Амлалтаа биелүүлсэн 10 жил

Хилийн цэрэгт 30 гаруй жил хүчин зүтгэж, сантехникч, барилгачин, нярав, отрядын дарга хийж явсан нэгэн эрхмийг “Байгальд ээлтэй хүн” буландаа онцоллоо. Тэрбээр өөрийн гэсэн ойтой болох мөрөөдлөө биелүүлээд 11 жилийг үджээ. Хайлаас, улиаснаас эхлээд чавга, алимны модоор хашаагаа чимсэн энэ эрхмийг С.Самдандовжид, гэргийг нь Ч.Шуурай гэдэг. Завхан аймгийн Сонгино сумын уугуул тэд өдгөө Сонгинохайрхан дүүргийн XXXII хороонд амьдарч байна. С.Самдандовжид хүүхэд байхын л “бадарчин” нэгэн байжээ. Ах нар нь цэргийн хүн учир тэднийгээ дагаж нүүсээр гурван ч удаа сургуулиа сольсон гэнэ.

Тэрбээр 1971 онд Барилгын техникум төгсөж, төрөлх сургуульдаа сантехникчийн ажилд ороод байхдаа гэргийтэйгээ танилцаж, хоёр хүүхдийн эцэг, эх болсон байна. Түүний гэргий Ч.Шуурай эх баригч мэргэжилтэй. Гэхдээ нөхрөө даган хилийн цэрэгт бичээчээр ажиллаж явсан нэгэн. С.Самдандовжидын гэр бүл 1990 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн бөгөөд тэр үеэс Хил хамгаалах ерөнхий газрын Хөрөнгө оруулалт хариуцсан ар талын орлогч даргын ажилд томилогдсон гэнэ. Баян-Өлгий аймагт гурван жил Хилийн цэргийн отрядын даргаар ажиллахдаа 63 000 казахыг Казахстан руу нүүлгэн шилжүүлж, 168 хил зөрчигч барьсан гавьяатай нэгэн. Хил манаж 30 гаруй жил ажилласан тэрбээр 2000 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргаар томилогдсон аж. Дараа нь Хилийн цэргийн барилгын 0119 дүгээр ангийн захирагчаар томилогдсон байна. Хойд хилийн заставуудын 70 гаруйг, отрядуудын зургааг нь босгосныг үнэлж Монгол Улсын Гавьяат барилгачин цол тэмдгээр тэтгэвэрт гарсных нь дараа шагнасан гэнэ. Эргэлт буцалтгүй хилийн цэрэгт зүтгэсэн түүний ажил мөрөөдлөө биелүүлэхэд нь саад болсон гэхэд хилсдэхгүй. Энэ талаар тэрбээр “Хилийн цэргийн алба хаагч гэдэг нүүдлийн шувуу, цагаан зээр шиг амьдардаг хүмүүс. 

Очсон газраа хамгийн ихдээ л таван жил ажиллана. Хашаа барьж, мод тарьж болохгүй. Орхиод явахаар хэн тэднийг ургуулж, услах билээ дээ. Залуу байхдаа өөрийн гэсэн ой байгуулж, модоор хучигдсан шугуй дундуур алхуулна гэж эхнэртээ амласан удаатай. Харин тэтгэвэртээ гарчихаад өгсөн амлалт, мөрөөдөлдөө хүрэхийн тулд байшингаа ч барьж амжаагүй байхдаа мод суулгаж эхэлсэн” гэв. Өдгөө тэдний хашаа гишгэх газаргүй болтлоо мод, бутаар хучигджээ. Тарьсан модных нь үндэс салаалсаар өөр газар ургах болсныг олзуурхан ярив. Зарим мод нь ургаж хоёр давхар байшинтай нь чацуу болсон байв. Хамгийн анх суулгаж байсан саваа, гацуур мод нь байшинтай нь зэрэгцжээ. “Польшын эрдэмтэд бургасыг судалж, эрлийзжүүлээд саваа мод гаргаж авсан юм билээ. Бид мод тарихаасаа өмнө суулгах, тарих талаар уншиж, ургуулсан хүмүүсээс нь асууж тодруулдаг юм. Зарим мод хүүхэд шиг арчилгаа их шаардахын зэрэгцээ 2-3 жил ургаад хөлдчихдөг. Тиймээс том болтол нь тордохгүй л бол болохгүй. Одоохондоо өвөө, эмээ болж амжаагүй учир хэдэн модоо л хүүхэд шигээ асарч байна. Саваа мод суулгаснаас хойш нэг жилийн дараа 10 ширхэг үхрийн нүд, 12 чацаргана тарьлаа. Үхрийн нүдний модны зургаан нь ургаад үлдсэн нь хөлдсөн. Харин чацарганы мод үндсээрээ тархаад өөр нэлээдгүй газар ургасан. Зундаа өөрсдийн хэрэглээний жимсээ түүж, хүнсний ногооныхоо 50 хувийг бэлтгэдэг. Мөн хамаатнууд ирж авна” гэж гэргий Ч.Шуурай нь ярив.

Тэд жил бүр шинэ мод тарихыг эрмэлздэг аж. Эхний жил саваа, дараа нь үхрийн нүд, бургас, түүний дараа нарс, гацуур, монос тарьсан бол энэ жил хуш, алим, чавганыхыг нэмж тарихаар төлөвлөж, зургаан нүх ухжээ. Монгол сакура гэгдэх голт бор, шар хуайс, тошлой, үрэл, тэхийн шээг, долоогоно, бөөрөлзгөнө, хус гээд 20 гаруй төрлийн мод тэдний хашаанд харагдав. Тэр ч бүү хэл, нэрийг нь мэдэхгүй цэцэг тарьчихаад өөрөө нэр өгчихдөг гэв. С.Самдандовжид Сүмбэрийн 24 дүгээр отрядаас цэцэг авчирч, зүлгийн талбайдаа тарьсан нь овоо дориун ургажээ. Уг цэцгийн нэрийг мэдэхгүй тул “24” гэж нэрлээд “Манай 24-ийн талбай их сайхан цэцэглэдэг” гэж ярив. Хашааныхаа буланд хоёр төрлийн зэрлэг сонгино тарьсан нь том навчаа дэлгээд, хараа татам болжээ. Нэгийг нь Хөвсгөлөөс, нөгөөхийг нь Завхан аймгийн Мухар намчир гэх газраас авчирсан аж. Тэд анх Мухар намчирт танилцсан учир тэнд ургадаг ургамлыг бэлгэшээн хашаандаа тарьсан нь энэ аж. 

Тэдний хашаанд зургаан гацуур бий. Уг нь 10 ширхгийг суулгасан боловч бусад нь ургаагүй. Өвөлдөө чимж, зундаа гүн ногоон өнгөөр хашаагаа гоёдог гацуур нь шороонд дарагдаж өнгө алджээ. Дархан-Уул аймгийн чиглэлийн замыг хаасан учир тэдний хажуугийн шороон замаар машин их явах болж. Тиймээс тоос босож, ойр хавийнх нь айлуудын модыг шороогоор хучсан харагдав. “Манай энд засмал зам тавьдаггүй юм гэхэд Дарханыхыг хурдан ашиглалтад оруулахгүй бол айлуудын мод хэцүүдлээ” хэмээн С.Самдандовжид халаглав. Мөн “Гацуур их удаан ургадаг бөгөөд 50 см төдий жижигхэн мод суулгахад эхний гурван жил яг хэвэндээ байдаг. Харин дөрөв дэх жилээс нь эрчимтэй ургаж эхэлсэн. Гацуурт үе гэж бий. Үе нь 30-50 см-ийн урттай бөгөөд жилд нэгээр нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, гацуурын насыг үеэр нь бодож болдог гэсэн үг. Хуш гацуураас илүү хүч хөдөлмөр шаарддаг. Хэдэн жилийн өмнө тарьсан боловч дөрвөн жил ургаад хөлдчихсөн. Өнгөрсөн жил тавыг нэмж тарьсан нь овоо ургах шинжтэй. Самрын үрийг усанд хийгээд живж буйг нь суулгавал ургадаг гэсэн үнэний ортой юм байна. Хушийг тарихдаа салхин дээр нь тоосонцор хүртээх мод суулгах хэрэгтэй гэсэн. Чацарганы эр нь тоос хүртээгч учир хажууд нь тарьчихсан. 20 жилийн дараа самраа түүх байх” гэв.

Манай орны эрс тэс уур амьсгалд алимны мод тэр бүр ургадаггүй. Харин тэд хашаандаа ургуулахаар зориод буй гэнэ. Өмнө нь суулгасан алим, чавганы мод нь мөн л хөлдсөн учир өнгөрсөн жил тус бүр дөрвийг нэмж тарьжээ. Чавганы мод 1.5 метр хэртэй ургаж, цагаан цэцэг нь нахиалсан байв. Мод тарих нүхний өргөн, гүн нь тус бүр нэг метр байх ёстой. “Тэтгэвэрт дөнгөж гарсныхаа дараа нүх ухах, газар хагалах ажлыг хагас өдөр хийдэг байсан бол одоо гадна талбайн хогоо цэвэрлэх гэж зургаа хонож байна” гэх С.Самдандовжид талбайдаа мод тарихаас гадна хүлэмж барьж, өргөст хэмх, улаан лооль ургуулсан байв. Мөн төмс, лууван зэрэг хүнсний ногоог ч тариад амжжээ.

С.Сандандовжидын гэр бүл ногоон байгууламж бий болгохоос гадна амьтдад ээлтэй. Тахианы байраа шинэчилж таван жилийн өмнө хүлэмж барьсан аж. Гэрт нь ирэх хүн байхгүй, ихэнхдээ хоёул байдаг тул тахиа, галуу, цацагт хяруул зэрэг шувуу тэжээхээр шийдсэн байна. Өндгийг нь инкубаторт хийж дардаг гэж сонсоод Оросоос авснаа тэрбээр “Гутлын хайрцаг шиг хэмжээтэй, хөөсөнцөр саванд тахианы өндөг 21, цацагт хяруулынх 28, галууных 30 хоноод хагардаг. Авсан инкубаторт өндөгнүүдээ хийгээд өдөр бүр эргүүлж, нөгөө талаар нь тавихгүй бол болохгүй. Шувуунуудаа тэжээхийн тулд хашаандаа жижиг байшин барьсан нь одоо хүлэмж болсон. Дэгдээхэйнүүдийг бойжуулна гэдэг амаргүй даваа. Манай хүн тэжээдэг байсан болохоор түүнд их сайн. Харин намайг орж хоол өгөхөөр гар тоншоод “зодох” нь холгүй. Олон эр тахиа хоорондоо зодолдож, галуунууд нь өвс, модыг минь зулгаагаад их хэцүү. Анх авч тэжээсэн тэр жилийн хавар манай цацагт хяруул нас биед хүрээд, тарган гэж жигтэйхэн болсон. Шинэ жилийн баяр дөхөөд ирсэн нэг өглөө бостол хоёр шувуу минь алга болчихож. Эхнэр бид хоёр цагдаагийн байгууллагаар нэлээд явсан боловч олж чадаагүй. Хэдэн сарын дараа бас л тахиануудыг минь хулгайлаад аваад явчихсан. Уг нь нохойтой боловч яс шидэж өгөөд хуурчихсан байна лээ. Урьдын адил бас л цагдаад мэдэгдсэн боловч олоогүй. Нэг өдөр сонин уншаад сууж байтал “Бүлэг хулгайч нарыг баривчилжээ” гэсэн мэдээ нүдэнд тусаад, уншиж үзвэл тэжээвэр амьтад хулгайлдаг этгээдүүд гэж байв. Утсаа шүүрч аваад цагдаагийн газар руу залгаж манай шувуунуудыг авсан этгээдүүдийг олсон, эсэхийг тодруулахад нөгөө нөхдүүд болж таарав. Ямартай ч эзнийг нь олсон боловч амьтны амиар тоглоод яахав гэж бодоод дахиж шувуу тэжээгээгүй” гэж сэтгэл дундуур ярив.

Гэр бүлээрээ орчноо тохижуулж, нийслэлд өнгө нэмж буй тэдний хөдөлмөрийг үнэлэн холбогдох байгууллагаас хэд хэдэн шагнал өгчээ. Тодруулбал, С.Самдандовжидынх нийслэлийн 380 жилийн ойг угтан зохион байгуулсан “Манай хороо, миний гудамж” аянд тэргүүн байр эзэлсэн. Мөн энэ жил МҮОНРТ-ээс шалгаруулсан “Цагийн хүрд”-ийн баатар, “Их хотын соёлч өрх”-өөр тодорчээ. Өнгөрсөн онд нийслэлийн “Эко гэр бүл”-ээр тодорч байсан удаатай. “Нийслэлд одоогоор дээрх гурван шагналыг бүгдийг нь авсан гэр бүл байхгүй. Эхнэр, хүү хоёрынхоо эзэмшлийн 0.07 га газрыг өөрийнхтэйгөө нийлүүлэн ногооруулсан минь энэ. Цаашид олон өрх ногоон байгууламжтай болж, хашаандаа мод тариасай” гэсээр С.Самдандовжид биднийг үдэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)