Америк эмээ 2.63 каратын алмааз олжээ


Америкийн Колорадо мужийн оршин суугч 71 настай эмээ 2.63 каратын алмааз эрдэнэ олжээ. Тэрбээр Арканзас мужид байрлах “Алмазан тогоо” цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ очин алмааз олох эрэлд морджээ. Гэтэл эмээ эрлийн ажлаа эхлээд аравхан минутын дараа тус алмаазыг олсон байна. Үүнээс хойш хүүхдүүдийн хамтаар эрлийн ажлаа бүтэн цаг үргэлжлүүлсэн боловч дахиж болоогүй байна. ”Цасан цагаан өнгийн чулуу олсон.

Гэхдээ алмааз гэдгийг нь мэдээгүй” хэмээн ярих америк эмээ эрдэнэсээ шинжилгээний газарт аваачиж шалгуулахад цэвэр алмааз болохыг нь баталжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан Вэймон Кокс “Энэ бол цагаан алмааз. Ховорт тооцогддог төрөл. Манай хүрээлэнд ирсэн хүмүүсийн таван хүн тутмын нэг нь алмаазыг хөрсний дээрээс олдог” хэмээн ярьж байна.

“Алмазан тогоо” цэцэрлэгт хүрээлэнд байрлах сөнөсөн галт уул нь үнэт чулууны арвин баялагтай тул хүмүүс олноороо тийш очин газар малтдаг байна. Уг уурхай олон нийтэд нээлттэй байдаг үнэт чулууны дэлхийн цорын ганц уурхай ажээ. 1972 оноос хойш иргэд тэндээс 33 мянган ширхэг үнэт чулуу олоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)