Алтан пянзанд багтсан Аавдаа би хайртай

Хурд” хамтлагийн дуунуудыг мэдэхгүй, сонсоогүй, дагаж аялдаггүй монгол хүн бараг үгүй байх. Хэдийгээр рок хамтлаг ч гэлээ уянгын дуунууд нь тэднийг илүү алдартай болгосон байж мэднэ. Тэдгээрийн нэг “Аавдаа би хайртай” дуу “мэндэлсэн” түүхийг өгүүлье.

“Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж надад хайртай

Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай...” хэмээн эхэлдэг эл хит дууны шүлгийг яруу найрагч Х.Чилаажав, хөгжмийг С.Ишхүү зохиожээ.

Х.Чилаажав “Уг дууны шүлгээ 1990 онд оюутан байхдаа бичсэн юм. Намрын ажилд явсны минь дараа “Аавын тань бие тааруу байна” гэсэн цахилгаан ирсэн. Тэр үед одоогийнхтой адил гар утас байсан биш. Тэгээд л би бороо шивэрсэн нэгэн өдөр цонхоор харж суухдаа “Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай” хэмээн ганцхан амьсгаагаар биччихсэн хэрэг.

Найман жилийн дараа авьяаслаг хөгжмийн зохиолч С.Ишхүү миний номны хэсгийг олж үзээд, шүлэгт минь аялгуу хийснээр эл дуу төрж, “Хурд”-ынхан амилуулсан. Дараа нь тус хамтлагийн залуус надтай уулзаж, “Аавдаа би хайртай” шиг, тэгсэн мөртлөө олныг байлдан дагуулахуйц дуу хийе. Шүлэг байна уу” гэлээ. Тэгэхэд надад дутуу бичээд орхисон шүлэг байсан юм. Түүнийгээ гүйцээж, “Эх орон” дууг бүтээсэн түүхтэй” хэмээн дурссан байдаг.

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “С.Ишхүү манай хамтлагт дуучнаар орохоор Өвөрхангайгаас ирж шалгуулсан юм. 1993 он. Д.Төмөрцог хамтлагт ороогүй байсан үе. Мань хүн хөгжим бичдэг тухайгаа хэлж, “Ээждээ” хэмээх дуугаа дуулж өглөө. Ингэж бид уран бүтээлээрээ танилцсан. Дараа нь яруу найрагч Х.Чилаажавын “Аавдаа би хайртай” шүлэгт ямар гоё аялгуу зохиосноо сонсгосон. Уг дууг МҮОНР-гийн фондод бичүүлэхээр очоод, студийнх нь гадаа хүлээж суухдаа Д.Төмөрцогийн дуулахыг сонсоод бүгд уйлж билээ” хэмээн дурсамж сөхсөн.

2013 онд “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулж Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд анх удаа алтан пянз хэвлүүлсэн. Үүндээ 250 гаруй дууныхаа шилдэг есийг багтаасны нэг нь “Аавдаа би хайртай” юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)