“АМЕРИК НЭГДҮГЭЭРТ” гэдэг зарчим нь америкчуудыг шаналгаж байна”

АНУ, Хятадын худалдааны дайн дэлхийн эдийн засагт хэдийн ноцтой хохирол учруулж, өсөлтийн хурдыг нь өнгөрсөн онд 3.7 байхыг 3.5 болгож сааруулсныг Олон улсын валютын сангаас мэдээлсэн. Хэрэв талууд ирэх сарын 1-ний дотор харилцан буулт хийхгүй бол энэ оны алдагдал бүр их гарч магадгүй. 

АНУ-тай сөргөлдөөд Бээжин хэр хол явах, Америкийг буруушаах үндэслэл бий, эсэх талаар “Коммерсант” сонины сэтгүүлч Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч асан, Хятадын Шинэ бүтэцтэй эдийн засгийн төвийн декан, тус улсын 12 дахь удаагийн сонгуулийн Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн байнгын хорооны гишүүн Линь Ифутай ярилцсаныг товчлон хүргэе.

-Худалдааны дайн “эвлэрлээр” дуусахад гурав хүрэхгүй долоо хоног үлджээ. Хэлэлцээ сайнаар төгсөх хэтийн төлөв Таны хувьд бий юү?

-Найдаж л байна. Худалдаа харилцан ашигтай байх учиртай. Эдийн засгийн зүй зохистой байдал улс төрийн оновчгүй шийдвэрээс хүчтэй хэмээн найдаж байна.

-Энэ удаагийн хэлэлцээр амжилттай болно гэж Та яагаад бодов?

-Худалдааны дайныг Хятадын тал эхлүүлээгүйг санах хэрэгтэй. Манай улс хохирогч нь. Энэ дайныг дуусгахыг бид хүсэж байна. 2017 оны арваннэгдүгээр сард Д.Трамп Хятадад айлчилж, Америкийн 250 тэрбум долларын барааг манайх импортлох том хэлэлцээр байгуулсан. 

Харин дараа нь Цагаан ордон Хятадын хэд хэдэн бараанд 25 хувийн татвар ногдуулсан. Мэдээж хэрэг, энэ нь Хятадад ч, Америкийн компаниуд, иргэдэд ч цохилт болсон. Яагаад гэвэл бизнест нь хэрэгтэй бараанд тэд илүүг төлөхөд хүрсэн юм. Бид хариу арга хэмжээ авсан. Тэгэхэд Хятад дахь үйлдвэрлэлээ Вьетнам, Малайз болон Зүүн өмнөд Азийн бусад улс руу шилжүүлэх яриа гарчээ. 

Хятадын барааг 25 хувийн татвартайгаар авах нь Вьетнамд үйлдвэрлэснээс ашигтай. Үүнийг эдийн засагчид бараг бүгд ойлгож байгаа. “Америк нэгдүгээрт” гэсэн зарчим баримталж буй Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа ард түмэн, компаниудаа шаналгаж байна.

-Хятад улс дотооддоо шинэчлэл хийвэл Вашингтон тогтоосон татвараа цуцална гэсэн тухай өнгөрсөн сарын эхээр Өрнөдийн хэвлэлүүд бичсэн. Үүнийг Хятад улс зөвшөөрөх үү?

-Тусгаар тогтносон Хятад улсын удирдлага өөрт ашиггүй бодлогыг зөвшөөрөхгүй гэж би бодож байна. Энэ үнэхээр инээдтэй! Манай улс эдийн засгийн хөгжлийн өөрийн гэсэн загвартай. Орос, Европ, Африк, Өмнөд Америк, Азид худалдаа хийх талаар хуримтлуулсан туршлагатай. 

Тухайн орон нутгийн онцлогийг харгалзаагүй ерөнхий жороор шинэчлэл хийвэл эдийн засгийн сүйрэл, зогсонги байдал, орлогын хэт зөрүү гардаг. Тийм улс хямарч, АНУ-ын компаниуд цорын ганц ялагч нь болдог. Хятадын ард түмэн болон Засгийн газар юу хийхээ мэднэ.

-Гуравдугаар сарын 1-нд байдал муугаар эргэхэд БНХАУ-ын Засгийн газар бэлэн гэж би зөв ойлгов уу?

-Мэдээж хэрэг! Бид сайн сайхан болно хэмээн найдаж байгаа ч, байдал муудахад ч бэлэн. Хятадаас маш их хэмжээний бараа АНУ-д нийлүүлдэг. Гэхдээ үүний нэлээд хэсгийг Хятадад байрладаг Америкийн компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг. 

Хятадад АНУ-ын барааг үйлдвэрлэхийн тулд Америк, Япон, БНСУ, Европоос үлэмж хэмжээний импорт хийдэг. АНУ татвараа нэмэхийн хэрээр Хятадын үйлдвэрлэгчид төдийгүй Америкийн хэрэглэгчид болон бусад улс зүднэ. Харин Хятадын эдийн засаг тийм ч их хохирохгүй. Экспорт нь Хятадын ДНБ-ий 20 орчим хувийг эзэлдэг. 

Үүний дөрөвний нэг нь АНУ-д нийлүүлдэг бараа юм. Өөрөөр хэлбэл, бид ДНБ-ийхээ таван хувийг авч байна. Үүний бараг талыг угсардаг үйлдвэрлэл эзэлнэ. Энд Хятадын эзлэх хувь тун бага. Эцэст нь дүгнэхэд, Америкийн татвар Хятадын ДНБ-ий 2.5 хувийг л хөндөнө. Энэ нь тийм ч муу биш юм.

-Худалдааны алдагдал нь Цагаан ордны ярьж буй асуудлуудын нэг. Зах зээлд нь орох хүсэлтэй гадаадын компаниудаас Хятадын тал технологи шаарддаг, оюуны өмчийн хулгай зэрэг шударга бус практикийг АНУ онцолдог нь багагүй анхаарал татдаг. Үүнд үнэний хувь бий юү?

-Тийм ээ, маш олон зүйлд буруутгадаг. Гэхдээ нотолгоо нь хаана байна вэ? Ямар компани оюуны өмч хулгайлсныг хэлбэл бид зохих шийтгэлийг нэн даруй онооно.

-Жишээлбэл, “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Америкийн “T-mobile”-ийн “Tappy” роботын технологийг хулгайлсан хэрэгт буруушаасан.

-Технологийн ямар ч хулгай хийгээгүй гэдгийг тогтоож, шүүх шийдвэрээ хэдийн гаргасан (Уг роботтой холбоотой хэргийг шүүх ажиллагаа 2014-2017 онд үргэлжилж, “Huawei” компанийг буруушаах баримтыг Америкийн шүүх олоогүй ч гэрээ зөрчсөн хэмээн “T-Mobile”-д 4.8 тэрбум доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн).

-Бас тус компанийг Америкийн техникийг Иранд нууцаар худалдсан хэмээн буруушаасан?

-Нэгдүгээрт, энэ худлаа. “Skycom” нь “Huawei” компанийн охин биш, түнш нь. Хоёрдугаарт, Америкийн 280 мянга долларын тоног төхөөрөмж худалдсан тухай ярьж буй. Өнгөрсөн онд бараг 100 тэрбум долларын орлоготой ажилласан компанид ингэх ямар шаардлага байна.

-Хятад улс экспортод түшиглэхээс татгалзаж, эдийн засгийн загвараа өөрчлөх ажлыг өнөөгийн байдал түргэтгэх үү?

-Манай орон худалдааны талбарт амжилт олсон ч үндэсний, улс төрийн, эдийн засгийн аюулгүй байдал гэж бий. АНУ гол технологиудаа зэвсгээ болгон ашиглахыг хүсэж буй бол юунд ч хүрэхгүй. Хятад, Орос, цаашлаад Европын орнууд ч АНУ-д барьцаалагдахыг хүсэх нь юу л бол. 

Хэрэв дэлхийд хамгийн том зах зээлийг алдахыг АНУ хүсэж буй бол өндөр технологийн үйлдвэрлэлийнх нь ирээдүй маш бүрхэг болно. Сүүлийн зургаан сард “Apple” компанийн хувьцааны ханш бараг 15 хувиар буурсан. Яагаад? Худалдааны дайнаас болсон.

Хэрэв АНУ зэвсэг зэрэг шүүмжлэл дагуулсан технологи ашиглахыг хүсэж буй бол Хятад улс мөн адил өөрийнхийгөө түргэн боловсруулна. Ташрамд дурдахад, дарь, цаас, луужин зэрэг технологи ашигласныхаа төлбөрийг АНУ хийгээгүй. Гэхдээ бид тэдний эсрэг шүүхэд зарга мэдүүлээгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)