Америкийг өөрчилсөн хүн

Жорж Флойд хэмээх нэр сүүлийн хэд хоногт олны анхаарлын төвд оров. Түүний цаг бусын үхэл ардчиллын эх орон Америкийг төдийгүй дэлхий нийтийг доргиож, олон хүн, тэр дундаа нэртэй тамирчид “Black lives matter” хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байна. Америкийн хар арьстнуудын түгээмэл хэв шинжийн илэрхийлэл болсон аварга биет энэ эр алдаа оноотой амьдралыг туулсны зэрэгцээ спортоос хол байгаагүй юм.

Ж.Флойд сагсан бөмбөгийн муж болох Хойд Каролинад төржээ. Эмнэлэгт асрагчаар ажилладаг эцэг нь түүний багад гэр бүлээ орхиж, Нью-Йоркт шилжин суурьшжээ. Ингээд Флойдын ээж гурван хүүхдийн хамт орох оронгүй шахам хоцров. Тэрбээр хэдэн жилийн дараа Хьюстоны нэг эртэй танилцаж, хотын хамгийн ядуу, аюултай Гуравдугаар дүүрэгт амьдрах болжээ. Ж.Флойдын багын найзууд “Бид тун ядуу өссөн. Гэхдээ Флойдынх бүр ч ядуу байсан. Үгээгүй ядуу гэхэд болно” гэж дурссан юм.

Ж.Флойд багаасаа сагсан бөмбөгт хорхойсож, тамирчин болохыг мөрөөддөг байв. Угийн чацархаг хөвгүүн (193 см) “Yates” дунд сургуулийн сагс болон америк хөлбөмбөгийн багт зэрэг тоглодог байлаа. Хэдийээр ирээдүйд сагсан бөмбөгчин болохоор тэмүүлж байсан ч тэрбээр дунд сургуульдаа гол амжилтаа хөлбөмбөгийн талбайд гаргасан аж. Дасгалжуулагч Морис Мак Гован түүний талаар “Горзгор, туранхай хүү байж билээ. Сагсчин болно л гэдэг байв. Түүнд мэргэжлийн тамирчин болох нөөц бололцоо байсан гэж би боддог. Найзууд нь түүнийг америк хөлбөмбөгт уруу татахыг хүссэн ч түүнд хатуу ширүүн зан чанар дутагдаж байлаа. Цохиж, түлхэлцэх нь түүнд таатай санагдаагүй. Тэр их нөхөрсөг хүү байсан болохоор хамгаалагчийн байрлалд лав тоглоход тохиромжгүй. Тийм болохоор би түүнийг тайт-эндийн байрлалд тоглуулсан. Анги ахих тусам тэр улам сайжирч, хурд, үсрэлтээрээ багтаа онцгойрч эхэлсэн юм. Тэрбээр ямар ч дамжуулалтыг барьж авдаг байж билээ. Энэ чадварынхаа ачаар тэрбээр багаа финалд шалгарахад их тусалсан” гэж дурсжээ. “Yates” сургуулийн спортын хөтөлбөр их алдартай бөгөөд 1985 онд тэд Техас муж улсын аварга болж байсан бол Ж.Флойдыг суралцаж байхад финалд шалгарч байв.

Харин түүний багийн анд “Сагсны талбайд тэр ажлын морь, яг л Деннис Родман шиг тоглогч байсан. Харин хөлбөмбөг тоглохоороо тоглолт бүрт тачдаун хийдэг байж билээ” гэж өгүүлжээ.

Ж.Флойдын сагсан бөмбөгийн замналын хамгийн дурсгалтай тоглолт Остины сургуулийн эсрэг тохиосон юм. Тэрбээр эл тоглолтод 26 оноо авчээ. Том биетэй, хүчтэй, будагтай талбайд ухаалаг тоглодог зэрэг давуу талтай Ж.Флойд дунд сургуулиа төгсөөд Өмнөд Флоридагийн их сургуулиас урилга хүлээж авсан байна. Тус сургуулийн дасгалжуулагч Жорж Уолкер “Бие бялдрын хөгжил сайтай, бөмбөг их сайн эзэмшдэг тоглогч. Довтлогч нар бөмбөгтэй тийм сайн харьцах нь ховор шүү. Тийм болохоор л би түүнд сургуульдаа элсэх тэтгэлэг өгсөн юм. Дөрөв, таван номерын тоглогчид байх бүх ур чадвар түүнд байсан” гэж өгүүлжээ.

Ж.Флойд эхний улиралд хөлөө хугалснаар тоглоогүй бол хоёр дахь улиралдаа давгүй сайн үзүүлэлттэй байв. “Дасгалжуулагчийн үгийг авдаг, сайн тамирчин, тоглолт бүрт дунджаар 12-14 оноо, самбараас найман бөмбөг авдаг байлаа. Надад түүнээс илүү хүсэх зүйл байгаагүй. Мөн амьдрал дээр их хөгжилтэй залуу байсан” гэж Ж.Уолкер дурссан.

Ж.Флойд тус сургуульд хоёр жил сураад гэртээ ойртохын тулд “Texas A&M” сургууль руу шилжив. Улмаар энд нэг жил сураад, сургуулиа хаяжээ. Гэр бүлд нь мөнгө хэрэгтэй байсан учраас ажил хийхийн тулд тэрбээр ийм шийдвэр гаргасан гэдэг. Сурахын оронд тэрбээр автомашины засварчнаар ажиллах болсон аж.

Ингээд л тэр цагаас хойш цагдаагийн өвдгөн доор амьсгал хураах хүртэл үргэлжилсэн таагүй үе нь эхэлсэн байна. Хулгай хийсэн хэргээр хоёр удаа баривчлагдаж, хар тамхи худалдсан, мансуурсан, зэвсэгт халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаж, улмаар таван жилийг шоронд өнгөрүүлжээ.

Хэдий тийм боловч Ж.Флойд төрөлх дүүрэгтээ нэр хүндтэй нэгэн байв. Тэрбээр их сургуулийн тамирчны тэтгэлэг авсан Cu¬ney Homes хорооллын анхны иргэн болсон төдийгүй сүүлийн жилүүдэд орон нутгийн лам нарын залууст зориулсан арга хэмжээг зохион байгуулахад нь тусалдаг байв.

Ж.Флойдын оршуулга дээр нэгэн хамаатан нь “Тэрбээр Леброны шүтэн бишрэгч байлаа. “Кавальерс” финалын цувралд “Уорриорз”-ыг ялж, аварга болсны дараа би түүн рүү утасдсан юм. “Чи өөрөө аваргалсан юм шиг л баярлаж байна уу” гэж асуухад Флойд “Леброныг ямар их хүндэлдгийг минь чи мэднэ шүү дээ. Тийм ээ, би ч гэсэн аварга болчихлоо” гэж хариулсан” хэмээн ярьжээ.

Сонирхолтой нь, Хьюстоны ядуусын хорооллоос NBA-д орж чадсан довтлогч Стивен Жексон Ж.Флойдыг сайн мэддэг, анд нөхрөө гэж дууддаг. С.Жексон өөрөө тун ядуу амьдрал дунд өссөн, гэхдээ Хьюстонд бус, Техасын Порт-Артурт. Хоёр жил их сургуульд тоглож, Америкийн доод лигүүдээр хэссэний эцэст Австрали, Латин Америкт цаашлаад NBA-д тоглох боломж олж авсан төдийгүй “Спөрс” багийн хамтаар аварга болсон тоглогч билээ. Гагцхүү түүний түүх амжилттайд тооцогдох бол, түүний анд Ж.Флойдынх харамсалтай нь тийм байж чадсангүй.

Бэлтгэсэн:Н.Баяр