Алтай Таван богд хайрханыг тахих ёслол болжээ

Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх ёслол энэ сарын 3-ны өдөр ёслол төгөлдөр болжээ. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж энэхүү хайрханыг тахих тухай шийдвэр гаргаснаас хойш ийнхүү хоёр дахь удаа Төрийн тахилга үйлдсэн байгаа аж.

Энэ удаагийн тахилгад УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, С.Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, тэргүүтэй төрийн элч төлөөлөгчид болон гадаад, дотоодын зочид нутгийн зон олон оролцжээ

Төрийн ёслолын нээлтийн үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга А.Гылымхан: Амархан сайн байцгаана уу? Алтай ханы ноён оргил-Таван богдын тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээг удирдаж, зохион байгуулах өндөр үүрэг хүлээсэн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн ёслолын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймаг, сум орон нутгийн хариуцлагатай албан тушаалтнууд, цэргийн хүрээний байгууллагуудын удирдлага, хамт олон, зэргэлдээ аймгууд болон гадаад дотоодоос морилон ирсэн зочид гийчид, энэхүү тахилгын үйл ажиллагаанд оролцохоор хуран цугларсан иргэд, хөдөлмөрчид та бүхний түмэн амгаланг айлтгаж энэ билигтэй сайхан өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлж байна. Монголчууд бол эзэн Чингис хааны үеэс өвлөн уламжилж ирсэн уул овоо тахиж, ус нутгаа шүтэж, лус савдгийг аргадан баясгаж, байгаль түүний баялгийг хамгаалж, зохистой ашиглаж хойч үедээ өвлүүлж ирсэн баялаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтай ханы Таван богдыг Төрийн тахилгатай болгох шийдвэр гарч, 2014 онд анх удаа уг ёслолын арга хэмжээг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрчээ.Уг тахилганаас хойш манай иргэдийн ус нутгаа гэх сэтгэл, омогшил, хандлага эрс өөрчлөгдөн сайжирч, мал сүрэг өсөж, ард түмний амьдрал дээшилсэн байна.  Баян-Өлгийчүүд бид бол Тэнгэрийн уул Таван богд хайрханы өвөр дээр эрхэлж өссөн Тэлмэн цэнхэр Ховд гол эхийн рашаан сүүг хөхөж өндийснөөрөө бахархдаг олон ястны төлөөлөлтэй эвтэй, найрамдалтай ард түмэн билээ. Алтай ханы Таван богд хайрханы тэнгэр та биднийг ивээлдээ авч болгоон соёрхож, буян заяаг маань арвитган, өгөөж хишгээ хайрлан, аливаа ган зуд, гамшиг, муу бүхнээс зайлуулж, аз хийморийг дэвжээн, үндэстэн ястны эв нэгдлийг бэхжүүлж, энх амар, элбэг дэлбэг байлгаж соёрхоно уу.Өнөөдрийн тахилгын ёслолын ажиллагааны бүх бэлтгэлийг хангаж удирдан зохион байгуулж буй бүх хүмүүс, тахилгын ёслолыг үйлдэн ном айлдахаар морилон ирсэн лам хуврагууд та бүхэнд гүн талархаж байгаагаа илэрхийлж, та бүгдийн юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, төр түвшин, түмэн олон амгалан байж, улс орон нутаг маань хөгжин дэвшихийн ерөөлийг дэвшүүлье”хэмээсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)