Америкчуудын бүтээсэн франкенштеин буюу Усама Бин Ладен олон нууц мэднэ

     АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газар “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладеныг амьдаар нь барина гэдэгт итгэлгүй байгаагаа удаа дараа мэдэгдсэн билээ.
“Усама бен Ладен Америкийн шүүхийн танхимд хэзээ ч орж ирэхгүй. Цэргүүд түүнийг амьдаар нь барина гэж найдахгүй байна. Зартай террорист манай цэргүүдийн эсвэл өөрийн хүмүүсийн гарт амиа алдана” гэж  АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл нь сэтгэлээр унасан хүний үг аятай. АНУ-ын тагнуулын тусгай анги есдүгээр сарын 11-ний халдлагын гол сэжигтнийг 12 жилийн өмнөөс ангуучилж байгаа. Зартай этгээдийг барихад тусалсан мэдээлэл өгсөн хүнийг 27 сая доллароор шагнана гэж АНУ-ын Засгийн газар мэдэгдсэн ч Усама бен Ладен одоог хүртэл чөлөөтэй явж байна.
“Усама бен Ладены санхүүгийн дэмжлэг авдаг сувгийг таслан зогсоох боломжгүй мэт харагддаг. Тэрбээр урхинаас мултрах боломж тун их. Жорж Бушийн оронд Барак Обама Цагаан ордон ирж, Гуантанамогийн шоронг хааж, Америкт гар утасны яриаг нууцаар чагнахыг хориглосноор Америкийн тагнуулын тусгай алба ажлаа явуулахад улам хүндрэлтэй болсон” гэж Оросын улс төр, цэргийн ажиллагааны дүн шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Анатолий Цыганок ярьжээ.
Усама бен Ладен 1957 онд Саудын Аравийн йемен гаралтай чинээлэг гэр бүлд төрсөн бөгөөд түүний эцэг нь 10 настай байхад нь өөд болжээ. Үүний дараа тэрбээр Ойрхи Дорнодын томоохон компанийн нэг “Сауди Бенладин” группын хамтран эзэмшигчийн нэг болсон байна. Тус компани одоогоор Саудын Аравийн салбар компаниудын 17-48 хувийг хариуцдаг аж. Усама бен Ладен лалын шашинтнуудын бүлэглэлд 16 настайдаа элсчээ.
Хуучин ЗХУ Афганистанд халдаагүй бол Усама бен Ладенд юу тохиох байсныг хэн ч мэдэхгүй. АНУ болон Саудын Аравийн тагнуулын тусгай алба сул дорой Афганистанд дэмжлэг үзүүлж, бен Ладен ч тэдэнтэй хамт ажиллах болжээ. Тэрбээр 1979 оны сүүлээр Афганистанд ирж, “Матаб аль-Хидамат” буюу “Аль-Каида” бүлэглэлийг үндэслэгч нууц бүлэглэл байгуулсан байна. Энэ бүлэглэл нь лалын үзэл суртал ашиглан зөвлөлтийн цэргүүдтэй тулалдаж эхэлжээ.
Пакистан, Афганистанд лалын шашны үзэл маш хурдацтай тархаж байгааг Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхутто ихээхэн хүндээр хүлээн авдаг байлаа. Бхутто 1988 онд АНУ-ын хуучин Ерөнхийлөгч эцэг Жорж Буштай уулзахдаа, АНУ Франкенштеин бүтээж байна гэж хэлжээ. Эрдэмтэн Виктор Франкенштеин хүний эд эрхтнээр хүн бүтээн түүнийгээ Франкенштеин гэж нэрийдсэн эртний зохиолын гол баатартай Усама бен Ладеныг ийн зүйрлэжээ.
АНУ-ын эртний хамтрагч бен Ладен үйл ажиллагаагаа Төвийн Азийн орноос өргөжүүлж, 1991 онд хуучин Югослав улсад анхаарлаа хандуулжээ. 1992 онд Боснид дайн эхлэхэд бен Ладен тус улс дахь лалын шашинт ах, дүүстээ санхүүгийн тусламж үзүүлэн тэдэнтэй уулздаг байв. Усама бен Ладен Боснид байхдаа лалын шашинтан болон хорватуудыг дэмждэг Өрнөдийн тагнуулын газрын ажилтнуудтай хамтран ажиллаж, сербүүдтэй тэмцэж байжээ. Албани, Косово мөн бен Ладеныг сонирхлыг татах болжээ.
Америкчуудын бүтээсэн шинэ Франкенштеин Оростой тэмцэх Умард Кавказын чеченьчүүдэд ч дэмжлэг үзүүлж байжээ. Югослав, Кавказын бүс нутагт бий болсон томоохон мөргөлдөөнийг бий болгоход гадаадын олон тагнуулын байгууллага оролцсон гэдэг нь баримтаар илэрч байгаа. Энэ бүх мөргөлдөөний эцэст бен Ладен АНУ-ын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаас татгалзан тэдний эсрэг дайн зарласан юм. 1998 онд Кени, Танзани дахь Америкийн ЭСЯ-д болсон дэлбэрэлтийн улмаас “Аль-Каида”, АНУ-ын хоорондын мөргөлдөөн эхэлсэн байна. Есдүгээр сарын 11-ний халдлага нь бен Ладены хувьд яах аргагүй томоохон ажил болсон."Монцамэ" мэдээлж байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)