“Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнд 200 гаруй бүтээл дэлгэв

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа энэ сарын 25-31-нд зохион байгуулж байна.

Энэ жил зураачид Баянхонгор, Хэнтий, Өмнөговь баруун аймгууд болон Олон улсын зураачидтай хамтран БНХАУ-ын Алтан тооройн фестиваль, ОХУ-ын Абакан хотын Хакасын пленерт явж олон судалбар ажлыг хийсэн юм. Энэхүү ажлаа тайлагнасан судалбар зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.

Тус үзэсгэлэнд зураачид өөрсдийн сонгосон техник, материалаар бүтээлээ туурвисан /тосон болон усан будаг, пастель, зураасан зураг/ 200-аад судалбар зураг дэлгэжээ. Мөн үзэсгэлэнд Хөгжмийн зохиолчдын холбоо, Зохиолчдын эвлэлийн хорооныхон уригдан нээлтэд шүлэг, яруу найргаар сэтгэлийн бэлэг өргөн оролцлоо.

Судалбар зураг нь аливаа уран бүтээлийг туурвихын өмнө уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул хийн, судлан зурдгаараа онцлогтой. Иймд дүрслэх урлагийн үе үеийн алдарт зураачид 21 аймагт Урчуудын эвлэлийн салбарыг нээж, тэдэнд судалбар зургийн хичээл заахаас гадна аль ч улиралд эх орныхоо байгалийн сайхныг дүрслэн үлдээсэн олон бүтээл туурвидаг. Үүнээс үзэхэд урлагийн бүтээлүүд дотроос судалбар зураг чухал байр суурь эзэлдгийг уран бүтээлчид хэлж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 28-нд “Судалбар зургийн ач холбогдол” Урлаг судлаач О.Сосор ахмад, залуу уран бүтээлчид оролцсон уулзалт лекцийг, энэ сарын 31-нд “Хөрөг зургийн судалбар” МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, багш Д.Булгантуяа оюутан залууст мастер класс  зохион байгуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)