Алсад харагдах “цагаан зураас” цөөрсөөр


Говь нутгийн чимэг болсон зургаан амьтны нэгийг бөхөн гэдэг. Дэлхийд хоёр зүйл бөхөн байдгийн нэг нь зөвхөн Монгол оронд байдгаараа онцлог. Харамсалтай нь, эх нутгаараа овоглосон монгол бөхөн өдгөө 5000 гаруй л бий. Уур амьсгалын өөрчлөлт, эрс хүйтрэх, идэш тэжээлийн хомсдол, халдварт өвчний улмаас олноороо эндсээр тоо толгой нь ийн цөөрчээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд монгол бөхөнгийн өдөр тохиодог. Уг амьтны талаарх зарим сонирхолтой баримтыг хүргэе.

УНАСАН ГАЗАР, УГААСАН УС

Монгол бөхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон нутаглаж байна. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялхдаа бор хүрэн зүстэй байдаг уг амьтан дээрх газруудаас гадна Ховдын Манхан, Увсын Завхан, Завханы Дөрвөлжин сумд нутагладаг.

Бөхөн жил бүр үржилд ордог ч тэр бүр хээлтдэггүй аж. Тиймээс судлаачид үржил муутай амьтан гэдэг. Эрэгчнийг хэржин, эмэгчнийг нь хэрэгчин, үр төлийг нь янзага гэдэг. Хэржин нь хос шорон эвэртэй, эмэгчин нь эвэргүй. 1.5-2.5 настайдаа үржилд ордог хэрэгчний 70 хувь нь ихэрлэдэг. Ихэнх амьтан зун, намар, хаврын урин дулаан цагт үржилд ордог бол бөхөн арванхоёрдугаар сард ороогоо тайлдаг. Өвлийн хахир хүйтнийг давж хээлтэй үлдэж чадсан хэрэгчин төлөө 5-6 сар тээж, төрүүлдэг. Нялх биетэй эх, янзага хоёрт дайсан мундахгүй. Үнэг, хярс, чононоос эхлээд махчин шувууд хүртэл янзага төрөх мөчийг хүлээнэ. Бөхөнгийн янзага гөрөөснийхийг бодвол тамир тэнхээ муутай учир нас биед хүрэхийн тулд багагүй бэрхшээлтэй нүүр тулдаг.

ДЭРСЭН ХӨЛТ

Бөхөн бол Монгол орны хамгийн хурдан амьтан. Аюулаас зугтах үедээ 70-90 км/цаг хурдалдаг аж. Нам гүмхэн, тайван гэгч нь идээшилж зогссон бөхөнгийн сүрэг гэнэт “алга болчихвол” гайхах хэрэггүй. Учир нь тэд маш үргэмтгий. Дэрс шиг турь муутай хөлтэй хэрнээ “хурд хэтрүүлэн” хатирах нь аюулаас өөрийгөө хамгаалж буй тэдний төрөлх араншин. Ганц нэгээрээ үргэж цахилсан бөхөнг хүмүүс говь талд нарийн тоос “гүйж явна” гэж андуурдаг гэнэ. Монгол бөхөнгийн хамрын хөндий бусад туурайтан амьтныхтай харьцуулахад том. Энэ нь удаан хугацаагаар хурдлахад бахардуулахгүй байх үүрэгтэй аж. Олон тооны хялгасан судас бүхий хамрын хөндийнхөө ачаар давхих үедээ их хэмжээний хүйтэн агаарыг хурдан бүлээцүүлж, уушгиа нэн шаардлагатай дулаан агаараар хангадаг аж.

СОРГОГ БӨХӨН

Дэлхий дээр монгол болон соргог гэсэн хоёр зүйлийн бөхөн байдгийг дээр дурдсан. Соргог бөхөн “Улаан данс”-ны ангиллын шалгуураар устаж болзошгүй хэмээн үнэлэгдсэн. Гөрөөсний төрх галбиртай, хоньтой дүйцэхүйц биетэй эл амьтан Монгол нутаг дахь Зүүнгарын говьд, Монгол Алтайн нурууны бэлээс урагш, Хөвчийн нуруу, Булган голын хооронд, өндөр уул, говиор хязгаарлагдсан хэсэгхэн газарт ХХ зууны эх хүртэл олноор байршиж байжээ. Тархац нутаг нь хумигдан, тоо толгой нь цөөрсөөр 1950-иад онд Хавтаг, Байтаг уул, Борцонжийн говьд цөөн үзэгдэж, 1970-аад оны сүүлчээр Аргалант уулын орчимд олноор үзэгджээ. 2007 онд 1550 гаруй соргог бөхөн бий гэсэн судалгаа гарчээ. Соргог бөхөнгийн эвэр зах зээлд өндөр үнэ хүрдэг учир хулгайн анчдын балгаар эрс цөөрсөн юм. Эврийг нь Дорно дахины анагаах ухаанд эмчилгээний зорилгоор ашигладаг аж. Эл бөхөн Америк, Орос, Турк, Казахстан, Узбекистаны зарим нутагт шилжин суурьшдаг аж.

ҮХЛИЙН ХӨНДИЙ “ӨВӨЛ”

2001 оны зудаар монгол бөхөн олноороо хорогдож 700 орчим болтлоо цөөрсөн. Үүний дараа 2014 онд 15 000-д хүрсэн удаатай. Гэвч 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудын улмаас олон мянгаараа хорогдож 2018 онд 3800 болж цөөрсөн гашуун түүхтэй. Энэ оны нэгдүгээр сард Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-гаас хийсэн судалгаагаар монгол бөхөнгийн тоо 5070 болжээ. Урин дулаан цагт бөхөнд заналхийлэх аюул их ч амьдрахад таатай, амар амгалан өдөр хоногуудын бэлэглэдэг. Хахир өвлийн хүйтэн тэдний олонхыг ертөнцөөс авч одох нь хяслантай. Бөхөнгийн шилбэ шандастай ч хүйтэнд тэсвэргүй, турьхан. Хөл нь бээрснээс болж хэвтэрт орж, цасанд дарагдаж үхэх нь элбэг ажээ.

ГОВИЙН ЗУРГААН ГАЙХАМШИГ

Монгол бөхөн сүүлийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг устаж үгүй болсон амьтантай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. Эрмэл гэдэг нь эрт дээр үеэс өдий хүртэл тэсэж үлдсэн, дүр төрх нь яг л тэр үеийнхээрээ байгаа амьтныг хэлдэг аж. Дээр дурдсан амьтад мөхөж алга болсон ч бөхөн эртний түүхийн гэрч болж, нутагтаа идээшилж явна. Монгол бөхөн нь хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтны нэг юм. Хөхтөн амьтад дундаас гарал үүслээрээ хамгийн балар эртнийхэд тооцогддог ажээ.

МӨСТЛӨГИЙН ҮЕИЙГ ДАВЖЭЭ

Үлэг гүрвэлүүдийн ихэнх нь Цэрдийн галавын сүүлчийн мөстлөгийн үед мөхсөн гэж судлаачид үздэг. Тэгвэл монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үеийг давж эсэн мэнд үлдсэн гэвэл та итгэх үү. Нэн ховор эл амьтан ойролцоогоор 12000-2.5 сая жилийн өмнө амьдарч байжээ. Хүн бүр үлэг гүрвэлийг гайхан, биширдэг боловч түүний давж чадаагүй давааг туулсан гайхамшигт бөхөнг мэдэж, хамгаалж чаддаггүй нь харамсалтай. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга бөхөнг хамгаалах талаар “Эл амьтны тархац нутагт өнгөрсөн зун зуншлага сайн байсан. Гэвч жил бүр зуншлага сайн байна гэж үгүй. Тиймээс бөхөн хамгаалах ажлыг эрчимжүүлж, анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай” гэв. Хууль бус агнуур, бэлчээрийн даац, малын хэт өсөлт нь бөхөнгийн тоо толгойд сөргөөр нөлөөлж буй учир монгол хүн бүр бөхөнгөө хамгаалах, түүнийг олонд таниулах нь чухал байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)