Амаргүй уулзалт болох нь

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын удирдагч Си Зиньпинд их хүндэтгэлтэй ханддаг ч тэдний анхны нүүр тулсан уулзалтын үеэр болох хэлэлцээ амаргүй байх бололтой. АНУ-ын мэргэжилтнүүд тус хоёр улсын дээд хэмжээний “танилцах” уулзалтаас онцгой үр дүн хүлээхгүй байхыг зөвлөж байна. Тэд “өвлийн Цагаан ордон” гэгдэх болсон Флорида муж улс дахь Д.Трампын эдлэн газар уулзах юм.

АМАРГҮЙ Ч АШИГТАЙ УУЛЗАЛТ БОЛНО

Хятадын даргатай хийх уулзалт тун амаргүй байх болов уу гэж өнгөрсөн долоо хоногт Америкийн удирдагч твиттер хуудсандаа бичсэн. “Бид цаашид худалдааны асар их алдагдал гаргаж, ажлын байраа алдмааргүй байна. Америкийн компаниуд хамтран ажиллах өөр арга зам хайхад бэлэн байх ёстой” гэж тэрбээр тэмдэглэжээ. Үүний дараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Британийн “Financial times” сонинд ярилцлага өгөхөд нь түүнээс Си Зиньпинтэй гэрээ байгуулахад бэлэн, эсэхийг лавлахад “Хоёр улсад ашигтай зүйл хийхийг үгүйсгэхгүй. Ингэнэ хэмээн найдаж байна” гэжээ.

Үүний сацуу Дональд Трамп төрийн эрхэнд гарахаас өмнө болон дараа Хятадыг их шүүмжилдэг хэрнээ ОХУ-тай харилцаагаа хэвийн болгоно хэмээж байсныг ажиглагчид сануулдаг. Тэгвэл байдал өөрөөр эргэхэд гайхах явдалгүй гэж шинжээчид үзэж байна. “Трампын засаг захиргаа Оростой харилцаатай байх стратеги баримталж буй гэж болохгүй байна. Харин Си дээд хэмжээний уулзалт хийхээр боллоо” гэж Вашингтон дахь Стратеги, олон улс судлалын төвд ажилладаг Хятад мэргэжилтэн Бонни Глейзер хэлжээ.

Нөгөөтэйгүүр, Флоридад уулзах болсон нь Си Зиньпин 2015 онд төрийн айлчлалаар Вашингтонд очсон учир одоо өөр онцгой газар сонгохыг илүүд үзсэнтэй холбоотой аж. Энэ хувилбар америкчуудын хувьд илүү ашигтай. Учир нь дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийх сонирхол тэдэнд байхгүй гэж Бонни Глейзер үзэж байна.

ГОЛ СЭДЭВ НЬ ЭДИЙН ЗАСАГ, БНАСАУ БАЙНА

БНХАУ-ын даргатай хийх хэлэлцээнийхээ талаар шууд ярих сонирхолгүй байгаагаа Д.Трамп нотолжээ. “Financial times” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр бүх асуудал худалдааны салбарт байна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ хоёр талын худалдааны өнөөгийн харилцааг шударга бус хэмээж, Бээжинг валютын ханшаар хууран мэхлэлтийн дэлхийн аварга гэж ойлгож байгаа бол Америктай харилцаагаа хэвийн болгох гол түлхэц нь худалдаа хэмээн Хятад улс үздэг. Тарифын талаар тодруулахад тэрбээр татгалзсан хариу өгчээ.

Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь гол сэдэв нь АНУ-ын Ерөнхийлөгчийн тодорхой тайлбарласнаар БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөр байх юм. Уг асуудлыг бүс нутгийн төдийгүй дэлхийд аюултай гэдэгт АНУ итгэлтэй байна. Ийм аюултайг Бээжингээр хүлээн зөвшөөрүүлэх нь Вашингтоны хувьд дээд хэмжээний уулзалтын чухал үр дүн болох юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар “Нэг Хятад” бодлогыг дэмждэгээ нотолсноороо Си Зиньпинийг угтсан чухал алхам хийсэн гэж Д.Трамп үзэж байна.

ДАХИН ЗОХИЦУУЛАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Америкийн шинжээчдийн үзэж буйгаар Хятад улс их хурлынхаа өмнөх үеийг тайван давж, байдлыг тогтворгүй болгосон хэрэг явдал, тухайлбал, АНУ БНАСАУ-д хүч хэрэглэх оролдлого гаргуулахгүй байхыг чармайж байна. Тэрчлэн Бээжин Вашингтонтой хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөндөхийг хүсэхгүй байгаа юм. Хятадууд америкчуудаас илүү эл харилцаанаас хамааралтай байгааг эдийн засагч Скотт Кеннеди онцлон тэмдэглэжээ. Тиймээс эдийн засаг, худалдааны салбар дахь хоёр орны харилцааг эргэн авч үзэхийг үгүйсгэх аргагүй гэж тэрбээр үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)