Альфред Нобель: хачирхалтай гэрээслэл буюу амьдаараа булшлагдах айдас

1897 оны нэгдүгээр сард Шведийн нийслэл Стокгольм хотын төвд сүндэрлэх нэгэн тансаг харшийн гол танхимд хэдэн хүн цугларсан байлаа. Танхимд тухайн үеийн Шведийн нэрт хуульч Арвин Розенблюм орж ирээд цугларсан олны өмнө толгой бөхийн ёслов. Тэрээр хүрэмнийхээ энгэрийн халааснаас дөрөв нугалсан нэгэн цаас гаргаж ирээд “Тэнгэрт хальсан Альфред Нобелийн гэрээсэлснээр... ” гэж чангаар дуудаж эхэлжээ. Гэрээслэлийг уншиж дуссаны дараа дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, суут эрдэмтэн Нобелийн хамаатнууд чихэндээ ч итгэхгүй хэсэг таг чимээгүй сууцгаав. Тэд биеэ барих гэж их хичээж байлаа. “Ийм юм гэж хаа байсан юм” гэж дуу алдацгаан эхнээсээ танхимыг орхиж одов. Танхим хоосорсны дараа хуульч гэрээслэлийг дахин маш анхааралтай уншиж чухам юуг үндэслэн өв залгамжлагчид энэхүү гэрээг эсэргүүцэж болох вэ гэдгийг дотроо тунгаав. Өв залгамжлагчид тэгнэ гэдэгт хуул А.Розенблюм эргэлзэхгүй байлаа. “Миний хөдлөх болон үл хөдлөх бүх хөрөнгийг, уг гэрээслэлийг миний санхүүгийн болон хуулийн гүйцэтгэгчид үнэлэн, тэдгээрээс олсон мөнгийг найдвартай банканд хадгалуулах ёстой. Эл хөрөнгө шинжлэх ухаан, утга зохиол мөн дэлхийд энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулж, бүтээл туурвил нь хүн төрөлхтөнд тус нэмрээ өгсөн хүмүүсийг жил болгон сонгон шагнаж байх сангийн мэдэлд очно” хэмээн тэрхүү баримтад бичсэн байв. Хөрөнгийн хүүг тэнцүү тав хуваан физикийн, химийн, анагаахын, утга зохиолын салбаруудад тэргүүлсэн хүмүүст болон энх тайвны төлөө гарамгай гавьяа байгуулсан хүнд мөнгөн шагнал болгож өгөх талаар тодорхой заасан байлаа. Ингэхдээ шагналын эзнээр хэн ч тодорч болох бөгөөд яс үндэс, арьс өнгөөр ялгаварлын талаар огт дурдаагүй аж. Гэрээслэлд хавсаргасан хөрөнгийн жагсаалтыг багаар бодоход 33233792 швед крон буюу одоогийн ханшаар 62 сая фунт Стерлингээр үнэлэгдэж байв. Өв залгамжлагдагчид болох ах дүү хамаатан садангуудад нийтдээ едөө 2 сая фунт Стерлинг ногджээ. Санд очих мөнгөтэй харьцуулаад өв залгамжлагчдын тоонд хуваах юм бол дусал мэт аж. Ингээд туршлагатай хуульчийн мэдэрч байснаар Нобелийн хөрөнгийг тойрсон бөөн хэл ам удалгүй эхэлжээ. Өв залгамжлагчдын нэлээд хэсэг нь эсэргүүцэл илэрхийлсэн бол сонин хэвлэлүүд Нобелийг эх оронч үзэлгүй хэмээн буруутгаж,тэр байтугай Шведийн хаан II Оскар хүртэл асар их хөрөнгө дэмий зүйлд үрэгдэж байгаад дургүйцлээ илэрхийлсэн байна.Олны саналаар бол Нобелийн их бууны үйлдвэрүүд, оёдлын болон модон эдлэлийн цехүүд, Итали, Парис, Лондон дахь орд харшууд, Орос, Герман, Финландад байгуулсан лабораториуд гээд асар их хөрөнгө эх орон, ард түмэн, гэр бүлийнхэнд нь очих ёстой байсан биз. Гэрээслэл гүйцэтгэгч нарт бичиг цаасны хүнд суртлын дамжлагыг алхсан тэр их хөрөнгийг зарж борлуулахад амаргүй байсан гэдэг. Дээрээс нь Нобель дээрх орнуудын төр засагтай тааруухан харьцаатай байсан нь байдлыг улам хүндрүүлж байв. Жишээ нь Францад тэсрэх бөмбөг (динамит)-ийг бүтээсэн Нобелийг бараг л цэргийн тагнуул хэмээн үздэг байсан бөгөөд нас барснаас нь хойш хөрөнгөд нь өндөр татвар тавьжээ. Франц дахь хөрөнгийг бэлэн мөнгөөр зарж, мөнгийг нь банкаар бус бэлнээр Стокгольм руу ердийн хөсөгт ачин аваачсан байдаг. Арвин Розенблюм өөрөө хэдэн хүний хамт шүдээ хүртэл зэвсэглэн эл ажиллагааг удирдсан аж. Энэ үеэр өв залгамжлагчид Стокгольм, Лондон, Парис, Берлиний шүүхэд шил дараалан гомдол гаргасаар байлаа. Уймраа эрдэмтэн маань гэрээслэлээ нотариатаар батлуулаагүй нь хөрөнгийг өв залгамжлагчдад алдах сайхан шалтгаан болж байв. Тэгж байтал хэсэг математикчид өөрсдийнх нь салбарыг орхигдуулсанд дургүйцэн гэрээслэлд өөрчлөлт оруулахыг шаардах болов. Үнэхээр шинжлэх ухааны эл чухал салбарыг шагналын тоонд оруулаагүй нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж байлаа. Зөвхөн Нобелийн хувийн амьдралыг мэдэх хүн л үүний учрыг ойлгох аж. Альфред Нобель үгээгүй ядуу мөн баян тансаг амьдралын аль алиныг нь үзсэн нэгэн аж. Эрдэмтний эцэг Эмманиуиль Нобель Шведийн анхны каучукийн үйлдвэрийн эзэн бөгөөд танил тал ихтэй чадварлаг, найдвартай бизнесмен хүн байжээ. Гэнэтийн аюул болох гал түймэр каучукийн үйлдвэрийг үнсэн товорго болгосноор Нобелийхан ядуучуудын эгнээнд шилжсэн аж. Банкны зээл нь өдөр болгон нэхэгдэх болсонд Нобель үл хөдлөх хөрөнгө, бүх үнэт эдлэлээ зараад өөрөө Орост азаа үзэхээр явсан байна. Харин Орост түүнийг аз үнэхээр ивээж ажил төрөл нь түргэн урагшилжээ. Гэхдээ тэр хооронд Стокгольмд үлдсэн гэр бүл нь ядуугийн туйлд хүрч, гурван хүүхэд нь гудамжинд чүдэнз зарж голоо зогоож байлаа. Нобелийн амьдралын эл үе хэдий тэрбээр бага балчир байсан ч асар их зүйл ойлгож чадсан гэдэг. Ердөө хэдхэн жилийн дараа эцэг Нобель Оросын нийслэл Санкт-Петербургийн төвд шилтгээн худалдан авч гэр бүлээ татсан байна. Ингээд Орос улсад Альфред Нобелийн идэр нас өнгөрч тэнд л анхны хайртайгаа учирсан аж. Нобель орос эхтэй Дани эцэгтэй Анна Дезри гэгч бүсгүйг анх хараад хайр дурлалын тухай бүх шүлгүүд энэ л бүсгүйд зориулагдаж хэмээн бодсон гэдэг.Альфред өөрөө ч утга зохиол, урлаг уран сайхан их сонирхдог хүү байв. Хүүдээ сайн боловсрол олгож хуульч, эдийн засагч эсвэл банк санхүүгийн мэргэжил олгох хүсэлтэй байсан эцэг нь хүүгийнхээ яруу найраг, театр гэсэн тэмүүлэл, хэтэрхий романтик сэтгэлгээнд санаа зовдог байв. Анна Дезритай танилцаад хэдхэн сар болоод Альфред гэрлэх тухай дотроо бодон хөөрцөглөх болсон нь үнэхээр түүний хэтэрхий гэнэн бас дэврүүн сэтгэлгээг гэрчлэх буй за. Гэвч түүний мөрөөдөл биелэх учиргүй байж. Анна Дезри өндөр нуруутай, царайлаг, сэргэлэн Франц Ламарж гэгч залууг илүүд үзэх болжээ. Ламарж туниа муутай, цонхигор царай зүстэй бас их ичимхий өрсөлдөгч Альфредтай илүү ойр танилцах үүднээс нэгэн үдэшлэг дээр түүнд дөхөж очоод “Та математикт хэр ханддаг вэ? Эр хүн болгон тодорхой шинжлэх ухааны мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй ” гэхэд Нобель эцэг Нобелийгаа бизнесмен төдийгүй нэртэй байгаль судлаач бөгөөд өөрийгөө хамгийн сайн багш нараар математикийг заалгаж байгаагаа хэлжээ. Ламарж бууж өгөхийг хүссэнгүй. Тэрбээр “Тийм гэж үү” гайхсан дүр эсгэн “Та энэ бодлогыг надад бодоод өгөх юм биш биз дээ” гээд цаасан дээр нэгэн бодлого сараачаад үзүүлэв. Альфред тэр бодлогыг бодож чадаагүй аж. Бах нь ханасан Ламарж хэдхэн хормын дотор хариуг нь гаргаад “Ноён Нобель та ичих хэрэггүй. Би чинь их сургуульд математикийн чиглэлээр сурах гэж байгаа хүн. Харин та сайн зохиолч болох байх гэж найдаж байна” хэмээн шоглоод авч.Математикийн шинжлэх ухаан орхигдсон шалтгаан үүнд байдаг хэмээн Нобелийг мэдэх хүмүүс үздэг.

Аливаа зүйл хоёр талтай учир бүтэлгүй хайр дурлал Альфредын зүрх сэтгэлийг гүнзгий шархлуулсан ч тодорхой шинжлэх ухаанд шимтэн суралцах хүслийг өдөөжээ. Анна Дерзи Франц Ламарж нарын хуримын өдөр Нобель дэвтэртээ “Энэ өдрөөс эхлэн би зугаа цэнгэл, найр наадмаас үүрд татгалзаж, шинжлэх ухааныг судалж миний зүрх сэтгэлийг анагааж чадах эмийг олохоор шийдлээ. Намайг дэлхийд алдартай эрдэмтэн болоход тэр бүсгүй харамсан амаа барих болно” гэж бичжээ. Альфред маш түргэн сурч байлаа. Толгой сайтай тэрбээр хэдхэн жилийн дотор чадварлаг химич болсон байна. Эцэг нь хүүдээ дарийг орлох бодис гаргах хэрэгтэй хэмээн зөвлөснөөр Альфред урьд нь зөвхөн зүрх судасны өвчинд л дуслаар хэрэглэдэг байсан нитроглецириныг ашиглан тэсрэх бөмбөгийг зохиожээ. Түүний эл бүтээлийн талаар дэлхий даяар шуугих болов. Харамсалтай нь нитроглецириныг дэлбэлэх зориулалтаар ашиглахад тийм ч аюулгүй биш байв. Хэд хэдэн золгүй явдал болж олон хүний амь нас эрсдэсний дараа нитроглецериныг үйлдвэрлэлд ашиглахыг хорьсон байна. Ингээд Альфред бүтээлээ илүү төгс болгохын төлөө том лаборатори байгуулан ажиллах болсноор хуурай, галд автдаггүй, тодорхой нөхцөлд л дэлбэрдэг динамитыг бүтээжээ. Ингээд ажил хэрэг нь дахин урагшилж эхлэв. Хэдэн жилийн өмнө зугаа цэнгэл, найр наадам хэрэггүй гэж бичсэн зүйлдээ Нобель үнэнч хэвээр байлаа. Үргэлж сэтгэл хангалуун бус царай гаргасан, тэгсэн мөртлөө өвөрмөц зан ааштай түүнийг эмэгтэйчүүд ихээр сонирхох ч Нобель өөрөө анхаарч үздэггүй байв. Түүний сэтгэлийг нэг л зүйл зовоох аж. Нобелийг хүүхэд байхад авга ах нь Украины нэрт зохиолч Гоголийг амьдаар нь оршуулах шахсан тухай түүхийг ярьж өгснөөс хойш эрдэмтэн өөрөө амьдаараа оршуулагдахвий гэдэг айдастай болжээ. Энэ айдас Нобелийн зожиг ганцаардмал амьдралд улам хурц мэдрэгдэх болсон аж. Түүнийг эмчилдэг эмч өвчтөндөө нойрны хүчтэй эм бичиж өгөөд “Энэ эм өвчний шалтгааныг арилгахгүй шүү. Та хэтэрхий их ажиллаж, хувийн амьдралын сайн сайхныг мэдрэхгүй байна. Амарч, сэтгэлээ сэргээхийг бод. Нууц амрагтай ядаж бол л доо” гэж зөвлөсөн байна. Гурав хоног бодсоны эцэст Нобель Вена хотын нэгэн сонинд “Боловсролтой чинээлэг дунд насны даруу ноёнтон франц,англи хэлтэй нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж чадах найз эмэгтэйг хайж байна” гэсэн зарлал өгөв. Ингэж Нобелийн сэтгэлд гүнгийн авхай Берта Кински гэдэг эмэгтэй орж иржээ. Хэдий язгууртан гаралтай ч хоосорч ядуурсан Берта Кински үзэл бодол, хүмүүжил, боловсролоо Нобельд таарсан бүсгүй байлаа. Түүнтэй цагийг өнгөрөөх тусам Альфредын шархалсан зүрх сэтгэл эргээд цэцэглэх шиг болж байв. Харамсалтай нь хатагтай Кински эрдэмтэнд зөвхөн найзын үүднээс ханддаг байсан тул тэдний харилцаа удаан үргэлжилсэнгүй. Нобелийн хувьд амьдрал гэж үгүй болж зөвхөн шинжлэх ухаан, туршилтуудтайгаа л үлдэв. 

Ингээд хаймран дугуйтай анхны унадаг дугуй, байлдааны пуужингийн зураг төсөл, хиймэл торго зэрэг нээлт бүтээлүүдээ туурвисан байна. Нас нь явах тусам Нобель нөр их хөдөлмөрөөрөө олсон энэ их хөрөнгө хэнд очих бол гэж ихээр бодох болжээ. Хувийн аз жаргалынх нь оронд олдсон энэ их хөрөнгө зүгээр нэг талын нэг тарах ёсгүй. Ах нартаа өгөх үү? Хэд хэд нефтийн цооногтой, үйлдвэр худалдааны газартай ах нар нь түүний хөрөнгөтэй хөрөнгөгүй баян чинээлэг улс. Нобелийг тэнгэрт халихыг тэсэн ядан хүлээж байгаа бэлэнчлэх дуртай залхуу холын хамаатнууддаа юу? Нобель өв залгамжлах асуудлыг ер нь дэмждэггүй байв. Хөрөнгө мөнгийг хүн өөрөө хөдөлмөрлөж байж олох хэрэгтэй. Тэгж байж хэмээн тэр баялаг амттай, үнэ цэнэтэй болно. Ингээд тэрбээр сан байгуулахаар шийдсэн байна. Өөрийнх нь бичсэн шинэ гэрээслэл Нобелийн сэтгэл санаанд хачин их эерэг нөлөө үзүүлж. Тэрбээр эргээд олны дунд үзэгдэх болж, хуучин найз нартайгаа уулзаж, захидлаар харилцаж, эмэгтэйчүүд бүсгүйчүүдтэй наргиж нэг үгээр хэлбэл амьдралын амтыг шинээр мэдрэх болсон байна. Энэ үед түүний амьдралд бас нэгэн эмэгтэй гарч ирсэн байдаг. Арван найман жил үргэлжилсэн хайр дурлалын харилцаа Нобелийн сэтгэл зүрхийг бас л шархлуулснаар төгсгөл болсон аж. Залуу усан цэргийн даргаас хүүхэд олсон амраг нь Нобелиос уучлал эрэн мөнгө төгрөггүй битгий үлдээгээч гэж гуйсан гэдэг. Нобель түүнд тодорхой мөнгө өгөөд “Нүдэнд минь битгий үзэгдээрэй” гэж хэлээд явуулжээ. Хожим София гэх тэр эмэгтэй Альфредын өөрт нь бичиж байсан хайрын 216 захидлыг Нобелийн ах нарт өндөр үнээр зарсан гэдэг. Альфред Нобель 1896 оны арванхоёрдугаар сарын 10-нд 63 насандаа өөд болжээ.

Арвин Розенблюм өрөөндөө суугаад нэг зүйлийг тэвчээртэй хүлээх аж. Оройхон хэрд  туслах нь орж ирээд нэгэ бичиг  гардуулав. “Занданшуулах болон бусад ажил амжилттай хийгдснийг мэдэгдье” гэсэн зурвасны доод буланд Нобелийн хувийн эмчийн гарын үсэг болон тамга зурайж байв. Талийгчийн хүсэл биелэгдсэнд Арвины сэтгэл ханан өөрийн эрхгүй толгой тохих аж. Тэрбээр өв залгамжлагчдын зүгээс гарах хэл амнаас болгоомжлон  гэрээслэлийн нэгэн хачирхалтай заалтыг  тодотгож уншаагүй аж. Альфред Нобелийн сүүлчийн хүсэл юу байсныг тэд мэдээд яах вэ дээ? Нобель  үхснийхээ  дараа  ямар ч байсан судсаа хануулахыг хүсжээ. Эрдэмтэн, авьяслаг зкохион бүтээгч, дэлхийн хагийн чинээлэг хүний нэг байсан  Алвфред Нобель амьдаараа булшлагдахаас хамгийн ихээр айдаг байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)