Алуурчныг олохын тулд сурталчилгааны самбар түрээсэлжээ

Каб Суонсон бол холимог тулааны UFC холбооны түүхэн дэх хагас хөнгөн жингийн шилдэг тамирчдын нэг. Тэрбээр уг холбоонд харьяалагдах болсноос хойш 10 тулаанд ялсан нь зөвхөн Макс Холлоуэй (15), Даррен Элкинс (13) нарын дараа орох амжилт юм. Гэвч 2018 он К.Суонсоны хувьд тун хүнд жил болжээ. Тэрбээр замналынхаа турш анх удаа гурван тулаанд дараалан ялагдаж, дасгалжуулагч Рамон Диас нь нас барав. К.Суонсонд жиү жицү зааж, холимог тулаанч болох замыг нь нээсэн Р.Диас 2018 оны гуравдугаар сарын 28-нд АНУ-ын Калифорни мужийн Палм-Спрингс хотод буудуулж нас барсан аж.

“Palm springs jiu-jitsu” сургалтын төвдөө хичээл зааж дууссаныхаа дараа Р.Диас бэлтгэлийн хувцсаа ч тайлалгүй, гэртээ харьжээ. Хөрш нь 21.00 цагийн үед буун дуу сонсоод цагдаагийн газарт дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар хэргийн газарт 15 минутын дараа ирээд шархадсан Р.Диасыг олсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хэдэн цагийн дараа нас баржээ. Гэмт хэрэгтэн гэрээс нь ямар ч үнэт эдлэл аваагүй учир дээрмийн зорилгоор эл хэргийг үйлдээгүй нь тодорхой болсон аж. Палм-Спрингс бол 45 мянган оршин суугчтай, аялал жуулчлал хөгжсөн, иргэд нь хангалуун амьдралтай тайван амгалан хот. Сүүлийн таван жилд тус хотод ердөө хоёр удаа зэвсэглэсэн дээрэм бүртгэгдсэн бөгөөд 2018 онд хүн амины ердөө гурван хэрэг гарчээ.

Р.Диасын ах Алекс дүүгийнхээ талаар “Рамонд нэг ч дайсан байгаагүй. Тэр сургуульдаа гэр бүлийн мэт орчин бүрдүүлж, шавь нар нь бүгд түүнийг хүндэлдэг байсан. Тэр 30 жил багшлахдаа нэг ч хүнтэй муудалцаж байгаагүй” гэж ярьжээ. Хэргийн газраас ул мөр олдоогүй, алуурчныг харсан хүн байхгүй учир мөрдлөг мухардалд ороод байгаа аж.

Р.Диасын шавь нар интернэтээр краудфандингийн кампанит ажил зохион байгуулснаар оршуулгын зардлыг нь (17 мянган доллар) босгожээ. Мөн К.Суонсоны санаачилгаар Р.Диасын найз, шавь нар нь “алуурчны талаар мэдээлэл өгсөн хүнд 10 мянган доллар амласан” сурталчилгааны самбар түрээсэлсэн байна. Уг самбар нь Палс-Спрингс хотоос гарах зам дээр байдаг аж. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эл самбарыг түрээсэлсэн бөгөөд өнөөг хүртэл сар бүр 1700 ам.доллар төлсөөр, алуурчны талаар ямар нэг мэдээлэл олдоно гэдэгт итгэн хүлээсээр байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)