“Алтан баззер”-ын төлөө

-Олонх хоёр хуваагдаж, цөөнх бүлэггүй болохдоо тулна гэж бодоогүй нь лавтай-

УИХ-д жил хүрэхтэй, үгүйтэй суух эрхмийг тодруулах ширүүн өрсөлдөөн эхлэв. Хэдийгээр дараагийн ээлжит сонгууль хүртэл хугацаа богино ч Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид УИХ-ын гишүүн болох гэсэн хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхийн тулд саналаа өгөхгүй нь лав. 29 настай Д.Гантулгыг өнөөгийн парламентад хамгийн залуу гишүүн болгон илгээсэн нь ч санаандгүй сонголт байгаагүй. Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сард болох нөхөн сонгуульд “түрүүлж”, түшээ гэгдэх нэр дэвшигч 2020 оныход ч өнгөлөх магадлал өндөр, “алтан баззер” авлаа гэсэн үг. Тиймээс ч улс төрийн намууд уг сонгуульд өндөр ач холбогдол өгөх нь аргагүй. Парламентад орж ирсэн тохиолдолд эрүүлээр сэтгэж, шоудахгүйгээр ажиллах боломж, хугацаа үндсэндээ байхгүйг мэдэх тусмаа тэд тэр тойрог руу тэмүүлж байгаа нь ойлгомжтой. УИХ-д суудалтай, эсэхээс үл хамааран айсуй, ээлжит сонгуулийн “албан бус хувилбар”-т оролцож, сонгогчдын санаа бодлыг тандах боломж улс төрийн намуудад байх нь гарцаагүй.

Эл сонгуулийн санал хураалтыг өнгөрсөн аравдугаар сард явуулахаар товлоод байхад 14 нам (МАН, АН, МАХН, МНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МҮАН, Зон олны нам, Монгол консерватив нам, ИЗНН, Ард түмнээ хайрлая нам, БНН, Үнэн ба зөв нам, ХҮН, Дэлхийн монголчууд нам) оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлээд байсан юм. Эдгээрийн дотор Үнэн ба зөв, Зон олны болон Дэлхийн монголчууд гэх зэрэг Дээд шүүхэд бүртгүүлээд жил болоогүй нь ч бий. Улс төр сонирхогч, түүнээс хамааралтай хэн бүхэн, орон даяараа анхаарал хандуулах уг сонгуульд оролцох нь нэн залуу намуудад “танилцах дадлага” хийх сайхан боломж байх биз.

14 намын 14 нэр дэвшигчээс гадна бие даан өрсөлдөх хүмүүс ч байсан билээ. Дээд шүүхэд бүртгэлтэй, Монгол Улсад засгийн эрхийг авахын төлөө албан ёсоор өрсөлдөж, сонгуульд оролцох эрхтэй нам тухайн үед 28 байв. Харин одоо энэ тоо 31-д хүрсэн (Гэхдээ хуулийн холбогдох заалтын дагуу дөрвөн нам энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй талаар СЕХ-ноос мэдэгдээд буй). Намын тоо нэмэгдэхийн хэрээр тэдгээрээс сонгуульд нэр дэвшигч олширч болох ч энэ удаа нөхөн байтугай ээлжит сонгуулиудын түүхэнд байгаагүй олон хүн 42 дугаар тойргийг онилж мэдэх нь.

Монголын парламентын түүхэнд 10 удаа нөхөн сонгууль зохион байгуулсан. Энэ удаагийнх 11 дэх нь. Түүх сөхвөл, 2009 онд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд найман (дөрөв нь бие даагч) нэр дэвшигч өрсөлдсөн нь хамгийн олон хүн оролцсон тохиолдол аж. Гэхдээ 2008 оны сонгуулийг томсгосон 26 тойрогт зохион байгуулсан бөгөөд тус тойргоос Ц.Элбэгдорж (АН), Д.Очирбат (тухайн үеийн МАХН) нар сонгогдсон. Дараа жил нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, Ц.Элбэгдоржийг сонгосноор түүний үлдээсэн суудалд С.Баярын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан эрхмүүдийн нэг Д.Зоригт сонгогдсон түүхтэй. Харин өнгөрсөн сонгуулийг жижиг 76 тойрогт явуулсан. Ийм тогтолцоогоор явуулсан нөхөн сонгуулиудад хамгийн олон хүн нэр дэвшсэн нь 2006 онд болсон, Хөвсгөл аймгийн 46 дугаар тойргийнх. 2004 оны ээлжит сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшин сонгогдсон О.Энхсайхан өвчний улмаас өөд болсноор зохион байгуулсан тус нөхөн сонгуульд Ө.Энхтүвшин (тухайн үеийн МАХН) ялсан юм. Ээлжит сонгуулиар тэд хоёулхнаа өрсөлдөж байсан юм билээ. Харин нөхөн сонгуулиар нэр дэвшигчийн тоо долоо болж өссөн нь энэ.

Ер нь өнгөрсөн 10 удаагийн сонгуулийн гурваас бусдад нь нэр дэвшигчдийн тоо ээлжит сонгуулиар тухайн тойрогт өрсөлдөж байсантай адил, эсвэл буурсан байгаа юм. “Хамгийн олон хүн хүн нэр дэвшсэн” хэмээн дээр дурдсан Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт өмнө нь 22 хүн өрсөлдсөн байх жишээтэй. Сонирхуулахад, 2000 оны ээлжит сонгуулиар Ш.Отгонбилэг агсан Завхан аймгийн 22 дугаар тойрогт ганцаархнаа буюу тухайн үеийн МАХН-аас нэр дэвшин өрсөлдөгчгүй ялсан. Нөхөн сонгуульд түүний гэргий Д.Туяа мөн л өрсөлдөгчгүй оролцож, УИХ-ын гишүүн болж байжээ. Талийгаачдаа хүндэтгэлтэй хандсандаа өрсөлдөөнөөс нэрээ татсан гэж ойлгож ч болох. Ташрамд дурдахад, Монголд нөхөн сонгууль явуулж ирсэн нийтлэг хоёр шалтгааны нөгөө нь Төрийн тэргүүнээр сонгогдсон таван эрхмийн гурвынх нь парламентад үлдээсэн суудлыг дүүргэх байв. Харин Хэнтийд хийхээр товлосон сонгуулийн шалтгааныг хэн бүхэн мэдэж буй.

Залуу улстөрчийн замбараагүй явдал нь Хэнтийд хүч үзэхээр сэтгэл шулуудсан хүмүүст ярих, “шоудах” сэдэл, зориг өгч буй нь ойлгомжтой. Энэ нь ч тус сонгуульд нэр дэвшигчдийн тоо рекорд тогтооход хүргэх шалтгаан байх талтай. Түүнээс биш Монголын улс төр “жижиг” намуудад тийм ч ээлтэй биш гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Ардчилалд шилжсэнээс хойших алдаа бүрийн бурууг АН, МАН-ынхаас нэхэж буй, парламентад суудалгүй намуудын уриа “МАНАН-г арилгая” гэх хэлц болсон нь ч үүний баталгаа. Тэгээд ч 2006 болон 2009 онд явуулсан нөхөн сонгуулиас бусдад нь ялагчийнх нь нам өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, суудал нь эзгүйрсэн гишүүнийг нэр дэвшүүлсэн нам 10 удаагийн сонгуулиас наймд нь ялсан байгаа юм.

Цаасан дээр нам байгуулж, наймааны хэрэгсэл болгон, хэд хэдээр нь халаасалчихсан яваа хүмүүсийн санаархлаас нь энэ удаагийн сонгуульд оролцогчдын жагсаалт ангид байх нь юу л бол.

Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Иргэд, сонгогчид битгий хэл УИХ-д 65 суудал авсан эрх баригчдын зүүдлээ ч үгүй үйл явц өрнөж буй. Тэд ард түмний итгэлийг алдсан. Олонх хоёр хуваагдаж, цөөнх ч УИХ-д бүлэггүй болохдоо тулна гэж бодоогүй нь лавтай. АН, МАН-ын аль алиных нь нэр хүнд унаж байна. Улмаар улс төрийн намаас залхах хандлага манайд газар авах болсон. Тиймээс ч МАХН ба УИХ-д суудалгүй намууд нөхөн сонгууль руу тэмүүлж байх талтай.

Нэр дэвших магадлалтай хүмүүсийн элдэв нэр хөвөрч эхэлсэн. МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх гээд нөлөө бүхий улстөрчид нэр дэвших сураг халуун зунаас гарсан. Нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлж, сурталчилгаагаа нууцхан эхлээд байсан хүмүүс ч бий. Тэдний нэр дэвших бодол өөрчлөгдөөгүй гэж найдъя. Уг нь зургадугаар сарын эхний долоо хоногт л тэдний нэр албан ёсоор тодорхой болох учиртай. Тэр болтол зай ч байна, лай ч байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяр гуайг УИХ-ын гишүүн болгох сонирхол зөвхөн Х.Баттулгад л бий.

Ерөнхийлөгч бүр дахин сонгогдох мөрөөдөлтэй байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулгад Н.Энхбаярыг худлаа ч гэсэн хажуудаа байлгаад өрсөлдсөн дүр үзүүлээд ялах нь өөрт нь ашигтай” хэмээн дурдсанчлан олон ашиг сонирхлын солбицол дээр тодруулах нэр дэвшигчдийн өнгийг өнөөдөр тодорхойлоход арай эртдэж мэднэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)