Амиа алдсан алба хаагч нар 24, 30 настай байжээ

Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний ангид гранат дэлбэрч, хоёр алба хаагч амь эрсдэж, найман алба хаагч хүнд шархадсан. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Дөрөвдүгээр сарын 11-ний 17.40 цагийн орчимд Зэвсэгт хүчний 355 дугаар анги Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгой сургалтын нэгдсэн төвд сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу тактикийн хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг хангах явцад байлдааны гар гранат тэсэрч, осол гарсан. Энэ үеэр хоёр цэргийн алба хаагч амь насаа алдаж, найман цэргийн алба хаагч хүнд шархадсан. Амиа алдсан 355-р ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Одоогоор Төв аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол бид хариуцлага хүлээхэд бэлэн.

Амиа алдсан ахмад Б.Мөнгөншагай 1987 онд төрсөн, 30 настай, ахлагч Б.Ариунболд 1993 онд төрсөн 24 настай. Хоёул эхнэр хүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд Афганистан болон Өмнөд Судан улсуудад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай.

Тэдний ар гэрийнхэнд цэргийн алба хаагчийн үндсэн цалингийн арван жилтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгоно. Хэрэв ар гэрт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бол тэжээгчээ алдсаны тэтгэмжийг мөн олгох заалттай.

Шархадсан найман цэргийн хувьд 22-28 насных бөгөөд Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай алба хаагчид байсан. Мөн гурван цэрэг сэтгэл зүйн хямралд орсон тул эрүүл мэндийн үзлэгт хамруулсан” гэлээ.

Харин Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар хэлэхдээ “Ослын дуудлагыг 17.40 цагийн орчимд хүлээж авсан. Дуудлага авсан даруйд Таван толгойн Зэвсэгт хүчний 311, 355 дугаар ангийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн нийт гэмтсэн цэргийн алба хаагчдад анхан шатны тусламж үзүүлсэн. Нас барсан хоёр цэрэг хүнд зэргийн гэмтэлтэй, амь насыг нь аврах боломжгүй байдалтай байсан бол үлдсэн цэргийн алба хаагч нарыг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэх ажлыг ЗХЖШ, Цэргийн төв эмнэлэгтэй хамтран гүйцэтгэсэн. Тэсрэлтийн улмаас галын биет буюу гранатын хэсгүүд гарын сарвуу, гуя, шилбэнд нэвчиж орсон тул цэргүүд бага зэргийн цус алдалтын байдалтай байсан. Хоёр цэрэгт яаралтай хагалгаа хийж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Одоо цэргүүдийн биеийн байдал тогтвортой байна” гэж ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)