АМЕРИК ХӨЛБӨМБӨГИЙН 10 БҮДҮҮН

1.УИЛЛ ПЕРРИ

“Хөргөгч” хочтой Перри “Чикаго Беарс”-ыг Супербуолын төлөө тоглож байхад 140 кг жин татаж байв. Гэвч жингээ хянаж чадахгүйн улмаас ердөө хоёрхон жилийн дараа 171 кг-д хүрчээ. Улмаар эрүүл мэндийн шалтгаанаар 1994 онд зодог тайлсан бөгөөд тухайн үед Перри 190 кг татаж байв.

2.НЕЙТ НЬЮТОН

Ид үедээ 147-158 кг орчим жинтэй байсан Ньютонд алдаж эндэж явсан үе бий. Тэрбээр мансууруулах бодис хадгалж, худалдаалсан хэргээр шоронд 32 сарын ял эдэлсэн юм.

Гайхалтай нь Ньютон “аавынд” зүгээр суусангүй, эрчимтэй дасгал сургуулилалт хийсний дүнд жингээ 181 кг-аас 99 кг хүртэл хасч чадсан юм.

3.ГИЛБЕРТ БРАУН

“Пэкерс”-т арав шахам жил үнэнчээр хүчин зүтгэсэн “Алуурчин” хочит Браун карьерынхаа сүүлчийн жилүүдэд хэт жин нэмснээс (170 кг) болж, “Гилбертбургер” хочтой болжээ. Тэр ч байтугай түүний амьдардаг Висконсины зоогийн газруудын цэсэнд “Гилбертбургер” хэмээх шинэ хачиртай талх нэмэгджээ.

4.ТЕД ВАШИНГТОН

“Том Тед” хэмээх хочтой Вашингтон 170 кг жинтэй хэдий ч NFL-д тун дажгүй амжилт үзүүлсэн нэгэн. Тэрбээр америк хөлбөмбөгийн Бүх оддын тоглолт буюу “Про боул”-д дөрвөнтээ оролцож, “Патриот”-ын хамтаар XXXVIII Супер боулд аваргалсан билээ.

5.ГРЕЙДИ ЖЕКСОН

Жексон NFL-д өнгөрүүлсэн 13 жилийн турш илүүдэл жинтэйгээ тэмцсээр ирсэн ч амжилт олоогүй. Такл хийдгээрээ алдартай, 156 кг жинтэй энэ хамгаалагч Үндэсний хөлбөмбөгийн лигийн найман баг дамжсан аж.

6.МАКС ЖИН-ГИЛЛС

Язартлаа таргалж 181 кг татах болсноор америк хөлбөмбөг тоглох байтугай алхаж ч чадахаа больсон Гиллс мэс заслын аргаар “турж”, 156 кг болсноосоо хойш дахин нэг жил тоглоод 2010 онд зодог тайлжээ.

7.ШОН РОЖЕРС

Бүх оддын тоглолтын шилдэг хамгаалагчаар гурвантаа тодорсон түүнийг цагтаа туранхай байсан биз гэж бодвол эндүүрэл шүү. Рожерс хөлбөмбөг тоглох хугацаандаа жинтэйгээ тэмцсээр ирсэн ч 158 кгаас доошлуулж чадаагүй юм. Хэдий тийм ч төрөлхийн авьяас, байнгын бэлтгэлийнхээ ачаар олон жил өндөр түвшинд тоглосон билээ.

8.ЛЕОНАРД ДЭВИС

Өдгөө 166 кг жинтэй энэ довтлогч 2007 онд NFL-ийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг байсан гэвэл та гайхах байлгүй. Тухайн үед Дэвис “Даллас”-тай долоон жилийн хугацаатай, 49.6 сая ам.долларын гэрээ (үүний 18.75 саяыг бонусанд нь авчээ) байгуулж байв. Гэвч 2010 онд Леонард гэрээгээ цуцалж, “Лайонс”- ыг зорьжээ. Харин одоо чөлөөт агент болчихсон, ажилгүй сууж байна.

9.АНДРЕ СМИТ

Сайн довтлогч болох ирээдүйтэй гэгдэж байсан Смит 2009 онд драфтын ¹1-ээр нэрлэгдэж, “Цинцинатти Бенгалс”-т ирж байв. Тэр үед багийн удирдлага “Жингээ 158 кг-аас доош байлгах ёстой” гэсэн заалтыг гэрээндээ тусгаж байсан гэдэг. Андре тэнд гурван жил тоглоод 2012 оны улирлын төгсгөлөөр чөлөөт агент болжээ.

10.ААРОН ГИБСОН

186 кг жинтэй Аароны амжилт одоогоор NFL-д рекордоор бүртгэгдээд байна. Үнэн хэрэгтээ Гибсон мэргэжлийн хөлбөмбөгч болохын тулд жингээ хассан нь тэр. Тэрбээр коллежид байхдаа бүр 200 орчим кг татаж байсан гэдэг. Гибсон найман жил америк хөлбөмбөг тоглохдоо дөрвөн баг дамжиж, нийтдээ 38 тоглолт хийжээ.

М.ОРГИЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)