“Алтан өндөг”-ний учиг

Галт гэх залуу эхнэрийнхээ хамт тарчигхан амьдарна. Хар бор ажил хийн өдөр хоногийг аргацаах тэднийх ядуусын хороололд нийтийн байранд толгой хоргодох аж.

Санамсаргүй тохиолдлоор Галт алтан хальстай өндөг олсноор тэдний амьдралыг өөрчлөх адал явдлууд үргэлжилнэ. Алтан өндгөөр өндөглөдөг тахиа гартаа оруулсан Галт эдэнд умбаж, амьдрал нь сайжрахын хэрээр ааш авир нь өөрчлөгдсөөр, нэг л мэдэхэд мөнгийг тахин шүтдэг нэгэн болж хувирна.

“Монгол фильм” групп, “Тэнгэр” продакшны хамтран бүтээж, энэ сарын 21-нээс үзэгчдэд хүргэж эхэлсэн “Алтан өндөг” уран сайхны киноны үйл явдал ийн өрнөх аж.

Эл бүтээлийг Т.Бархүү продюсерлон, Гавьяат жүжигчин И.Одончимэг найруулж, зохиолыг нь хамтран бичжээ. Уг кино нь инээдмийн боловч мөн чанартаа амьдрал, хүний мөн чанарын тухай бүтээл юм.

Гурван жилийн өмнө зургийг нь авсан ч өнөөг хүртэл “дарж”, одоо л үзэгчдэд хүргэсэн нь киноны хийцийг улам сайжруулах гэж хичээснийх гэж уран бүтээлчид тайлбарласан.

Гол дүр болох Галтад жүжигчин Т.Бархүү, түүний гэргийд ӨМӨЗО-ы дуучин, жүжигчин Д.Халин тогложээ. Туслах дүрүүд гол баатрыг улам тодотгож, үйл явдлыг хурцатгах хүндхэн үүрэг хүлээдэг.

Эл кинонд Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн, Л.Дэмидбаатар, И.Одончимэг, “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр нарын чадварлаг жүжигчин ураа гаргасан байв. Онцгойлон ӨМӨЗО-ы жүжигчин Б.Баян-Ерөөлтийг дурдъя. Энгийн мэт харагдах мөртлөө тун чиг сонирхолтой дүрийг сайн амилуулжээ.

Киноны үйл явдал, зөрчил, өрнөлийг дуу хөгжим улам тодруулж, үзэгчдийг автуулдаг. Тус киноны хөгжмийг Н.Баярхүү бичжээ. Түүний зохиосон цоглог, хэмнэлтэй хөгжмүүд кинонд гайхалтай зохицож байлаа.

Түүнчлэн киноны аудио пост продакшны ажлыг Украины баг хамтран гүйцэтгэсэн гэсэн. Киноны зургийг Б.Баатар авчээ. Зургийг нь ӨМӨЗО-д авсан тус кинонд элэг хөшөөм үйл явдлууд, утга санааны огцом эргэлттэй үзэгдлүүд өрнөнө.

Их хотын амьдрал, олон түмний хөл хөдөлгөөн, ядуусын нийтийн байр, автомашины уралдаан гээд сонирхол татам дүрслэл цөөнгүй байсныг онцолъё. Мөн компьютер графикийг Ш.Тансаг, Б.Түвшинтөгс нар чадмаг гүйцэтгэсэн нь олон үзэгдлээс тод харагдаж байв.

Хэт их үйл явдлаар “бөмбөгдөхгүй” ч, үзэгчдийг уйдаагаагүй нь найруулагчийн шийдэл болон жүжигчдийн тоглолт, дүрслэл, дүрүүдийн мөн чанарын тэнцвэртэй байдлуудаас харагдана.

Түүнчлэн гол утга санаагаа тарамдуулалгүй ойлгуулж, илэрхийлсээр байсан нь сайшаалтай. Гавьяат жүжигчин, найруулагч И.Одончимэг “Хүн баяжихын төлөө биш, жаргахын төлөө амьдардаг” гэсэн. Энэ л өгүүлбэр тус киноны гол санаа байлаа.


Бэлтгэсэн: А.Хангай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)