Алтанбулаг чөлөөт бүсийн суурь дэд бүтцийн ажил дуусчээ

“Алтанбулаг экспо 2016” өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Оролцогчдын тоо, хамрах цар хүрээ зэргээрээ “анхны” гэх тодотгол олонтой энэ удаагийн экспо хоёр өдрийн турш хэдэн мянган зочид, гийчдийн хөлд дарагдлаа. 

 “Алтанбулаг экспо 2016”-г УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Гурван улсын 100 гаруй аж ахуй нэгж Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлснээс 10 гаруй нь үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цайны замын гол зангилаа болж байсан эртний түүхтэй энэ газарт чөлөөт бүсийг бүрэн хөгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Нийт 500 га талбай бүхий Алтанбулагийн чөлөөт бүсэд суурь дэд бүтцийн ажлууд үндсэндээ дууссан бөгөөд хөрөнгө оруулагчдаа татах ажил эрчимтэй өрнөж байгаагийн нэг хэлбэр нь энэ удаагийн арга хэмжээ байв. Эдүгээ дэлхий дахинаа 135 оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум орчим ам.долларын экспортын бараа эргэлт гүйцэтгэж, 70 сая хүнийг ажлын байраар хангаж байгааг энэ үеэр Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү илтгэлдээ дурдсан юм.

Алтанбулаг чөлөөт бүсэд одоогоор улсын төсвөөс 22 тэрбум, хувийн хэвшил таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Суурь дэд бүтцийн хувьд чөлөөт бүсийн доторхи шугам хоолой бэлэн болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн  цэвэрлэх байгууламжтай холбох ажил энэ ондоо дуусгахаар ажиллаж байгааг энэ үеэр дуулгалаа. Эхний ээлжийн цахилгаан хангамж бэлэн болсон төдийгүй  өргөтгөх боломжтой аж. Энэ мэтчилэн үндсэн дэд бүтцийн ажил дуусгавар болсон бөгөөд тус  чөлөөт бүсэд “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба болон ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтаар томоохон худалдааны төв барьж, байгуулах төслийн ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр зорьж байгаа юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)