“Алтан намар”-ын хөшигний ар дахь “гунигт аялгуу”

Монголын хөгжмийн зохиолчид 35 дахь намрынхаа ургацыг хураахаар өчигдөр орой “Улаанбаатар” чуулгад цуглан, жилдээ ганц удаа болдог хамгийн том наадмаа нээлээ. Гурван хоногийн турш Монголын хөгжмийн урлаг шинэ бүтээлүүдээ хүлээн авч, үзэгчдэд сонсгон, шүүгч нар дүн тавина.

Тухайлсан хөгжимд зориулсан концерт, чуулбар, уран сэтгэмж, этно балет гээд дан хөгжмийн бүтээлүүд энэ наадмын үеэр эгшиглэж, Монголын хөгжмийн урлагт ямар бүтээл шинээр мэндэлж, хэн гэдэг хөгжмийн зохиолчийн туурвил тодрон гарч буйг харах боломжтой. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хамгийн чухал ажлуудын нэг болох “Алтан намар” наадмыг Хөгжим бүжгийн коллеж, ЦДБЭЧ, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Улсын филармони, “Улаанбаатар” чуулга дэмжин, хамтран ажиллаж буй.

Харин хамгийн харамсалтай нь харьяалах яам буюу БСШУСЯ нь дэмжсэнгүй. Өнгөрсөн хугацаанд тус яамны нэр хэдэнтээ өөрчлөгдөж, мөн нэг удаа ССАЖЯ байгуулагдан ажиллаж байсан ч “Алтан намар”-ыг үргэлж дэмжсээр иржээ. Энэ жил л нүүр буруулав. Учир нь сүүлийн хоёр жил соёл урлагийн салбарт ямар ч бүтээн байгуулалт хийхгүйгээр төсөвт тусгаж, улсын санд бүтээл худалдан авах зардлыг ч танаад байгаа.

Тус яаманд байгаа Соёлын бодлого, зохицуулалтын газарт таван мэргэжилтэн, даргын хамт ажиллаж байгаа нь ч чамламаар. Дэндүү их ажлыг цөөхүүлээ нуруундаа үүрдэг тэднийг буруутгах гээгүй ч Монголын хөгжмийн урлагийн хамгийн том наадмыг дэмжихээс татгалзсаны цаана ямар хор уршиг байгааг тодруулахыг л зорилоо. Ойлголцлын зөрүү, хэн хэндээ бүрэн дүүрэн итгэл үзүүлж чадахгүй байгаа уялдаа холбоогүй үйл ажиллагааны балаг л энэ байх.

...Мэргэжлийн урлагийн байгууллагуудад дарамт үзүүлж нэг холбооны үйл ажиллагааг зохион байгуулах ёсгүй...                                   БСШУСЯ

1982 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа нарын санаачилгаар хөгжмийн урлагийн наадам анх зохион байгуулж байсан бөгөөд тухайн үед төрийн дэмжлэг оролцоо ч өндөр байжээ.

Тус наадмыг сүлд дуутай болгох санаачилга 1983 онд гарсан бөгөөд хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд уралдаан зарлаж, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Алтан намар” тунаснаар сүлд дуу болжээ. Түүнчлэн наадмын навчит бэлгэдлийг ардын зураач Л.Намхайцэрэн бүтээсэн байгаа юм.

Соёл, урлагийн бодлого нэлээд тодорхой, нэгдсэн зангилаатай байсан тухайн цаг үед хөгжмийн урлагийн шилдэг бүтээлийг жилдээ нэг удаа шалгаруулж ирсэн нь учиртай. Залуу хөгжмийн зохиолчдоо дэмжиж, бүтээлийн төрлийг нэмэгдүүлэн, өрсөлдөөн дундаас шилдгүүдийг тодруулах нь энэ наадмын зорилго байсан. Өнөөг хүртэл XX зууны шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээл алдартай хэвээрээ, түгэн дэлгэрсээр байгаад ч энэ наадмын нөлөө буй.

Төрийн ачааны хүндийг үүрэлцэн зүтгэж яваа хүмүүст бэрхшээл бий л байх. Гэхдээ юу нь зөв, аль ч чухал болохыг анзааран мэдэж, бодлогоо зохицуулж байх нь тэдний үүрэг. 6000 хол давсан тоотой төрийн бус байгууллагуудын нэгийнх нь л хийж байгаа жирийн арга хэмжээ гэж энэ наадмыг үл тоох дарга байхад Монголын хөгжмийн урлаг, соёлын дархлааны чухал илэрхийлэл болсон бүтээлүүд эгшиглэх том наадам хэмээн дээдлэх хүн ч байна.

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэлтэй энэ талаар ярилцахад “Ард түмэндээ бүтээлээ танилцуулж, ургацаа хураах гэж хөгжмийн зохиолчид жилдээ ганц удаа “Алтан намар”-ын үеэр цуглацгаадаг. Бүтээлээ сурталчлан таниулж, эгшиглүүлнэ гэдэг хөгжмийн зохиолчийн хувьд том баяр. Аливаа улсын хөгжмийн урлагийн хөгжлийг дуугаар бус, дан хөгжмийн бүтээлээр нь тодорхойлдог. Хөрөнгө, санхүүгийн боломж байхгүй гэсэн шалтгаанаар энэ жил “Алтан намар” наадмыг БСШУСЯ дэмжээгүйн цаана Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн хөгжил энэ яаманд хамаагүй гэсэн утга санаа давхар агуулагдаж байна.

Санхүүжүүлж дэмжихгүй юм гэхэд харьяа байгууллагуудаа оролцуулж, хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг жилдээ ганц удаа үнэгүй түгээх боломж олгоход л хангалттай байсан. Болохгүй гэсэн хариулт сонсоод Соёлын бодлого зохицуулалтын газарт мэргэжлийн хөгжмийн урлаг хөгжих, эсэх нь хамаагүй юм байна гэж ойлгосон. Тэглээ гээд гутраад бид наадам хийхгүй гээгүй. Олон жилийн турш хамтран, ижил дасал болсон ХБК, ЦДБЭЧ, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим дэмжлээ.

Улсын филармонийн симфони найрал хөгжим хямдруулсан үнэ өртгөөр бүтээлүүдийг тоглож өгч байгаа. Төр, засаг гэж байгаа л бол хөгжмийн урлагаа бодлогоор дэмжихгүй бол яагаад ч урагшлахгүй. Энэ бол нийгэмд үйлчилдэг чухал салбар. 1982 оноос хойш “Алтан намар” наадам нэг ч жил өнжилгүй болж байгаа. Өмнө нь манай холбооноос зохион байгуулдаг “Алтан намар”, “Морин хуур” наадамд зориулан жилд 12 сая төгрөг өгдөг байсан. Харин одоо бол үгүй.

Бид урлагийн байгууллагын тайзыг хөлсөлж, үнэ мөнгөө өгч бүтээлээ тоглуулах юм бол БСШУСЯ-ны ямар ч оролцоо хэрэггүй. 1994 онд Хөгжмийн зохиолчдын холбоо төрийн бус байгууллага болсон. Угаасаа төрийн бус байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй. Төрийн ачаа хүнд, бүтэц нь данхар байна гээд холбоодыг төрийн бус байгууллага болгож, өөрчилсөн. Гэхдээ төрийн байгууллага нь төрийн ажил хийж, Төрийн бус байгууллага хувийн юмаа хийнэ гэсэн ойлголт байхгүй.

Монголын хөгжмийн урлаг, соёлын дархлаа нь болсон гол чухал зүйлийн тухай энд ярьж байгааг мартаж болохгүй. Бодлогын алдаа болон оноо нь шууд харагддаггүй ч алсдаа үр дүн нь мэдээж бидний хойч үе дээр бууна. Тусгаар тогтнолыг зөвхөн хилээ манаснаар хадгалдаггүй. Соёл, урлаг бол дархлаа нь юм.

... “Алтан намар” наадмыг дэмжихгүй байгаа нь энэ газарт мэргэжлийн хөгжмийн урлагийн хөгжил хамаагүй гэсэнтэй агаар нэг юм...                                     МХЗХ

Ид хийж бүтээх насан дээрээ байгаа залуу хөгжмийн зохиолчдын нэгэн үе одоо гарч ирээд байна. Тэдний урмыг хугалахгүй, хийж бүтээлгээд авах хэрэгтэй байна. Эдүгээ Улсын филармони нь урын сангийн хомсдолд орсон тухай ярьж байна. Энэ бүхний ард бодлого л байх ёстой юм” гэж ярилаа.

Энэ жил тус Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр, Л.Насанбат, Т.Сэр-Од нарын хөгжмийн зохиолчийн 16 бүтээл наадмын үеэр эгшиглэх юм. Түүнчлэн ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хөгжмийн зохиолчид “Алтан намар”-т нэгдсэн нь энэ жилийн онцлог юм.

Бид нэг талын байр суурь бүхий, тэнцвэргүй мэдээлэл хүргэх ёсгүй учраас БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болдоос дараах тайлбарыг сонссон юм. “Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл албан бичиг бариад ирж уулзсан. Тэр бичигт “Алтан намар” наадмын үеэр ДБЭТ, Улсын филармонийн тоглолтын танхимыг үнэгүй ашиглуулж, филармонийн симфони найрал хөгжимчдөөр Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг үнэгүй тоглуулж өгнө үү” гэсэн байсан.

10 хөгжмийн зохиолчийн шинэ бүтээлийг бэлтгэн тоглохын тулд тухайн хөгжимчид болон удирдаачаас хэр их хөдөлмөр, цаг хугацаа шаардахыг та бүхэн ойлгож байгаа байх. Яагаад тийм байхад үнэгүй тоглож өгөх ёстой билээ. Би энэ бүхнийг тайлбарласан. Эсвэл Улсын филармони таван сая төгрөг төл гэж хэлснийг нь хямдруулж, ярьж өгөөч гэж орж ирсэн бол өөр хэрэг. Мэргэжлийн урлагийн бүх байгууллага төлөвлөгөөтэй ажилладаг. Хүчээр энэ арга хэмжээнд үнэ төлбөргүй оролц гэж тэднийг шахаж болохгүй.

Иймэрхүү зүйл сүүлийн хэдэн жил замбараагүй байсан юм байна. Монголын хөгжмийн зохиолчдын холбоо бусдын буянаар жил болгон энэ арга хэмжээгээ хийдэг. Үүний оронд тасалбараа борлуулж, мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Болохгүй байгаа бол хэлбэрээ өөрчлөөд үз. Ямар ч менежмент, шинэчлэл хийхгүй байж хэдэн театр, чуулгаа дарамталж болохгүй. Мэргэжлийн урлагийн байгууллагууд ч ийм зүйлд гомдолтой байгаагаа хэлж байсан удаатай. Бид соёл, урлагийн бүх байгууллагаа дэмжинэ.

Хөгжмийн зохиолчдын холбоог ч дэмжинэ. Саяхан Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн ойд зориулсан уралдааныг бид дэмжиж, Урлагийн ажилтны холбоотой хамтарсан. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа гуайн 100 жилийн ойг Баянхонгор аймагт зохион байгуулахад нь уралдааны гран при шагналыг нь манай яам дэмжин, гаргаж өгсөн. Миний хатуу үг зарим хүнийг эмзэглүүлж байгаа байх. Цаашид яах ёстой юм бол, юу хийх хэрэгтэй вэ гээд бид бодож, төлөвлөж байна” гэлээ.

Тэдний байр суурь мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хүссэн ч, эс хүссэн ч холбогдож буй учраас Улсын филармонийн төлөөллөөс энэ тухай тодрууллаа. Тэдний хэлж буйгаар Улсын филармони Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлж, түүнийгээ тоглохдоо тасалбар борлуулж ашиг олдог учраас ямар ч үед “Алтан намар”-ыг дэмжиж ирсэн гэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд энэ асуудал нь зохицуулагддаг учраас эх зохиолч, энэ олон бүтээлийн ундарга нь болсон хөгжмийн зохиолчиддоо хүндэтгэлтэй ханддагаа илэрхийллээ.

Түүнчлэн ДБЭТ ч бас ийм байр суурьтай байгаа аж. Тус театр бямба, ням гариг бүрт тоглолттой, шахуу төлөвлөгөөтэй, тайз нь байнгын ачаалалтай байгаа хэдий ч “Алтан намар”-ыг дэмжин хамтрах боломжтойгоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооныхонд хэлж байжээ. Тухайн үйл ажиллагаа болох өдрийн цахилгааны төлбөрийг төлөөд, хөгжмийн цөөн хэдэн бүтээлийн найруулга хийж өгөх юм бол “Алтан намар” наадмын нээлт, хаалтын аль нэгийг тайзан дээрээ хийлгэж болно гэж хэлсэн ч Хөгжмийн зохиолчдын холбоо татгалзсан юм билээ.

Мэргэжлийн урлагийн байгууллагууд, Хөгжмийн зохиолчдын холбоо, БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар гээд бүгдээрээ л энэ салбарынхаа ирээдүйн хойчийн төлөө ажиллах чин эрмэлзэлтэй, өмнөх ажлаа нэр төртэй хийгээд ирээдүйгээ соён гэгээрүүлье гэсэн зорилготой яваа байгууллагууд.

Гэсэн хэдий ч ийнхүү нэгэн наадмын хөшигний ард “гунигт аялгуу” дуугарган, бие биедээ үгийн хатууг шидэлж буйн шалтгаан нь Улсын төсөв хямарлаа гэхээр л соёлын салбараасаа хамгийн түрүүнд танаж, хасаж, сүүлдээ бүр 330 сумынхаа номын санд нэг ч шинэ бүтээл авах төсөв өгөхгүй, энэ салбарт ямар ч бүтээн байгуулалт хийхгүй хоёр жил болж байгаагийн балаг биш гэж үү.

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Улсын хилийг манаад тусгаар тогтнолоо хамгаалдаггүй юм. Соёл урлаг бол дархлаа нь” гэсэн үгээр нийтлэлээ өндөрлөе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)