГ тогтоосон учир иймэрхүү “асуудалтай” дөрвөн хүнээ авч үлдсэн юм.

Олон нийтийн шүүмжилснийг сонсохоос аргагүй болсон гэсэн үг. Үлдсэн 11 хүн нь сайд болсон. Гэхдээ УИХ-ын босгыг хэл амтайгаар, арайхийн давдаг, “хэлгүй” Б.Чойжилсүрэнг Сангийн, баян айлын өв залгамжлагч хүү Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд гэх мэтээр оноосныг тухайн үедээ хэвлэлээр хангалттай шүүмжилсэн.

Ц.Мөнх-Оргилоос бусад нь олон нийтэд шууд хүлээн зөвшөөрөгдсөн нь юу л бол. Сүүлд нэрийг нь оруулж ирсэн дөрвөн сайдыг ч шүүмжлэл тойроогүй. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг хувьдаа эмнэлэгтэй, ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн ярьж байв. Мөн 16 сайдын 50 хувь нь “давхар дээлтэй”. Магадгүй “Хязгаарлаад л 50 хувийг нь гаднаас томилсон” гэх байх. Гэвч энэ намынхан өмнөх парламентын үед “давхар дээл”-ийг хэрхэн эсэргүүцэж, яаж тэмцэж байсныг иргэд мартаагүй байна.

ТАТВАР НЭМЭХГҮЙ, ШИНЭЭР БИЙ БОЛГОХГҮЙ

УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 25-нд зарласны хамгийн гол шалтгаан нь төсвийн тодотголыг хэлэлцэн батлах байлаа. Энэ бол Засгийн газрын хийсэн нэг гол ажил. Гэвч оруулж ирсэн төсвийн тодотгол нь өгсөн амлалтаа яаж 180 хэм эргүүлж болдгийн жишээ болсон. Татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй, эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй хэмээн сонгуулиар амласан эрхмүүд найман төрлийн татварыг өсгөхөөр оруулаад ирэв.

Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг тав, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол хүн амын орлогын татварыг 10-аас 25 хувь болгож нэмэх, 150 ам метрээс дээш талбайтай орон сууцанд амьдардаг иргэдээс үл хөдлөх хөрөнгийн татвар авна гэсэн. Энэ саналыг олон нийт эсэргүүцэв. МАН-ын гишүүд нь ч шүүмжилсэн. Дундаж давхарга бий болгоно хэмээн амлачихаад гайгүй цалин авч, ажлын байр бий болгож яваа хүмүүсээ илүү “шулна” гэсэн нь амлалтаа мартсан хэрэг байв. Үүнээс болж Засгийн газрыг огцруулах яриа хүртэл гарсан.

Мөн хүүхэд бүрт мөнгө олгоно гэсэн ч эдүгээ зорилтот бүлэгт нь буюу 60 хувьд нь өгөхөөр болоод байгаа. Эдийн засаг хүндрэлтэй байхад зарим зардлаа танаж, илүү орлого олох ёстой. Тиймээс хэдийгээр төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмнэ гэсэн ч өндөр албан тушаалтнуудын цалинг тодорхой хувиар бууруулах саналыг нь иргэд дэмжсэн. Сурлага, боловсролдоо нэмэрлэдэг гэхээс илүү шоу цэнгээнд үрдэг оюутнуудын 70.200 төгрөгийн тэтгэмжийг хасахыг ч буруушаагаагүй. Зардал хасах саналууд дотор нь авах, дэмжих зүйл цөөнгүй байсан.

Гэвч том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж, хөрөнгө оруулалт татахын оронд бэлэнчилж, татвар нэмэх замаар иргэдийнхээ халаас руу гар дүрж, төсвийн алдагдлыг нөхөх “мэргэн” саналдаа МАН бүдэрсэн. Амласныхаа эс рэг ажиллаж, иргэдийн түрийвчийг тэмтрэхийг илүүд үзсэн энэ намын нэр хүнд иргэдийн дунд унаж эхлэв. Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн үед ийм шийдвэр тэдэнд сайн үр дүн авчрахгүй учир УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газартаа чиглэл өгч, саналыг нь буцаалгасан билээ.

Мөн төрийн ямар ч албан тушаалтны цалинг хасахааргүй болсон. Гэвч орон нутгийн сонгууль дууссаны дараа дээрх саналуудаа буцаан оруулж ирэх вий гэсэн хардлага хэвээр байна. Ерөнхий сайд татвар нэмэх санаанаасаа ухраагүй тухайгаа бизнесийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн нь хардлагыг баталгаажуулж буй юм.

АХМАДУУД ХҮРТЭХ БҮХНЭЭ ХҮРТЭНЭ

Ахмадуудын хүсэн хүлээж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг парламент буцаачихсан. Бас л бөөн шүүмжлэлд дарууллаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Ахмадууд талийгаач хөгшнийхөө өмнөөс тэтгэвэр авмааргүй байна” гэсэн саналыг Сангийн яаманд ирүүлж байна” хэмээн яриад буруудав. Түүний энэ үг намынх нь рейтингэд халгаатай болсон учраас халах, солих тухай яриа гарсан. Энэ ярианы маргааш Ерөнхий сайд чуулган дээр “Хамтын тэтгэврийн хууль бол нэг нь үхэхээр нөгөө нь их мөнгө авна гэсэн агуулгатай.

Хоёр хөгшин өөд өөдөөсөө хараад муу юм бодох нь” гэж хэлээд даарин дээр давс нэмчихэв. Хамтын тэтгэврийн тухай хуулийг АН санаачилж, тэд эрх барьж байх үед баталсан учраас хэрэгжүүлэх дургүй байсан бололтой юм. Оронд нь өөрсдийнхөө амласан “Насны хишиг”-ийг хүртээнэ гэсэн. Амлалтынхаа дагуу Засгийн газар “Насны хишиг” олгохоор өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.

Гэвч энэ хишиг нь 70-аас дээш насныханд л хамаатай. Уг нь манай хуулиар эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 нас хүрээд тэтгэвэрт гарч, ахмад хэмээх ангилалд багтдаг. Мөн хүн амын дундаж нас 67 байгаа. Гэтэл ахмадууд хүртэх ёстой бүхнээ хүртэнэ хэмээн амлаад байсан тэд ийнхүү насны ялгаа гаргасанд олон хүн дургүйцэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг санаачлагчид нь буцаасан нь бас л иргэдийн эсэргүүцэлтэй тулсан. Тэгмэгц нь хурдхан буцаагаад өргөн барьж, хэлэлцэх, эсэхийг нь шийдлээ.

Гэвч намрын чуулганаар энэ хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж, батална. Үүнд тодорхой хугацаа шаардана. Тэр зуурт нэг бүсгүй харгис нөхрийнхөө гарт амиа алдлаа. Нэгэнт баталчихсан байсан хуулийг ёсчилоод хэрэгжүүлчихсэн бол хүчирхийлэл үйлдэгчдэд эрүүгийн хариуцлага тооцож эхлэх байв. Иргэдийн өдөр тутмын амьдралд хамаатай, нийгэм, эдийн засгийн салбарт өгсөн хэдхэн амлалтыг нь шүүгээд үзэхэд л ийм байна. Хоёр сарын хугацаанд Засгийн газар иргэдээс сайн дүн авч чадсангүй. Эндээс нэг зүйл ажиглаж болно.

Тэд амлалтаа умартаад эсрэг алхмууд хийнэ, зүтгэнэ. Олон нийтийн хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулна. Тэгмэгц өнөөх саналаасаа ухарна. Үр дагаварт нь намынх нь нэр хүнд унаж буй юм. Үүний оронд амлалтынхаа хүрээнд л ажиллавал бүх зүйл сайн баймаар. Юутай ч эрх баригчид сонгуулиар өгсөн амлалтаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шингээн баталсан. Илүү том амлалтыг хэрэгжүүлэхэд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс цаашид өгсөн амлалт, тавьсан зорилгынхоо хүрээнд илүү сайн ажиллахыг хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)