Амин сүнсгүй Авлигатай тэмцэх хөтөлбөр

Төрийн тэргүүний санаачилснаар УИХ-ын баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн бэх нь хатаагүй байна. “Мэндлээд” долоо ч хоноогүй буй Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нэртэй энэхүү тогтоол хоёр ч парламентын нүүр үзэж, чамгүй сорилт, бэрхшээл даван туулж энд хүрлээ. Хэлэлцүүлгийн явцад авлигын эсрэг ажиллах бүтэц, орон тоог нэмэгдүүлэхээс авахуулаад нааштай олон заалт тусгасан ч хууль тогтоогчид авлигын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй байж болохгүй гэж үзсэн.

“Нэгэнт шийтгүүлсэн хүний төрийн албанд ажиллах эрхийг хязгаарлаж, давхар яллах хэрэггүй” гэсэн үндэслэл “Авлигын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй” гэсэн саналыг гудамжинд нь үлдээж дөнгөсөн юм. Энэ бол Авлигатай тэмцэх хөтөлбөрийн “амин сүнс”-ийг үгүй хийсэн явдал болов.

Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар манай улс дахь улс төрийн авлигын түвшин 2011- 2014 онд тогтмол буурч ирсэн ч өнгөрсөн жил өссөн дүнтэй гарсан байдаг. АТГ-аас 2008 оноос жил бүр танилцуулж ирсэн энэхүү судалгаагаар улс төрийн буюу өндөр хэмжээний авлигын түвшин 3.65 (Авлигын байдал, учир шалтгаан, хор уршгаар нь нөхцөл байдлыг тодорхойлохын тулд 1-5 гэсэн үнэлгээг ашигладаг) гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оныхоос 0.07 пунктээр өссөн дүн юм.

Төрийн институц дэх улс төрийн авлигын цар хүрээ (АТГ: Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгааны тайлан)

Үндсэндээ Монгол дахь улс төрийн авлигын хэмжээг тодорхойлох зорилготой энэхүү судалгаа өндөр түвшний авлигын цар хүрээ улам бүр тэлж, хэлбэр нь нэмэгдэж, учруулж байгаа хор аюулын хэмжээ нь ихэссэнийг илэрхийлж буй. Өндөр түвшний авлигын эзэд нь төрийн өндөр албан тушаалтан байдаг. Тиймээс ч албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил нь өндөр түвшний авлигад нөлөөлж буй гол хүчин зүйл болохыг онцолжээ.

Байдал ийм байхад “Авлигын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй” гэсэн саналыг зарим гишүүн ялихгүй зүйлээр шалтаглан хасаж, үлдээснийг юу гэж ойлгох вэ. Ерөнхийлөгчийн санаачилсан анхны төсөлд ийм заалт, өгүүлбэр байгаагүй ч нэмж оруулах санал гаргасаар байхад дэмжээгүй нь ямар учиртай юм бол. Авлига авахгүй гэдэгтээ тийм итгэлгүй байгаа хэрэг үү.

Авлига бол онцолж үзэхээс аргагүй гэмт хэрэг, хор хохирол нь асар их. Ялангуяа монголчууд бид авлигатай тууштай тэмцэж байж эдийн засаг, нийгмийн олон сорилт, бэрхшээлийг амжилттай даван туулж чадна. “Нэг урвасан хүн хоёр дахиа урвана” гэдэгчлэн нэг удаа авлига авсан хүн хоёр дахиа авахад гайхах зүйлгүй болов уу. Тийм хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилбол чононд хонь хадгалуулахын үлгэр болох нь гарцаагүй. Тэгээд ч монгол төрийн босго өндөр байх учиртай.

Авлигаас ангид, ариун цагаан хөдөлмөрөөрөө амжилтад хүрсэн олон аавын хүү, ээжийн охинд боломж олгох ёстой. Ажил, амжилтын карьер хөөж, төрийн тулхтай, үнэнч албат, бодлоготон байхыг хүссэн хэн боловч авлигаас ангид амьдрах ёстойгоо анхнаасаа ухамсарлахад дээрх заалт гарцаагүй хөшүүрэг болох байсан.

“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг. Төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийн араас ярьж, хөөцөлдөх бус, чихрийн цуглуулга, дарс авч, өгөлцсөн доод тушаалтнуудын жижиг хэргээр оролдоод тэгтлээ хол явахгүй ээ.

Нөгөө талаас дээрх судалгаанд улстөрчид болон хууль сахиулах байгууллагынхны албан бус харилцаа гүнзгийрч, тэд бизнесийн бүлэглэлээс хамааралтай болохыг харуулсан үзүүлэлт хамгийн өндөр буюу 3.87-4 гарсан байна. Монголд бор зүрхээрээ бизнес эрхэлж, амжилт олно гэдэг бараг боломжгүй гэсэн гажиг хэдий ч гажиж үл болох жишиг, зүй тогтол нь дээр дурдсан гурван талыг нэгтгэж буй гэхэд болно.

Өөрөөр хэлбэл, хамаг байдгаа тавьж, туугаад ч хамаагүй өөрийнхөө хүнийг улс төрд зүтгүүлж, улмаар эрх мэдэлд хүрч, шийдвэр гаргах түвшинд нөлөөллөө тогтоох замаар “шархаа нөхдөг”. Өнөөдөр төрийн өндөр албан тушаалтан гэгдэж буй олон хүн ааваасаа илүү бизнесээрээ овоглодгийг бид мэднэ. Хамгийн аюултай нь улстөрчид бизнесийн бүлэглэлийн эрхшээлд орсныг батлах үзүүлэлт дөрөв гэсэн ангилалд дөхөж очжээ.

Ийнхүү нийгэм, нийтэд нэгэн жигд хуваарилагдах ёстой хөрөнгө уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарыг илүүтэй тэтгэж буй талаар ч тус судалгаанд дурдсан байна лээ. Эдгээр нь хөрөнгө оруулалт ихээр шаарддаг, тэр хэмжээгээр хумслах боломжтойг хэн хүнгүй андахгүй.

Улс төрийн намууд, УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, шүүх, прокурор, цагдаагийн байгууллага зэрэг тодорхой 16 институц дэх улс төрийн авлига тархсан байдлын дундаж үнэлгээ өмнөх оныхоос 0.30 пунктээр нэмэгдэж, 3.52 болсон нь цар хүрээний үзүүлэлт дотор хамгийн их хэмжээгээр нэмэгдсэн дүн болж байна.

Байгууллага тус бүрд улс төрийн авлига тархсан байдлын үнэлгээг авч үзвэл, Засгийн газар 3.96, улс төрийн намууд 3.91, УИХ 3.80- тай байгаа нь хамгийн өндөр бол тахарын алба 2.82, хил хамгаалах байгууллага 3.06, тагнуулын байгууллага 3.21 үнэлгээтэй гарсан нь хамгийн бага нь байна. Харин байгууллага тус бүрийн үнэлгээг өмнөх оныхоос хэрхэн өөрчлөгдсөнийг авч үзвэл, ИТХ-ын үнэлгээ 0.27, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар 0.24 пунктээр буурсан

 нь эерэг үзүүлэлт авч бусдынх нь үзүүлэлт 0.16-0.75 пунктээр нэмэгджээ. Тухайлбал, ерөнхийлөгчийн засаглалын хүрээний үзүүлэлт 0.75, хил хамгаалах байгууллагынх 0.6, прокурорынх 0.57, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынх 0.53 пунктээр тус тус нэмэгдсэн нь хамгийн их өссөнд тооцогдож байна.

Ингээд зогсохгүй авлигаар олсон хөрөнгөө оффшор данс, гадаадын санхүүгийн байгууллага, банкинд хадгалах, хилийн чанадад орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах үзүүлэлтийн түвшин харьцангуй өндөр гарчээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг хэн боловч гадаадад оффшор данстай байхыг хориглох төслийг УИХ хэлэлцээд эхэлсэн. Хууль тогтоогчид энэ төсөлд ч хүйтэн сэтгэлээр хандах вий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)