АМГТГ: АИ92 шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр тонн тутамд 164 ам.доллараар нэмэгдсэн

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнэ өссөн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "2019 оны нэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэлх шатахууны жижиглэнгийн үнийн харьцуулсан судалгааг танилцуулъя. Дэлхийн зах зээлд дизель түлшний үнэ нэгдүгээр сард 599 ам.долларын үнэтэй байсан бол тавдугаар сард 640 ам.доллар болж өссөн байна. Харин АИ-92 бензин 531 ам.доллараас 695 ам.доллар болж, нийтдээ 31 хувиар өсчээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханшийн өөрчлөлт шатахууны үнийн өсөлтөд шууд нөлөөлж байгаа. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар манай улсад АИ80 шатахуун 109 хоног, АИ92 шатахуун 49 хоног, дизель түлш 44 хоног, онгоцны түлш 27 хоног буюу нөөц, хангамжийн хэмжээ сайн байгаа. 

Мөн ОХУ-аас импортолж буй шатахууны үнэ нэмэгдсэн нь үнийн өөрчлөлтөд нөлөөлж байна. АМГТГ-аас ОХУ-ын Роснефть компанид шатахууны үнийг уян хатан  зохицуулах хэлцэл төслийг хүргүүлсэн. Хэрэв дэлхийн зах зээл дээрх үнэ буурвал шатахууны үнэ дагаад буурна.

ОУВС-гаас шатахууны онцгой албан татварыг тэглэхийг дэмждэггүй ч Засгийн газрын зүгээс 2018 онд АИ80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Ирэх сараас эхлэн долоо хоног тутамд дэлхийн зах зээлийн үнэ болон жижиглэнгийн үнийг тогтмол мэдээлдэг болно" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)