Алуурчны өчил


Утасны дуу.

1973 оны дөрөвдүгээр сарын 24-нд АНУ-ын Санта-Круз хотын цагдаагийн жижүүрийн утас хангинан дуугарав. Өөрийгөө Эдмунд Кемпер хэмээн танилцуулсан эр Кларнелл Стренберг болон Сары Халетт нарын аллагын талаар юу мэдэж байгаа талаар асуужээ. Цагдаагийн офицер юу ч мэдэхгүй гэж үнэнээ хэлэхэд Эдмунд Кемпер өөрийгөө тэдгээр эмэгтэйчүүдийг хөнөөсөн төдийгүй өмнө нь зургаан оюутан бүсгүйг алсан гэв. Жижүүрийн офицер Эдмундын таньдаг найз нь байсан бөгөөд “Эд, чи их согтож. Явж унт” гэж хэлээд утсаа тасалжээ. Утас дахин дугаарлаа. Энэ удаа харилцуурыг цагдаагийн өөр ажилтан автал нөгөөх эр “Хамгийн сүүлд алга болсон Розалинда Торп, Элис Лю гэдэг хоёр эмэгтэй хэзээ ч олдрохгүй. Учир нь би тэдний амьгүй болсон биеийг далайд живүүлчихсэн. Харин анх алга болсон Мэри Пешш болон Анита Дучес нарын цогцсыг булчихсан тул хаана байгааг нь хэлж өгье. Хэрэв та нар манай ээжийн гэрт очих юм бол дахин хоёр цогцос олох болно. Биш ээ гурав юм байна. Арын цэцэрлэгт модны доор гурав дахь эмэгтэйн толгой байгаа” гэх нь тэр. Сонсож буй зүйлдээ бараг итгэхгүй шахам байсан офицер түүний утсаар өгөх мэдүүлгийг арай ядан бичиж амжиж байлаа. Эд Кемпер тэгж хурдан ярьж байж. Төгсгөлд нь тэрбээр “Намайг Пуэбло хотоос ирж ав. Бүтэлгүй та нар баривчлахаа мартчихна шүү” гэж хошигнов.

Эдмунд Кемперын эхийн гэрт хийсэн үзлэг.

Түүний заасан хаяаг дагуу Кларнелл Кемперын гэрт очиж үзлэг хийтэл унтлагын өрөөний орон дотор эмэгтэй хүний толгойгүй цогцос байсан бол зочны өрөөний ил зуухны тавиур дээр эмэгтэй хүний толгой олджээ. Харин шалан дээр бас нэг эмэгтэй боомлуулж үхсэн байдалтай хэвтэж байв. Байшингийн арын цэцэрлэгт ургах том модны ероолоос хэдэн сарын өмнө тасдсан бололтой бас нэг эмэгтэй хүний толгой олдов.

Эдмунд Кемперыг Санта-Крузын цагдаагийн хэлтэс руу утастсанаас хойш 40 минутын дараа Колорадо мужийн Пуэбло хотын цагдаа нар очиж баривчиллаа.

Эдмунд Кемперын өчил

1946 онд АНУ-ын Калифорни мужийн Бербанк хотод нэгэн дурлалт хосууд гэрлэж гурван хүүхэдтэй болжээ. Хоёр охин нэг хүү. Дэлхийн II дайныг туулж өнгөрүүлсэн гэрийн эзэн цахилгаанчны мэргэжил эзэмшин гэр бүлээ тэжээх аж. Удалгүй эхнэр нөхөр хоёрын харилцаа муудаж эхлэв. Захирангуй бас ааштай эхнэр нь нөхрөө бага мөнгө олж байна гэж үргэлж загнаж янших болсон байна. Гэрийн эзэн хоёр ажил хийх болов. Гэсэн ч гэрийн хэрүүл тасарсангүй. Эцэст нь 1957 онд Кемперийн гэр бүл салжээ.“Намайг ухаан ороход л ээж аав үргэлж хэрэлддэг байсан. Аав ажил хийгээд ихэнхдээ байдаггүй байсан л даа. Харин аав гэртээ байхдаа надтай үргэлж тоглодог байсныг би сайн санадаг. Хэрүүлдээ ээж аавыг “хүүгээ илүү эрхлүүллээ” гэж хашхичиж байсныг мартдаггүй” гэж Эдмунд Кемпер яриагаа эхэлжээ.

“Би төрхөөсөө тийм аймшигтай харанхуй дотоод ертөнцтэй төрөөгүй болов уу .Эсвэл тийм төрсөн ч байж магадгүй. Ямар ч байсан үгүй гэж найддаг. Аавыг явснаас хойш ээж хамаг уур ууцаараа надад гаргах болсон юм. Тэр үеэс л миний бодол мөрөөдөл их сонин болж эхэлсэн. Би эмэгтэй дүүтэйгээ цаазаар авахуулж байна гэж тоглодог байсан. Дараа нь би сургуулийнхаа нэг царайлаг багшид дурлачихлаа. Тэгээд тэр эмэгтэйг үнэсмээр санагдана. Гэхдээ яагаад ч юм үнэсэхийн тулд түүнийг эхлээд алах хэрэгтэй гэж боддог байв”. Цаашлах тусам Эдмундын бодол, хүсэл мөрөөдөл улам хүндэрсээр байжээ. Эмэгтэй дүү нарынхаа хүүхэлдэйнүүдийн толгой, хөл гарыг нь тастах таалагддаг болов. Сүүлдээ энэ аргаа амьд амьтан дээр хэрэглэх болжээ. Нэг удаа гэрийнхээ муурыг арын цэцэрлэгтээ амьдаар нь булзчихаж. Тэгээд үхсэнийх нь дараа эргүүлж гаргаж ирээд өрөөндөө орон амьгүй болсон мууртайгаа тоглосон байна. “Би үеийнхнээсээ биеэр их том байсан. 12 настайдаа миний биеийн өндөр 187 см байсан гээд бод. Одоо миний өндөр 204 см. Гадаад төрхөөсөө болоод бас дээрээс нь их ичимхий учир би зожиг хүүхэд байсан. Намайг өсөж томрох тусам ээжийн ааш авир бүр л хачин болсон. Намайг эмэгтэй дүү нараа хүчиндэж магадгүй гээд доод хонгилын харанхуй өрөөнд байн байн түгжинэ. Гэтэл би хүчиндэнэ гэж юу болохыг ч мэдэхгүй байлаа”.

15 настай Эдмунд цаашид ээжтэйгээ амьдрах аргагүй болоод аав руугаа зугтчихаж. Төрсөн аав нь хүүгээ хүлээж авсан ч шинэ гэр бүлтэй болсон байжээ. Хамгийн гол нь түүний өргөмөл хүүтэй амьдралынх нь ганц гэрэл гэгээ болсон аавынхаа хайр халамжийг хуваах болсон нь Эдмундад таалагдсангүй. Энэ нь түүний биеэ авч яваа байдал, аавынхаа гэр бүлийн гишүүдтэй харилцах харьцаанд заримдаа хурцаар илрэх болж. Хоёр сарын дараа тэвчээр нь барагдсан аав нь Эдмундыг хөдөө байдаг эмээ өвөө рүү нь явуулжээ.

“Би өвөөтэй таараад байдаг байсан. Тэр бүү хэл надад түүнтэй байхад амар тайван сайхан байдаг байв. Харин эмээтэй бол ёстой хэцүү байлаа. Тэрбээр яг манай ээж шиг зантай хүн байсан. Захирангуй, үглээ,яншаа бас дээрэнгүй. Шилжилтийн насны хүүхэд ер нь дүрс ууртай байдаг гэдэг шүү дээ. Нэг өдөр л миний тэвчээр барагдсан. Тэгээд өвөөгийн бууг аваад над руу хашгачих эмээг буудаж орхисон. Тэр үеэр тариан талбайгаас өвөө ирж таарав. Би гүйж гараад траектороосоо бууж байгаа өвөөгөө бас буудчихсан. Тэгээд дараа нь ээж рүүгээ утастан бүх үнэнээ хэлсэн. Тэгэхэд надад айх бас сэтгэл ханамж хоёр зэрэгцэж байсан”.

Шүүх хурал дээр Эдмундаас “Яах гэж эмээ өвөөгөө алсан юм” гэж асуухад тэрбээр “Хүн алах ямар байдгийг мэдэх гэсэн юм” хэмээн хариулсан байдаг. Насанд хүрээгүй түүнийг сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэх болжээ. Тэнд өсвөрийн алуурчинд параноид маягийн солиорол гэсэн онош тавихын хажуугаар ой ухаан буюу IQ нь  маш өндөр үзүүлэлттэй гарчээ. Хэрэв дундаж IQ-ийн үзүүлэлт 90-110 хооронд байдаг бол Кемперых 140 үзүүлсэн байна. Тэгэхээр Эдмунд өөрийн аймшигт дотоод ертөнцөө эргэн тойрныхноосоо сайн нууж чаддаг байсан байх нь.

“Сэтгэцийн эмнэлэгт би яг л эрүүл хүн шиг байдаг байсан. Миний уур хилэнг хүргэх нэг ч зүйл гардаггүй байв. Эмнэлгийн ажилтнууд надад маш сайн ханддаг байсан бөгөөд би заримдаа тэдэнд тусалдаг байлаа. Жишээ нь өвчтөнүүдэд зориулсан сэтгэцийн сорилын асуултуудтай хуудсыг өрөөгөөр тараадаг байв. Өөрөөр хэлбэл зөв хариултыг мэдэх боломж надад байсан гэсэн үг. Дараа нь өөрийгөө эрүүл болсон гэдэгт эмч нарыг итгүүлэхэд тэр хариултууд надад их хэрэг болсон юм. Хэрэв тэгэхэд эмнэлгийнхэн надаар тийм ажил хийлгээгүй бол хожмын аллагууд гараа ч уу үгүй юу”.

Эдмунд сэтгэцийн эмнэлэгт дөрвөн жил болсон аж. Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг шүүдэг шүүх Кемперийг эдгэрсэн гэж үзээд суллажээ. Мэргэжлийн эмч нар Эдмундыг эх рүү нь явуулахыг эрс эсэргүүцэж байсан ч шүүх үл хайхарсан аж.

“Намайг дөрвөн жил сэтгэцийн эмнэлэгт байх хооронд нийгэм маш их өөрчлөгдсөн байж билээ. 1969 он байсан. Хиппи урсгал моодонд орж, чөлөөт секс, хар тамхи гээд танихгүй нийгэм намайг угтсан. Тэр үед ээж гурав дахь нөхрөөсөө салаад Санта-Крузд амьдарч байсан. Би ээж дээрээ очихгүй өөр хаачих вэ дээ. Ээж намайг харин дажгүй хүлээж авсан шүү. Тэрбээр ямар аргаар юм мэдэхгүй хөөцөлдсөөр байгаад миний өсвөр насандаа үйлдсэн гэмт хэрэг цаашдын амьдралд минь, ажилд ороход минь саад болохооргүй нөхцөл бүрдүүлсэн байсан. Би цагдаад ажилд орохыг маш их хүсэж байсан ч миний 2 метр гаруй өндрөөс болоод ажилд аваагүй. Зам засварын газарт миний бие бялдар их тохирсон бололтой намайг дор нь авсан. Харин ээж бид хоёрын харилцаа удалгүй эргээд муудсан даа. Ажилд орж мөнгөтэй болсон болохоор юуны түрүүнд би эхээсээ тусдаа байр хөлслөн суух боллоо. Амьдрал нэг гольдиролд орлоо гэж бодсон ч тийм байсангүй. Хэдий тусдаа амьдарсан ч ээжийг үзэн ядах сэтгэл тайвшралыг ер олохгүй байлаа.”

Эдмунд хоёр жил замын унаанд гараа өргөх охид, бүсгүйчүүдийг машинаараа зөөсөн байна. Зарим нь түүний машинд хаширлаад суудаггүй байж. Тэгээд Эдмунд тэдэнд итгэл төрүүлэх янз бүрийн зүйл бодож олох болжээ. Тэр нь амжилттай болж эхлэнгүүт аймшигт аллагууд эхэлжээ.

“Анхны аллагыг 1972 оны тавдугаар сард хийсэн. Машиныхаа жолоочийн талын хаалганаас бусдыг нь дотроосоо онгойхгүй болгов. Тэгээд зам дээр гараа өргөн зогсох хоёр бүсгүйг авсан. Тэд оюутан охид байж таарав. Тэднийг худалдаж авсан гар буугаараа сүрдүүлэн байж нэг охиныг нөгөөгөөр нь хүлүүлэв. Тэгээд хүлээсгүй охиныг ой руу авч ороод хутгалж алсан. Алсныхаа дараа би шоконд орсон. Хэсэг хугацааны дараа нөгөө охин дээр очтол тэр охин миний цустай гарыг хараад учиргүй айсан. Түүнийг хараад би өрөвдсөн. Гэвч явуулж болохгүй шүү дээ. Тэр намайг бариад өгчихнө. Тэгээд би худлаа хэллээ. “Танай найз чинь намайг доромжлоод байхаар нь би цохичход хамрыг нь хугалчих шиг боллоо. Чи очиж тусалсан нь дээр байх” гэв. Тэр охин үнэхээр намайг аймаар доромжлоод байсан юм. Гэхдээ би түүнийг цохиж зодоогүй. Алсан нь үнэн ч нэг ч цохиогүй. Яагаад худлаа хэлсэн юм гэж үү? Алуулж байгаагаа мэдээд хэрэггүй гэж л бодсон юм. Нөгөө охин бол юу болсныг ч ойлгоогүй дээ. Гараад ирэнгүүт би түүнийг яг зүрхэнд нь хутгалж алсан.”

Эдмундын хувьд гол зорилго нь зөвхөн алах л байсан гэвэл үгүй аж. Тэрбээр хоёр охины амьгүй биесийг гэртээ авчраад тэдэнтэй секс үйлдсэн байна. Дараа нь цогцсуудыг мөчлөн, гялгар уутнуудад хийгээд ууланд аваачин энэ тэнд хаяжээ. Тэр үед хүүхэд залуус гэрээсээ оргодог тохиолдол их гардаг байв. Тиймээс цагдаагийнхан дээрх хоёр охиныг алга болсон гэх мэдээлэлд тийм ч их ач холбогдол өгөөгүй аж. Хэсэг хугацааны дараа бусад алга болсон залуусын адил эргээд ирнэ биз гэж боджээ. Тэдгээр охидын биеийн зарим хэсэг хоёр сарын дараа уулнаас олджээ. Аймшигт гэмт хэрэгтэй тулгарсан цагдаагийнхан хөл болж байх хооронд Эдмунд дараачийн аллагадаа бэлдэж байв.

“1972 оны есдүгээр сарын 14-нд автобусны буудалд дээр нэг ази царайтай хөөрхөн охин зогсож байв. Хүргээд өгье гэсэн нэрийдлээр машиндаа суулгасныхаа дараа буу тулган хүнгүй газар аваачсан. Тэрбээр учиргүй их айж, уйлж хашхирч гарсан л даа. Тийм эмэгтэйг хараад би алж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Тэгэхээр түүнийг тайвшруулахын тулд худлаа зохиож ярьсан. “Би чамайг алахгүй ээ. Өнөөдөр би амиа хорлох гэж оролдоод чадсангүй. Намайг сонсоод, надтай ярилцчих л хүн хэрэгтэй байна” гэж худлаа ярьж охины итгэлийг олсон. Алах алахгүй гэсэн бодол ээлжлэн миний толгойд эргэлдээд байсан. Тэгээд би машинаасаа гарсан. Тэгэхдээ би түлхүүрээ машиндаа үлдээсэн юм. Өөрөөр хэлбэл түүнд боломж олгосон гэсэн үг шүү дээ. Түлхүүр эргүүлээд, хааз гишгээд л болоо. Гэтэл охин тэгээгүй. Би буцаж ороод түүнийг багалзуурдаж алсныхаа дараа гэртээ авчран, цогцостой нь секс хийсэн. Дараа нь уу? Дараа нь яахав дээ мөчлөөд, мөчилсөн хэсгүүдийг энэ тэнд аваачиж булахгүй юу.”

Маргааш нь Кемпер өөрийн сэтгэл санааны байдлаа байнга шалгуулдаг сэтгэл зүйч дээрээ очжээ. Уулзалт амжилттай болов. Сэтгэл зүйч түүнийг өөртөө болон эрэн тойрныхондоо ямар ч аюулгүй гэсэн дүгнэлтэд гаргажээ. Бүрэн эдгэж хэмээн үзсэн өвчтөнийх нь машины тээшэнд 15 настай Аяко Кою гэдэг япон охины тастагсдсан толгой явж байгааг сэтгэл зүйч яахан мэдэх вэ гэхэд алуурчин өөрийгөө ялихгүй зүйлээр ч гэсэн барьж өгөөгүй гэхэд ямар ухаантай, хашир, зальтай гэмт хэрэгтэн гэдэг нь эндээс харагдах аж.

“Дараачийн аллагыг дөрвөн сарын дараа хийсэн. Тэр үед би ажлаа, ер нь нийгэмд т чадахаа больсон байлаа. Хувь хүн талаасаа ялзарч, жирийн хүн шиг нийгэмд оршиж чадахаа больж байна гэдгээ би өөрөө ойлгож байсан. Мөнгөгүй болсон юм чинь ээжийндээ эргээд очлоо. Ингээд ээлжит хэрүүлийн дараа уур хилэнгээ гаргахгүй бол тэвчихийн аргагүй болоод гараад явлаа. Синди Шор гэдэг охиныг зам дээрээс аваад хүнгүй газар очсон. Гар буугаа суудлын хооронд үлдээчхээд охины талын хаалгыг онгойлгох гээд машинаасаа гарсан. Бас л боломж олгож байгаа ухаантай. Гэтэл тэр охин мөн л тэр боломжийг ашиглаагүй. Түүнийг тээшинд оруулаад толгой руу нь буудаж алсан. Тэр үед миний айдас бүрэн алга болсон байсан. Бүсгүйн цогцсыг эхийнхээ гэрт авчраад орон дээрээ тавиад секс хийсэн. Толгойг нь тастаад байрны арын цэцэрлэгт булчихсан. Харин биеийн бусад хэсгийг далай руу шидчихсэн.”

Хөөрхий Синди Шорын цогцосны зарим хэсэг нэг хоногийн дараа л эрэг дээр хөвөөд гараад иржээ. Хохирогчдын цогцсуудаас алуурчныг илчлэх цус, үс, үрийн шингэн гээд ямар нэгэн ул мөр огт илэрдэггүй байв. Хэрэв тэр үед гэмт хэрэгтний сэтгэл зүйг тодорхойлж чаддаг байсан бол Эдмундын нас, нийгмийн байдал, зуршил, таашаал мэдрэмж зэргийг тогтоож болох байлаа. Цуврал алуурчин залуу царайлаг, туранхай, богино хар үстэй нэг үгээр хэлэхэд эхтэйгээ адилхан хүүхнүүдийг алаад байжээ. Дараачийн аллагаа тэрбээр сарын дараа л үйлдэв. Зам дээр гараа өргөн зогсох хоёр эмэгтэйг машиндаа суулган зайдуухан газар очоод элдэв дутуу зүйлгүй шууд буудан алжээ. Урьдын адил амьгүй биетэй секс хийснийхээ дараа мөчлөөд, далай руу шидчихсэн байна.

“Хавар дөрвөн сард шүү дээ. Би аллага үйлдээгүй хоёр сар боллоо. Гэсэн ч би одоо боллоо. Гэмгүй охидыг алахаа болъё гэж шийдсэн. Миний гомдол, үзэн ядалт, уур хилэн ээж бид хоёрын дунд л үлдэх ёстой. Би тэр хүнээс хаашаа ч зугтаж чадахгүй шүү дээ. Өөр газар амьдарсан ч тэр хүн миний бодолд оршсоор байна. Энэ үеэр ээжтэй муудалж хэрэлдэж байсан уу гэвэв тийм. Тэр байтугай ээж намайг цохидог болсон. Ээлжит хэрүүлийн дараа би гэрээсээ гарч яваад хүн алахгүй өөрийгөө уураа барьж чадах нь уу гэдгээ шалгахаар шийдэв. Замын машинд битгий суугаарай гэж цагдаагийхан хотын оршин суугчидад анхуураад байхад л хоёр бүсгүй гараа өргөн зогсож байлаа. Тэд их сургуулийнхаа дотуур байр руу явж байв. Анхны аллага хийсэн газарт минь аваачих нь дээ. Би дотроо “Бурхан минь, чи биеэ сул тавиад л боллоо. Тэгээд эд нар чамайг өөрсдөө өөрсдийнхөө үхэл рүүгээ хөтлөнө. Тэгээд юугаар ч зүйрлэшгүй тайвшрал, таашаалыг амсана ” гэж бодсоор. Гэвч би тэднийг алаагүй. Би чадсан. Тэгээд нэг юмыг ойлгосон. Ээж үхэх ёстой юм байна гэж. Тэгээд дараа нь би өөрөө үхэх ёстой гэдгийг тийм хожим ойлгож байгаа юм даа. Долоо хоног өнгөрлөө. Нэг орой ээж хүмүүстэй наргиад халамцуу ирэв. Би түүний өрөөнд орвол ээж орондоо орчихсон сонин уншаад хэвтэж байлаа. Тэгээд намайг хараад “За яав. Бүтэлгүй амьдралынхаа тухай шөнөжин ярихаар шийдээ юу” гэлээ. Энэ хүн миний ээж. Би түүнийг ална гэдгээ бүр шийдчихсэн байсан. Гэсэн ч ээжийгээ хараад миний нулимс асгараад байлаа. “Үгүй дээ. Би сайхан нойрсоорой гэж л хэлэх гэсэн юм” гээд өрөөнөөс гарсан. Тэгээд шөнө дөрвөн цагт унтаж байхад нь алхаар цохиж алсан. Тэр цохилтод амьдралын минь туршид хуримтлагдсан уур хилэн, гомдол хорсол багтсан юм. Хэдэн удаа цохисноо ч санахгүй байна. Тэгээд толгойг нь тастаад, амьгүй болсон биеийг нь бузарласан. Дараа нь толгойг нь ил зуухны тавиур дээр тавьж байгаад даартсын сум шидсэн. Тэгээд хамгийн сайн найз руу нь утастаад сюрпризтай өдрийн хоолонд урьж байна гэж худлаа хэлэн дуудаад бас алсан. Түүнтэй холбоотой бүх юмыг устгаж алмаар санагдаад байсан. Тэрбээр яаж хүүгээ өсгөж хүмүүжүүлснээс болж зургаан гэмгүй эмэгтэй алууллаа.”

Эдмунд амиа егүүтгэж чадаагүй. Тэрбээр ээжийнхээ найзыг боож алангуутаа гэрээсээ шууд гарч машиндаа суугаад харсан зүгтээ давхижээ. Гурван өдөр зогсолтгүй давхисан аж. Замдаа тэрбээр өөрийнх нь хийсэн гэмт хэргийн талаар мэдээлэх нь үү гэж радио байнга сонсож явсан ч огт чимээгүй байлаа. Тэгээд тэвчээр нь барагдан, цагдаагийнхныг хараасаар Пуэбло хотод нэгэн гудамжны утасны хажууд зогсоод Сант-Круиз хотын цагдаагийн хэлтэс рүү залгажээ.Шүүх хурал дээр Эдмунд Кремпер өөрийгөө цаазаар авахыг шаардсан ч шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Тэрбээр одоо болтол амьд сэрүүн Колифорни мужийн шоронд хоригдож байгаа аж. Өдий олон жил болоход тэгээд ээж нь байхгүй болсон тул түүнийг эдгэсэн байх гэсэн бодолтой хүмүүс байдаг аж. Гэсэн ч Эдмунд өөрийгөө үхдэггүй юмаа гэхэд шоронд байх ёстой хүн гэж үздэг гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)