Амар хялбар аргаар мөнгө олох гээд 10 саяар торгууллаа

Ширхэг оймс ч зарахгүй, зүгээр сууж байгаад саятан, тэрбумтан болох гэсэн сэтгэхүйтэй хүн Монголд олон. Казахстан Улсын иргэн Маженов Марат гэгч 2016 онд Монголд ирж, тэдний эл сэтгэхүйг далимдуулан, “Жи тайм” гэх компани байгуулж, сүлжээний бизнесээ цэцэглүүлэн, олон мянган хүн элсүүлж, хохирогч болгосныг уншигчид мартаагүй биз ээ. Тус сүлжээнд элсэхийг хүссэн хүн 120 000 төгрөг төлж “Хуримтлал”, 220 ам.доллар төлж “Үндсэн”, 500 ам.доллар төлж “Вип”, 8000 ам.доллар төлж “Автомашин” гэх багц авах эрхтэй болдог байж. Гишүүнээр элссэн хүн дороо хоёр хүн элсүүлэх ёстой. Элсүүлсэн хоёр хүн нь дороо тус бүр хоёр хүн элсүүлсэн тохиолдолд эхний хүн өндөр дүн бүхий цалин урамшуулал авах боломж бүрдэнэ. Эл хууль бус, өөрөөр хэлбэл, залилангийн хэргийг цагдаагийнхан 2017 оны хоёрдугаар сараас мөрдөн шалгаж эхэлсэн. М.Марат, түүний хамтрагч Оюунчимэг нарт залилуулж, хохирогчоор тогтоогдсон 11 000 гаруй хүн тухайн үедээ байж суух газраа олж ядан бухимдаж, зарим нь амиа хорлох тухай ярьж байв. Тухайн үед ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн М.Маратад холбогдох залилангийн хэргийг мөрдөн шалгаж, хэвлэлээр энэ тухай мэдээллийг шүүрэн авч, хангалттай цацсан. Үүнээс гадна албаны хүмүүс ээлж дараалан мэдээлэл хийж, сүлжээний бизнесийн хохирогч болохгүй байхыг иргэдэд анхааруулж байв. Цахим орчинд “Жи тайм”-ын тухай мэдээлэл эрчтэй давалгаалж, амтай болгон сүлжээний бизнесийн хор, хохирлын талаар ярьж байсан санагдана. Харамсалтай нь, иргэд энэ явдлаас огт сургамж аваагүй нь олон баримтаар батлагддаг. Ийм нэг баримтыг та бүхний өмнө дэлгэе.

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залуус “Жи тайм”-ыг хуулбарлан “Юнит сайклер” гэх компани байгуулан, сүлжээний бизнес эрхэлж, 4000 орчим иргэнийг ганцхан сарын дотор 3.5 тэрбум төгрөгөөр хохироосон хэрэг 2017 онд гарч байв. Уг хэргийг үйлдсэн 20 гаруй настай хоёр залуу төд удалгүй баригдсан. “Юнит сайклер” компанийг үүсгэн байгуулагч Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт боллоо. Тус дүүргийн Прокурорын газраас тэдэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9-1 дэх хэсэг буюу хууль буцааж хэрэглэх заалт баримтлан яллах дүгнэлт үйлдсэн байна. Г.Номин, Г.Төгөлдөр нар нь 2017 оны хоёрдугаар сарын 2-нд “Юнит сайклер” компанийг үүсгэн байгуулжээ. Тэд Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал бизнес центр” төвийн байранд өрөө түрээслэн, мөн оны хоёрдугаар сарын 4-нөөс гуравдугаар сарын 6 хүртэл үйл ажиллагаа явуулсан байна. Ингэхдээ “Багаар ажиллаж, 55, 125, 255, 510 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийг зургаан үе шаттайгаар хуримтлуулж, Монголд үйлдвэрлэсэн бараа борлуулж буй компанийг дэмжин, орлогоо нэмэгдүүлэх боломж байна” хэмээн худал мэдээлэл олон нийтэд тараасан байдаг. Улмаар зарим иргэнд бэлэн мөнгө өгч, өөрсдийгөө найдвартай, баян гэж итгүүлэн, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг цүнхний компани гэдгээ нууж байв. Тэр ч бүү хэл, иргэдийг элсүүлэхдээ ажил олгогч, худалдан авагчийн гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйвраа гэрээгээр халхавчлан, сүлжээндээ 3848 иргэнийг элсүүлж, 3.5 тэрбум төгрөг төвлөрүүлж чадсан аж. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх шалгах хэлтсээс уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 675 хүнийг хохирогчоор тогтоосон байна. Гэмт этгээдүүд дээрх тооны хүнийг залилан 1.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан аж.

Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдох хэргийг энэ сарын 19-нд хэлэлцээд, тэднийг бүлэглэн 675 хүнийг залилж, 1.6 тэрбум төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэв. Улмаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр арван сая төгрөгийн торгууль ногдуулж, хоёр жилийн дотор төлж барагдуулахаар шийдвэрлэжээ.

Хэргийг хэлэлцэхдээ 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-1, 2.2-3, 3.7-1 дэх заалтыг журамлан, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Хууль буцаан хэрэглэж, олон үйлдлийг нэг үйлдэлд тооцон ялласан гэсэн үг. Товчхондоо, манай улсад гэмт хэрэгтэн ялгүй үлдэх, торгууль төдийхнөөр шийтгүүлээд өнгөрөх хууль, эрх зүйн тогтолцоо бүрдсэн нь эл хэргийг шийдсэн байдлаас харагдах болов уу. Бас нэг зүйлийг хэлэхэд одоо мөрдөн шалгаж буй олон мянган хохирогчтой ихэнх сүлжээний залилан 2017 оноос өмнө гарсан байдаг.

2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуулийн 17.3-2, 3 дахь хэсэгт “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн”, “Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Хэрвээ шинэчилсэн хуулиар эл хэргийг шийдсэн бол Г.Номин, Г.Төгөлдөр нар хамгийн багадаа таван жилийн ял сонсох байлаа.

Үүний нэгэн адил шүүгч нар М.Маратад оргон зайлах боломж олгосон гэдэг юм билээ. 2017 оны хоёрдугаар сарын 11-нд Монгол Улсын хилээр гарах гэж байсан түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас цагдаагийнхан баривчлан юм. Тэрбээр манай улсын 11 437 иргэнийг сүлжээний бизнест элсүүлэн залилж, 26 тэрбум төгрөгийн хохирол учруулаад оргон зайлах гэж байв. Цагдаагийн байгууллага М.Маратыг шуурхай саатуулж, оргон зайлахаас нь өмнө баривчилж чадсан. Харамсалтай нь, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс 2017 оны зургадугаар сард түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан. Улмаар М.Марат оргон зайлсан. Тиймээс Казахстан улс, ОХУ, БНХАУ болон бусад орны Интерполын төв товчоонд хандаж, яллагдагчийг саатуулах, баривчлах хүсэлт илгээн, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй. Өдгөө М.Маратын хамтрагч Оюунчимэгт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж байна.

Азаар хууль хяналтын байгууллага А.Маратын дансанд төвлөрсөн 6.7 тэрбум төгрөг, 100 000 орчим мянган ам.долларыг царцааж амжсан. Улмаар иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор тус компаниас 6.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэх. Мөн эл хэрэгт 954 хүнийг иргэний хариуцагчаар татан, тэдний өмчлөлд бүртгэлтэй автомашин, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Үр дүнд нь 34 иргэний хариуцагчаас 67 сая төгрөгийг гаргуулаад буй. Өөрөөр хэлбэл, албаныхан хохирсон иргэдийн мөнгийг буцаан олгох боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Бүр тодруулбал, хохирогчид Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газарт хандаж, хохирлоо нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрх зүйн боломж бий гэсэн.

Үүнээс гадна “Жи тайм” сүлжээний хохирогчид эргээд бусдыг залилсан хэрэг 2018 онд гарсан гэнэ. Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгаж, прокурорт хянуулаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 2000 гаруй хохирогчтой эл хэргийг удахгүй хэлэлцэх нь.

Сүлжээний гэмт хэрэг буюу олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга залийг дэлхий нийтэд олон жилийн өмнө мэддэг, хориглодог болсон. Гэвч манай улсын иргэд хэлж, анхааруулсаар байтал залилагч руу өөрсдөө гүйж очин, хохирогч болох тохиолдол элбэг байгааг цагдаагийнхан дахин анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)