Алтанбулаг олон улсын жишиг боомт болно

Юуны түрүүнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ныханд талархлаа илэрхийлэх нь зүйтэй. 1991 оноос хойш манай улсын хөгжлийн олон талт түнш нь байсаар иржээ. Хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, зам, тээвэр, бүтээн байгуулалт, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны зэрэг улсын амин чухал салбарт олон сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэн, Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамруулж, техникийн туслалцааны олон төсөл хэрэгжүүлсэн. Монгол Улсад оруулсан АХБ-ны санхүүжилтийн нийт хэмжээ өдгөө 2.3 тэрбум ам.долларт хүрээд байна.

АХБ “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслөө улс даяар амжилттай хэрэгжүүлээд дуусаж буй. Мөн орон нутаг, тэр дундаа хилийн боомтуудад “том” ажил эхлүүлсэнтэй холбогдуулан тус банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн болон холбогдох албаныхан энэ сарын 6-7-нд Сэлэнгэ аймагт ажиллалаа. Эх орны хоймор нутаг Сэлэнгэ нь газар зүйн байршлын хувьд өвөрмөц онцлогтойг хүмүүс андахгүй. Нутгийн ихэнх хэсэг нь хар шороон хөрстэй, Хараа, Ерөө, Орхон гол, Сэлэнгэ мөрөн урсдаг тул чийглэг уур амьсгалтай. Улсын үр тарианы 50-60, төмс, хүнсний ногооны 30-40 хувийг дангаараа хангадаг, газар тариалангийн бүс нутаг юм.

109 мянган хүн амтай, 17 сум, зургаан тосгонтой. Авто замын Алтанбулаг, Сүхбаатар хилийн боомттой. Монгол Улс руу нэвтрэх нэг хаалга нь хилийн боомтууд байдаг учир төслийн багийнхан хамгийн түрүүнд Алтанбулагийн үйл ажиллагаатай танилцсан юм. Алтанбулаг нь Улаанбаатар хотоос 350 км зайтай, ОХУ-ын Хиагт боомттой хиллэдэг. Манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш боомт 24 цагийн горимд шилжин, 5-9 дүгээр сард зорчигч, ачаа тээврийн урсгал хэд дахин нэмэгддэг байна.

Хилийн шалган нэвтрүүлэх боомтыг 2002 онд байгуулсан бөгөөд экспорт, импортын хоёр урсгалаар буюу нэг чиглэлдээ зорчигч, ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн давхацсан зохион байгуулалттай байдаг. Оргил ачааллын үеэр тус боомтоор өдөрт 5000-6000 зорчигч, 2000-3000 тээврийн хэрэгсэл орж, гардгийг албаны хүмүүс хэллээ. Одоо ашиглаж буй боомтын барилга нь зорчигчийн хүлээлгийн танхимгүй, шалган нэвтрүүлэх орц, гарц, зай талбай нь хязгаарлагдмал аж. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор хилийн хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болсон төдийгүй зорчигчид боомт дээр удаан хугацаагаар саатах болжээ.

Энэ бүхнийг харгалзан, Монгол Улсын Засгийн газар, АХБ хамтран “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг 29 сая ам.доллароор, 2022 он хүртэл хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсаныг энэ үеэр дуулгалаа. Төслийн нийт санхүүжилтийн 90 гаруй хувийг буюу 27 сая ам.долларыг АХБ гаргах аж. Үүний хүрээнд Алтанбулаг боомтын барилга, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилж, зам, талбай, орчны тохижилтыг дахин төлөвлөн, орчин үеийн төхөөрөмжөөр тоноглон, дэлхийн жишигт нийцүүлэх юм байна. Ингэснээр гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжран, иргэд, бизнес эрхлэгчид хүлээгдэл, чирэгдэлгүй ая тухтай зорчих боломж нээгдэх аж.

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээрт, боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Хоёрдугаарт, гаалийн автоматжуулсан системийг өргөтгөн, шинэчлэх бол гуравдугаарт, гадаад худалдааны нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх болсноо төслийн багийн зохицуулагч нар хэлэв. Ерөнхий төлөвлөгөөг нь харвал, Алтанбулаг боомт зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолбор, гааль, мэргэжлийн хяналтын лаборатори, агуулах, түргэн муудах бараа бүтээгдэхүүний болон эрэлч нохойн байр, ус, дулаан дамжуулах төв зэрэг нийт 18 700 орчим ам метр талбайд бүтээн байгуулалт хийхээр тусгажээ.

Алтанбулаг боомтоор хил нэвтэрч буй тээврийн хэрэгслүүд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын авто замыг ашигладаг юм байна. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр орон нутгийн авто замд зохиомол ачаалал үүсэж, хүчин чадал нь хүрэлцэхгүй болсныг албаны хүмүүс онцолсон. Тиймээс төслийн багийнхан боомтод зориулж, 1.7 км хатуу хучилттай, дөрвөн эгнээ авто зам тавихаас гадна 7000 ам метр талбайд зогсоол барих болжээ. Түүнчлэн Алтанбулагийг авто замын дотоод сүлжээтэй болгохын тулд 30 мянган ам метр газрыг хамарсан бүтээн байгуулалт хийх аж. Ташрамд дурдахад, нэг цэгийн үйлчилгээний зургаан давхар цогцолборыг төслийн хүрээнд Сүхбаатар хилийн боомтод барьж, 2021 онд ашиглалтад оруулах болсныг дурдах нь зүйтэй.

Боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Ю.Ариунболд “Манай байцаагч нар боомтод хүн, малын эрүүл ахуйн халдвар, цацрагийн болон ургамлын хорио цээр, хүнсний хяналт, шалгалтыг хийдэг. Улсын хилээр оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний тал хувь нь авто замаар буюу Алтанбулагаар, нөгөө хэсгийг нь төмөр замаар буюу Сүхбаатар боомтоор импортолж байна. Манай улс ихэвчлэн ургамал, ургамлын гаралтай болон хүнсний бүтээгдэхүүнийг хойд хөршөөс импортолж байна. Улсын хэмжээнд тариалалт эхэлж буйтай холбогдуулан маалинга, өргөст хэмх, үрийн төмс, сонгино наранцэцэгийн зэрэг 10 мянган тн үрийг тавдугаар сарын 20 гэхэд импортолно. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэд хортон шавж үүрлэсэн, эсэхийг байцаагч нар шалгадаг. Түүнчлэн жимс, жимсгэнээс дотоод хорио цээртэй холбоотой зөрчил цөөнгүй гарна. 

Тухайн аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүн тээвэрлэхдээ хадгалалт, хамгаалалт алдсантай холбоотой янз бүрийн шавж илэрдэг. Ийм тохиолдолд агуулах саванд нь ариутгал, халдваргүйтгэл хийнэ. Хэд хэдэн компанийн алимнаас улаан хачиг илэрсэн тохиолдол ч гарсан. Харин тухайн экспортлогч улстай холбоотой зөрчил илэрвэл шууд буцаадаг. Хилийн үйлчилгээг сайжруулах төслөөс гадна манай боомт дээр 16.2 сая ам.долларын бас нэг төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ нь “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл” юм. Үүний хүрээнд хилийн боомтын хяналт, шалгалтыг сайжруулж, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын лаборатори, хорио цээрийн байгууламж барих юм” гэж ярилаа.

2020 он гэхэд хорио цээрийн байгууламжийг боомтын дэргэд барьж дуусгах бөгөөд улс даяар дамжин тархах халдварт өвчнөөс сэргийлэх боломж бүрдэх аж. Ялангуяа хил, гаалиар үйлчлүүлж буй иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, чирэгдэл учруулахгүй, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Ургамлын гаралтай бараа, бүтээгдэхүүнийг тухайн улсын агуулахаас ачихад эрүүл байсан ч дамжин тээвэрлэх явцад гэмтэж, муудах, хачиг, хувалз үүрлэх асуудал бишгүй гардаг байна. Одоо ажиллаж буй лабораторид нянгийн шинжилгээ хийхэд 24-48 цаг зарцуулдаг. Улсын хилээр оруулж ирдэг, “их эрсдэлтэй” жагсаалтад багтдаг 1200 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүнд заавал нянгийн шинжилгээ хийж, нэвтрүүлдэг журамтай гэнэ. Үүнд хоног, хугацаа их алддаг тухайгаа мэргэжлийн хяналтын албаныхан хэлсэн юм.

“Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд боомтын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр орчин үеийн түргэвчилсэн тестээр нянгийн шинжилгээ хийдэг болох гэнэ. Өмнөхөөсөө хоёр дахин богино хугацаанд шинжилгээний хариуг гаргах боломжтой ажээ. Түүнчлэн хорио цээрийн багууламж барьснаар түргэн муудах бүтээгдэхүүнийг зориулалтын саванд хадгалснаар иргэн, аж ахуйн нэгжүүдийг эрсдэлээс хамгаалах тогтолцоо бүрдэх юм билээ. Амьд мал хилээр нэвтрүүлж буй тохиолдолд халдварт өвчин гарахаас сэргийлж, тусгаарлах байгууламжид байрлуулах болжээ. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдал, мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хяналт, шалгалтын системийг олон улсын стандартад ойртуулж буй нь энэ аж.

Боомтын мэргэжлийн хяналтын систем нь нарийн тоног төхөөрөмжгүй, мэдээллийн тогтолцоо муутайгаас иргэдийг бухимдуулж, чирэгдүүлсээр иржээ. Тиймээс цаашид олон улсад хэрэглэдэг SPS-ийн хяналтын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, түүнийгээ гаалийн байгууллагын системтэй холбож, бараа, бүтээгдэхүүний сан бүрдүүлэх юм байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд байгууллагаас байгууллагын хооронд лиценз, тусгай зөвшөөрөл зэрэг бусад бичиг баримтыг биеэр хүргэж өгөх шаардлагагүй, бүгдийг цахим хэлбэрт шилжүүлэх аж. Сүхбаатар, Алтанбулагийн хилээр нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг урд хөрш рүү тээвэрлэлээ гэхэд бүх мэдээлэл нь цахимаар тухайн хилийн боомтын мэдээллийн санд байршина. Энэ бүхэн хилийн бүсэд хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнд бий болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)