Америкийн хипхопчид монголчуудад тоглолтоо сонирхуулна

Америкчууд зургадугаар сард Улаанбаатар хотноо соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр америкийн нэр хүнд бүхий хипхоп хамтлага монголчуудад тогтолтоо сонирхуулах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр  АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтоныг хүлээн авч уулзах үеэр энэ тухай ноён элчин сайд дуулгасан байна.

2001-2004 онд манай улсад ажиллаж байгаадзургаан  жилийн дараа Элчин сайдаар томилогдон ирсэн тэрбээр энэ хугацаанд Улаанбаатар хот ихээхэн өөрчлөгдсөнийг уулзалтынхаа эхэнд онцолсон. Улаанбаатар хот 2001 оноос Денвер хоттой ах дүүгийн харилцаа тогтоож, харилцан төлөөлөгч солилцдог болсон. Мөн Мянганы сорилын сангийн тусламжаар Улаанбаатар хотноо “Цэвэр агаар” , Тэрэлж-Налайхын чиглэлийн 20 км замыг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр болсон гээд АНУ-ын зүгээс манай нийслэлтэй олон чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. 

Элчин сайд Ж.Эдлтон монгол иргэдийг АНУ-д зорчих, суралцах боломжийг нэмэгдүүлэх үүднээс виз олгох ажлыг хурдавчлах талаар ч багагүй ажил зохиож байгаагаа хотын даргад дуулгасан байна.  Мянганы сорилын сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь иргэдийн сайн сайхан амьдралд чиглэсэн, иргэдийн талархлыг хүлээсэн ажлууд учир юуны өмнө иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа хотын дарга илэрхийлээд манай улсыг сайн мэддэг, туршлагатай дипломатчтай олон ажлыг хэрэгжүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ дурдсан байна. Мөн АНУ-Монгол улсын хөгжил, иргэдийн төлөө анхаарал хандуулж, тус улсын виз олгох ажилд ахиц гарч байгаад талархал илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)