Америкчууд сагсан бөмбөгийн өлгий нутагт төрснөө батлав

Сүүлийн хэдэн өдөр монголчууд сагсан бөмбөгийн спортоор “амьсгалж” өнжив. Учир нь 3x3 төрлийн 18 хүртэлх насны ангиллын ДАШТ манай улсад анх удаа болж, чансаагаараа дэлхийд өнгөлж буй эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 орны баг өрсөлдсөн билээ. Монгол Улсад багийн спортын төрлийн ДАШТ-ийг анх удаа зохион байгуулсан нь энэ.

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ САГСАН БӨМБӨГЧИД VI БАЙРТ ШАЛГАРЛАА

Сүхбаатарын талбайд шилдгүүд өрсөлдсөний сацуу манай тамирчид дэлхийд цойлоход ойрхон яваагаа нотоллоо. Тэмцээний үеэр “Монголын сагсан бөмбөгчдийг ийм амжилт гарган, дэлхийн цөөнгүй шилдэг багийг хожно гэж төсөөлөөгүй. Ийм хэмжээнд хүрсэн гэж ёстой мэдээгүй. Хажуудах эрдэнэсээ анзаараагүй явж” гэдэг үгийг мөн ч олон хүнээс сонсов. Тэгэх нь ч аргагүй. Сагсан бөмбөгийн 3х3 төрөл Монголд хөгжөөд хэдхэн жил болж байгаа. Манай тамирчид сүүлийн гурван жил эл төрлөөр бэлтгэл хийн, тэмцээнд оролцож буй гэхэд хилсдэхгүй. Өнөө жил ДАШТ-д төдийгүй олон улсын тэмцээнд анх удаа хүч сорьсон Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид С хэсэгт АНУ, Беларусь, Латви, Гүржийн багтай бүсгүйчүүд мөн С хэсэгт Франц, Нидерланд, Филиппин, Чехийн тамирчидтай учраа таарсан.

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжанцан, Завхан аймгийн харьяат Л.Авирмэд, Төв аймгийн А.Батхуяг нараар багаа бүрдүүлсэн манай эрэгтэй багийнхан хэсэгтээ ганцхан хожигдож шуугиулав. Тэд Латвийн сагсан бөмбөгчдийг 20:15, Беларусийг 21:15, Гүржийг 21:19-өөр хожин, АНУ-д 21:10-аар дийлдэн, шөвгийн наймд шалгарсан юм. Ази тивээс ганцхан Монгол Улсын сагсан бөмбөгчид хасагдах шатанд өрсөлдсөн нь медаль хүртсэнээс дутахгүй амжилт. Ш.Энхийн-Одын ухаалаг, дайчин тоглолт, Г.Пэрэнлэйжанцангийн хамгаалалт, биеийн хүч, Л.Авирмэд, А.Батхуягийн хичээл зүтгэлийг онцолъё. Хэдийгээр тэд хасагдах шатанд Туркийн багт 21:18- аар хожигдон, тэмцээнээ дуусгасан ч монгол түмнээ огшоон, мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан нь лавтай. Хэрвээ дэлхийн дэд аварга болсон туркчүүдээс өөр багтай өрсөлдсөн бол түрүүлэхгүй юм гэхэд медаль хүртэх боломж дүүрэн байлаа, манай тамирчдад.

Монголын эмэгтэй тамирчид хэсгээсээ гарч чадаагүй ч Нидерландын сагсан бөмбөгчдийг хожсон нь яах аргагүй түүхэн үйл явдал. Манай улсын сагсан бөмбөгийн спортын түүхэнд эмэгтэй тамирчид ДАШТ-д анх удаа өрсөлдөгчөө дийлж, айсуй амжилтыг жимээ гаргасан юм. А.Энхтуул, Б.Цэлмэг, Б.Ариунцэцэг, Э.Энэрмаа нараар багаа бүрдүүлсэн тэд XVI байрт шалгарлаа.

АМЕРИКЧУУДЫН ДАВХАР “ЦОХИЛТ”

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2011 оноос хойш зохион байгуулж буй ДАШТ-ий эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд хоёуланд нь АНУ-ын тамирчид анх удаа түрүүлж, сагсан бөмбөгийн өлгий нутагт төрснөө батлав. Түүгээр ч үл барам MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор эрэгтэйчүүдээс Давсон Гарсиа (АНУ), эмэгтэйчүүдээс Хэйли Ван Лит нар шалгарч, давхар “цохилт” хийлээ.

Алтан медалийн төлөөх тоглолтод АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгчид Туркийг 16:12, бүсгүйчүүд Шинэ Зеландыг 19:13-аар хожин, дэлхийн аварга болов. АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгчид өмнө нь ДАШТ-ээс 2012, 2013, 2017 онд алтан медаль хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн ангилалд Аргентины багийнхан хүрэл медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын тамирчдыг 21:18-аар хожив. Эмэгтэйчүүдийнхэд хагас шигшээд АНУ-д дийлдсэн Францын багийнхан БНХАУ-ын сагсан бөмбөгчдийг 15:13-аар буулган авч, хүрэл медаль хүртлээ.

Бэлэгдлийн шигшээ баг:

Эрэгтэй: Давсон Гарсиа (АНУ) Катаги Озкан (Турк), Матёо Диаз (Аргентин)

Эмэгтэй: Хэйли Ван Лит, Рики Жэксон (хоёулаа АНУ) , Легер Уокер (Шинэ Зеланд)

ХЭН ЮУ ХЭЛЭВ

С.Тулга: Бид ДАШТ-д том зорилготой өрсөлдсөн. Амжилтаа медалиар дүгнэвэл түүндээ хүрсэнгүй. Тоглолтын ерөнхий агуулга, тамирчдын ур чадвар, хожлоороо дүгнэвэл хүрлээ. Бидний хожсон Латви, Беларусь, Гүрж улсад сагсан бөмбөгийн спорт ямар түвшинд хөгжсөн билээ. Тамирчдынхаа амжилтад сэтгэл хангалуун байна. Алдаагаа сайтар дүгнэж, дахин давтахгүйг хичээнэ. Тэгсэн, ингэсэн бол гэж яриад яах вэ. Монголд ирсэн мэргэжилтнүүд манай тамирчдыг их сонирхож байна. Манай сагсан бөмбөгчид насанд хүрэгчдийн ангилалд өндөр амжилт гарган, олимпын эрх авахад ойрхон. Өсвөр үе, залуучуудын ангилалд ч дэлхийн хэмжээнд хүрэхэд ойрхон яваагаа мэдэрлээ.

Л.Авирмэд: Бид хоёр сарын өмнө багаа бүрдүүлсэн ч ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн явцад атгасан гар шиг нэгдэж, харцаараа шахам ойлголцдог болсон. Уг нь манай багийнхан түрүүлэх, медаль хүртэх зорилготой өрсөлдсөн юм. С.Тулга дасгалжуулагч тэмцээний өмнө бидний гар утсыг хурааж авсан. Бүх анхаарлаа тэмцээнд хандуулж, төвлөр гэсэндээ тэр. Ээж минь намайг дэмжихээр Завханаас ирснийг нь тэмцээний өмнө л гэнэт мэдсэн. Гар утасгүй байсан болохоор надтай холбоо бариагүй гэсэн. Их гайхаж, заавал хожиж ээжийгээ баярлуулна гэж бодсон юм. Сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжсөн гурван орны багийг хожиход ээж “Хүүгээрээ бахархаж байна” гэсэн. Хаа холоос ирж хүүгээ дэмжсэн ээжийгээ өчүүхэн ч болтугай баярлуулсан бололтой. Би өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай, шилдэг холбогчоор шалгарсан. Энэ жил 18 настай, 190 см өндөр, 75 кг жинтэй.

Ш.Энхийн-Од: Туркийн багтай тоглохын өмнө ам гэмтэн, ханиад хүрч, нүдэнд өвдөг гарсны улмаас тоглолтоо бүрэн гаргаж, өөрийгөө 100 хувь дайчилж чадсангүй. Тоглолтын дараа зөндөө уйлсан. Амжилт гаргах боломжоо ашиглаж чадаагүйдээ одоо ч харамсаж байна. Нээрэн, надад АНУ-ын Нимаригийн академиас санал тавьсан. Би энэ сарын 12-нд АНУ руу буцна. Ирэх жил сургуулиа солихоор шийдсэн. Аль сургуульд, ямар мэргэжлээр сурахаа хараахан шийдээгүй явна. Бэлтгэлээ байрлаж хийн, амжилтын төлөө хамтдаа зүтгэсэн багийнхандаа их дасжээ. Тэднийгээ орхиод явна гэж бодохоор сэтгэлд нэг л эвгүй байна. ДАШТ-ээс медаль хүртэн, монголчуудаа баярлуулъя гэж бодож байсан юм сан. Наймдугаар сард болох Азийн АШТ-д зорилгодоо заавал хүрнэ.

А.Батхуяг: Латвитай хийсэн эхний тоглолтод бага зэрэг сандарсан ч тэднийг хожсоныхоо дараа тэгэхээ больсон. Туркийн багт хожигдсон алдаагаа дүгнэж сууна. Олон шилдэг багийг хожиж, хэсгээсээ гарсандаа ялимгүй тайвширсан тал бий. Би энэ жил УАШТ-д гурван найзынхаа хамт оролцоод түрүүлсэн. Тэр үеэр С.Тулга дасгалжуулагч надтай уулзан, шигшээ багт дуудсан юм. Би долдугаар ангид сурч байхдаа Д.Эрдэнэбаатар багшаар сагсан бөмбөг заалгасан. Намайг тэмцээнд оролцоход аав, ээж хоёр заавал зорин ирж, дэмждэг байлаа. Яагаад ч юм бэ, тэднийгээ ирсэн үед би тааруу тоглочихоод байсан юм. Тиймээс манай гэр бүлийнхэн миний тоглолтыг зурагтаар үздэг болсон.

Катаги Озкан (Турк): Хэдийгээр мөнгөн медаль хүртсэн ч сэтгэл дундуур байна. Түрүүлчихээд бэлэгдлийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бол илүү сайхан байхгүй юу. ДАШТ-ий өмнө монголчууд сагсан бөмбөг ийм сайн тоглодог гэж ёстой төсөөлөөгүй. Үнэндээ гол өрсөлдөгчдийн судалгаандаа ч багтаагаагүй шүү дээ. Гэтэл биднийг хасагдах шатанд хожих дөхсөн. Тоглолтын харьцаа 19:18 байхад их сандарсан шүү. Бид жигд өндөрийнхөө хүчээр л хожих шиг боллоо. Би Монголд анх удаа ирэхийнхээ өмнө цахим ертөнцөөр нэлээд судалсан. Монголчууд их найрсаг, зочломтгой ард түмэн юм байна. Дахиж заавал ирнэ ээ.

Хэйли Ван Лит: ДАШТ-д түрүүллээ, MVР боллоо. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх билээ. Бид багаараа шилдэг байсныхаа хүчинд эл амжилтыг гаргасан юм шүү. Хагас шигшээд Францын багтай хийсэн тоглолт их хүч шавхлаа. Гол өрсөлдөгч маань яах аргагүй тэд байсан. Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт ийм өндөр түвшинд хөгжсөнийг энд ирээд л мэдлээ. Танай улсын тамирчид намхан нуруутай ч хожихын төлөө үнэхээр зүтгэж, өөрийгөө бүрэн дайчилдаг юм байна. Би багаасаа эл спортоор хичээллэн, олон шилдэг дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийсээр өдий хүрсэн. Энэ жил 3х3 төрлийн Америкийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, MVP болсон. Өнгөрсөн жил залуучуудын олимпын аварга болж, 17 хүртэлх насны ангиллын ДАШТ-д түрүүлсэн. 2016-2017 оны улиралд 24, өнгөрсөн жил 32, энэ онд 34 оноо дунджилж байгаа. WNBA-д хүч сорьж, олимпын наадамд түрүүлэхийг мөрөөддөг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)